Яаж нэг цагийг өөртөө өдөр болгон гаргах вэ? Гаргасан цагаа юунд зарцуулах вэ?
Би урьд нь дасгал хийх юмсан, бясалгал хийх юмсан, ийм ч юм, тийм ч юм хийх юмсан гэж их боддог байсан боловч огт хийдэггүй байсан. Яагаад гэвэл надад цаг зав байдаггүй байсан.
"Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хэзээ ч гарч ирэхгүй." –“Амжилтын тарни” ном 179-р хуудас
Тиймээс би өөртөө өдөр бүр 2 цагийг хүчээр гаргаж сурсан. Энэ хоёрхон цагийг гаргаснаар хийхийг хүссэн зүйлээ хийж, миний амьдрал их өөрчлөгдөж эхэлсэн.
Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр 2 цаг биш ГАНЦХАН цагийг өөртөө яаж гаргах вэ? Энэ ганц цагт юу хийх вэ? тухай хуваалцахыг хүслээ.
Энэ ганц цагийг дотор нь:
Сэтгэл санаагаа тэжээх 10 мин – Бясалгал хийх
Оюун ухаанаа тэжээх 20 мин – Ном унших
Бие махбодоо тэжээх 30 мин – Дасгал хийх
гэж 3 хэсэг болгон хуваана. Би энэ цагийг ихэвчлэн өглөө эрт гаргадаг. Яагаад гэвэл өглөө эрт гаргаснаар тэр өдөртөө эрч хүчтэй байж чаддаг.
Тиймээс та өглөө босдог цагаасаа нэг цагийн өмнө босч гаргаж болно эсвэл өдрийн турш хэсэгчлэн гаргаж болно. Жишээлбэл: өглөө 10 минут, өдөр 20 минут, орой 30 эсвэл өглөө 30 өдөр 10 орой 20 минут гэх мэт.
Сэтгэл санаагаа тэжээх 10 мин
Энэ бол өөртэйгээ холбогдох цаг. Үүнд: бясалгал хийх, амжилтын тарни урих зэрэг орно. Би түрүүчийн долоо хоногт “өөрийгөө хайрлах” бясалгал оруулсан байгаа түүнийг бас хэрэглэж болно. Хэрвээ та бясалгал хийдэг бол түүнийгээ үргэлжлүүлж мөн өөрийн зохиосон амжилтын тарнийг урьж болно.
Бясалгалыг та хаана ч хийж болно. Нэг өрөөндөө ороод хаалгаа хааж байгаад хийж болно? Эсвэл банны өрөөндөө ороод ч хийж болно.
Би анх бясалгал хийх цагийг ажлаа тарсны дараа гэртээ орохоосоо өмнө машиндаа, эсвэл өглөө ажилдаа орохоосоо өмнө машиндаа хийчихдэг байсан. Харин өглөө эрт босдог болсноор өглөө эрт хийдэг болсон.
Ном унших 20 мин
Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туслах, эрч хүч өгөх ном, нийтлэлийг өдөр болгон уншиж, видео бичлэгүүдийг үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл иймэрхүү ном, нийтлэлийг өдөр бүр уншснаар оюун ухаанаа амжилт өөдөө дасгалжуулж өөрийгөө цэнэглэх болно.
Надаас их олон хүн “Ука чиний бичлэгүүдийг үзэх үед эрч хүчийг олж авдаг ч гэсэн хэсэг хугацааны дараа яг бахь байдгаараа болчих юм. Энэ юуных вэ?” гэж асуудаг. Тэгэхээр үүний гол шалтгаан бол өдөр болгон эрч хүч оруулсан ном нийтлэл унших хэрэгтэй. Тэгээд үүнийгээ тууштай хийх хэрэгтэй. Ингэж байж л бид өдөр болгон эрч хүчээр цэнэглэгдэнэ. Хэрвээ үүнийгээ зогсоох л юм бол бид эрч хүчээ эргүүлэн алдах болно.
Дасгал хийх 30 мин
Энэ 30 минутанд ямар ч дасгал хийж болно. Өөрт тохирсон дасгалыг сонго. Гүйх, алхах, усанд сэлэх, дугуй унах, суниах, жин өргөх, бүжиглэх гэх мэт.
Сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодоо тэжээх нэг цагийг өдрийнхөө цагийн хуваарьт оруулаарай. Учир нь цагийн хуваарьтаа оруулж байж л бид түүнийгээ гүйцэтгэдэг.
Тэгэхээр энэ маягаар 1 цагийг өөртөө 30 хоногийн турш тасралтгүй гаргаад үз. 30 хоногийн дараа өөртөө дүгнэлт хийж өдрийн аль цагт хэдэн минут юунд зарцуулахад илүү үр дүнтэй болж байна вэ гэдгээ тооцож үзээрэй. Өөрөөр хэлбэл 10, 20, 30 минутаа өглөө нэг дор зарцуулах нь дээр байна уу? Эсвэл орой гаргах нь дээр байна уу? Эсвэл өдрийн турш 3 хэсэг болгон хэсэгчлэн гаргах нь дээр байна уу гэх зэргийг дүгнэж цэгнээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ