Яаж зөн совингоо хөгжүүлэх вэ?
Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө шийдвэр тэнь “зөв үү, буруу юу?” гэдгийг бататгахын тулд та хэн нэгнээс асуудаг уу?
Би бол заавал хэн нэгнээс ”Би ингэдэг юм уу гэж бодоод, чи юу гэж бодож байна вэ?” гэж асуудаг байсан. Миний гаргах гэж байгаа шийдвэр хичнээн ЗӨВ гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хамаагүй, түүнийгээ 100% бататгахын тулд заавал асуудаг байсан. Хэрвээ асууж буй хүн миний шийдвэрийг “зөв” гэж хэлбэл би шууд шийдвэрээ гаргана. Хэрвээ “буруу” гэж хэлбэл би өөр нэг хүнээс ”би ингэж бодоод, тэгсэн чинь тэр тэгж хэлээд, чи юу гэж бодож байна вэ? гэж асууна. Хэрвээ тэр хүн миний гаргах гэж байсан шийдвэрийг “буруу” гэх юм бол ”зөв” гэж дэмжих болов уу гэж бодсон өөр нэг хүнийг үргэлжлүүлэн хайна.
Яагаад гэвэл миний зөн совин зөв шийдвэр гэдгийг надад хэлчихсэн байдаг учраас л би түүнийгээ баталгаажуулах санаатай бусдаас асуудаг. Өөрөөр хэлбэл би зөн совиндоо 100% итгэхгүй байгаа учраас бусдаас хүч авч итгэлээ баталгаажуулах санаатай асуудаг гэж болно.
Тиймээс бусад надтай санал нэг биш бол заавал санал нэг байх хүнийг хайж олох гээд өөрийгөө зовооно. Баталгаа өгөх хүн олдоогүй тохиолдолд заримдаа эргэлзээ үүсч, зөн совингоо дагахгүй бусдын бодол санаагаар шийдвэрээ гаргачихдаг байсан. Харин сүүлд нь зөн совин маань зөв байсныг мэдээд “Би ямар тэнэг юм бэ? Өөрийнхөөрөө л байхгүй яав аа? гэж өөрийгөө зэмлэж, харамсана.
Нөгөө нэг тохиолдолд яадаг вэ гэвэл зөндөө хүнээс асууж асуучихаад өөрийнхөөрөө зогсох үе их гардаг байсан. Харин энэ үед “Ингэж өөрийнхөөрөө шийдвэр гаргах байсан юм бол юу гэж асуусан юм бэ” гэж хүмүүс бодвол яана аа гэж санаагаа зовооно. Хүмүүсийг ч гэсэн эвгүй байдалд оруулдаг.
Тиймээс энэ бүгдээс би юу сурсан бэ гэвэл; өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжиндээ итгэхгүй бусдаас баталгаа хайснаар би зөн совингоо муутгаж байдаг юм байна. Харин өөрийнхөө тэр мэдрэмжийг сонсож, түүндээ итгэж, түүн дээрээ тулгуурлаж үйлдэл хийх болгонд зөн совингоо улам хүчтэй болгож, хөгжүүлж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан.
Мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй, өөртөө эргэлзээ үүсгэхгүй бас цаг хугацаа алдахгүй давуу талтай.
Тиймээс би одоо шийдвэр гаргахдаа тэр болгон хүнээс асуухаа больсон. Би өөрөө юу зөв гэж бодож байна түүнийгээ л хийдэг болсон. Энэ нь ихэвчлэн зөв шийдвэр байдаг. Үнэхээр асуух шаардлагатай бол би дараах үйлдлийг хийдэг.
- Бодох цаг
- Бичих цаг
- Алхах цаг -ийг гаргадаг.
Ингэснээр бодол санаагаа цэгцэлж, гаргах гэж буй шийдвэр зөв эсвэл буруу гэдгийг өөрөө өөртөө бататгаж чаддаг. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө зөвлөгч болсон.
Зөн совин үргэлж зөв замруу чиглүүлж өгдөг.
Тэгэхээр та ч гэсэн бусадтай зөвлөлдөхийн оронд өөрийнхөө анх төрсөн зөн билгээр яваад үзээрэй. Өөрийгөө сайн сонсоод, таны мэдрэмж танд юу гэж хэлж байна вэ? Түүнийгээ дагааад, үйлдэл хийгээд үзээрэй. Тэгээд ямар байсан тухайгаа эргэж орж ирээд бидэнтэй хуваалцвал би их баярлах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: Зөн совингоо яаж сонсож сурах вэ? Зөн совингоо яаж таньж мэдэх вэ? тухай мэдэхийг хүсвэл “Амжилтын тарни” номноос олж уншаарай.