Яаж хүн муулдгаа зогсоох вэ?
Хэн нэгнийг муулснаар бид юу сурах вэ? Бидэнд ямар ашигтай вэ? гээд бодоод үзэхэд бидэнд ямар ч ашиггүй.
Муу хэлүүлж байгаа хүндээ ч гэсэн ашиггүй. Тиймээс хүн муу хэлдгээ зогсоох нь зүйтэй.
Бид бусдын амьдралыг сайн мэдэхгүй. Бусад хүн юу бодоод, юу зориод, ямар бэрхшээл дундуур явж байгааг ч бид мэдэхгүй. Бид юу сайн мэдэх вэ гэвэл бид өөрсдөө чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгээ сайн мэднэ. Тэгвэл тэр муу хэлээд байгаа хүн ч гэсэн мөн ялгаагүй чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.
Тиймээс яаж хүн муулдгаа зогсоох вэ гэвэл өнөөдөр өөрөөсөө доорх 2 асуултыг асуу:
- Хэрвээ тэр муу хэлж байгаа хүн таны дэргэд байсан бол та тэр хүний нүүрлүү харж байгаад муу хэлж чадах уу? Үгүй бол түүнийгээ зогсоо.
- Хэрвээ хэн нэгэн таныг тэгж муу хэлбэл танд ямар санагдах бэ? Муухай санагдах бол түүнийгээ зогсоо.
Хүн хэзээ цуу яриаг үзэн яддаг вэ гэвэл хэн нэгэн хүн өөрийнх нь тухай цуу яриа дэлгэсэн тэр л үед үзэн яддаг.
Бусдыг муу хэлнэ гэдэг нь хий хоосон ашиггүй ярианд хамаг сайхан энерги хүчээ зарцуулж, цагаа гарздаж байна гэсэн үг.
Зарим хүмүүс бусдыг муу хэлж байж өөртөө сэтгэл хангалуун болдог. Өөрөөр хэлбэл өөртөө сэтгэл хангалуун болох хамгийн хямд арга бол бусдыг муулах юм.
Санаж яв: Бусдыг муулснаар бусдыг биш өөрийгөө муухай харагдуулдаг.
Үг хүчтэй! Сэтгэл догдлон хэлсэн үг бүр их хүчтэй.
Бусдын тухай хэлсэн сөрөг үг хэллэг сөрөг зүйлийг идэвхжүүлж, хүрээлэн буй орчинд байгаа бүх хүнд сөргөөр нөлөөлдөг.
Өөрийн амнаас гарсан үг эргээд өөрийн чихэнд сонсогддог гэдэг үг ч бас байдаг. Тиймээс амнаасаа ямар үг гаргахаа хянах хэрэгтэй.
Сайхан үг сонсохыг хүсвэл зөвхөн сайхан үг хэл.
Хэрвээ та хэн нэгний тухай ярихаар төлөвлөж байгаа бол өөрөөсөө доорх 3 асуултыг асуу:
- Миний ярих гэж байгаа зүйл үнэн үү?
- Үүнийг ярих шаардлагатай юу? Энэ нь чухал уу?
- Энэ нь миний чин сэтгэлээс гарч байгаа үг мөн үү?
Хэрвээ дээрх 3 асуултанд “үгүй” гэж хариулсан бол түүнийгээ зогсоо.
Эцэст нь хэлэхэд бид бүгд амжилт өөдөө явж байгаа. Амжилт өөдөө явж байх үед хүн бүр л алдаа гаргадаг. Энэ гаргасан алдаагий нь шүүрч аваад л цааш нь далдуур муу хэлэх маш амархан. ҮҮНИЙГ ХҮН БҮР ЧАДНА!
Харин туслалцаа, дэмжлэг үзүүлж, урмын үгээ харамгүй хайрлаж, цаашид бууж өгөлгүй тууштай явахад нь хүч өгөх хүн маш ховор байдаг. Үүнийг зөвхөн ЗОРИГТОЙ ХҮН л хийж чаддаг.
Танд энэ зориг байна уу?
АМЖИЛТЫН ТАРНИ
БИ ХҮНИЙ ЗӨВХӨН САЙНЫГ ЯРЬДАГ!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр