Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?
Танд шинэ оны мэнд хүргэе!
Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?
Би өнөөдөр шинэ жилийн зорилт яагаад талаар болдог тухай бичих хүсэлтэй байна.
Ричард Уайзмэний судалгаагаар шинэ жилийн зорилт гаргасан нийт хүмүүсийн 88% нь зорилтоо биелүүлж чаддаггүй гэжээ. Яагаад?
Яагаад вэ гэдгийг би энд маш энгийнээр тайлбарлахыг хичээв.
Гаргасан зорилтоо биелүүлэхийн тулд эхлээд зорьсондоо хүрдэг тодорхой дадалтай болох хэрэгтэй. Амжилт олохын тулд түүнд хүрэх дадал эзэмшсэн байх ёстой.
За энэ юу гэсэн үг вэ гэвэл: Булчингаа хөгжүүлэхийн тулд туухай өргөж эхлэх зорилт тавьжээ гэж бодьё. Хүнд туухайг шууд өргөвөл даахгүй алдана. Яг үүнчлэн өөрийгөө их ажлаар гэнэт дарвал давж гарахад хэцүү. Хүнд туухайг өргөж сурахын тулд хөнгөнөөс нь эхлэх ёстой. Тэгээд аажим аажмаар хүндрүүлбэл булчин хөгжиж, хамгийн хүнд туухайг ч өргөж чаддаг болно. Зорьсондоо хүрэхэд ч ийнхүү бага багаар ахин ахисаар эцэст хүссэн "туухайгаа өргөж даадаг" болно гэсэн үг.
Жин хасах зорилт тавилаа гэж бодьё. Ихэнх хүмүүс гэв гэнэт учиргүй хоолоо хасаад л, учиргуй янз бүрийн дасгал хийж эхлээд л, янз бүрийн хүч оруулах амин дэм худалдан авч хэрэглэн, тун эрчимтэй эхэлдэг боловч нэг л мэдэхэд аль хэдийнээ буугаад өгчихсөн, яг урьд өмнөх байдалдаа эргэн орчихсон байдаг. Хэрвээ тухайн хүн анхнаасаа л биеийн тамираар хичээллэх дадалгүй бол 7 хоногийн 7 өдөр эсвэл 7 хоногийн 5 өдөр хичээллэж, жин хасна гэж бодож байлаа ч гэсэн ихэвчлэн замын дундаас буцдаг. Яагаад гэвэл тухайн хүний бие тэр шинэ үйлдлийг хүлээн авч, дасан зохицтолоо нэлээд ажил болдог ба гэнэтийн их ачаа дарамтанд түүртэж, шантарч, явцын дунд, хийхэд амархан юм уу, өмнө нь эзэмшчихсэн, аль хэдийнээ дадал болчихсон юмандаа татагдан дийлдэж, дадал болж амжаагүй байгаа шинэ үйлдэл болох биеийн тамир, спортоо орхидог байна.
Тиймээс юуны түрүүнд зорилгоо биелүүлэх дадлыг үүсгэх хэрэгтэй. Үүний тулд гэнэт том өөрчлөлт хийх хэргэггүй. Forbes.com дээр гарсан нийтлэлийн дагуу “Сүүлийн 10 жилд мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар шинэ дадал үүсгэхийн тулд хуучин зуршлаа шууд орхиж болохгүй. Харин түүний оронд муу зуршлаа сайн дадлаар бага багаар орлуулах хэрэгтэй” гэжээ.
Жишээ нь: Тамхинаас гарах зорилт тавиад шууд тамхи татахаа зогсоосон тохиолдолд эргээд тамхи татах магадлал их байдаг. Хэрвээ та тамхинаас гарахыг урьд нь оролдож байсан бол энэ талаар сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр өдөрт 5 тамхи татдаг байсан бол 4 тамхи болгох. Яаж вэ гэвэл өглөө босонгуутаа татдаг нэг тамхийг зогсоож оронд нь зөгийн балтай усаар орлуулах жишээтэй. Тэгээд энэ нь дадал болсон тохиолдолд дараагийн нэг тамхийг хасаж оронд нь бохь зажлах ч юм уу өөр юмаар орлуулах зэргээр цааш үргэлжлүүлсээр, эцэст зорьсондоо хүрч чадна.
Хоолны дэглэм барих зорилт гаргасан бол шууд идэх хоолоо огцом өөрчлөхийн оронд өглөө иддэг байсан 3 зүсэм талхныхаа 1-2 зүсмийг нэг алимаар орлуулах. Цагаан будааг бор будаагаар орлуулах зэрэг жижиг өөрчлөлт оруулах.
Сэтгэл санаагаа сайхан байлгах зорилт тавьсан бол өглөө болгон сэрээд, орноосоо босохоосоо өмнө 2-3 минут талархалаа илэрхийлэх. Эсвэл өдрөө сайхан болж өнгөрч байгааг 2-3хан мин төсөөлж, мэдрэх зэрэг жижиг өөрчлөлт оруулах жишээтэй.
Хэрэв бид хэд хэдэн удаа зорилт гаргаад түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд бид өөртөө итгэлгүй болж, дахиад зорилт тавихаасаа эргэлзэж, би чадах болов уу? Дахиад талаар болбол яанаа? ямар хүмүүс зорилтоо биелүүлдэг юм бол оо? би ер нь зорилтоо биелүүлэхдээ их муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Ийм дүгнэлтэнд хүрснээр сэтгэл санаагаар унадаг. Сэтгэл санаагаар унасан тохиолдолд онцгүй мэдрэмж төрдөг. Онцгүй мэдрэмжнээс мэдээж онцгүй бодол үүснэ, онцгүй бодлоос онцгүй үйлдэл гарна. Тийм ч учраас бидний амьдрал санасан хэмжээнд хүрч чаддаггүй байх жишээтэй. Тиймээс энэ бүгдээс өөрийгөө сэргийлэхийн тулд
Нэгдүгээрт: Өөрийнхөө нийт гаргасан зорилтуудаас зөвхөн хэрэгтэй гэж үзэх 1-2 зорилтыг сонгож аваад бусдыг нь орхи. Бүгдээрэнгий нь биелүүлж чадахгүй байснаас ганц хоёрыг нь хийсэн нь дээр биз дээ, тийм ээ?
Үүний тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуухыг санал болгож байна.
- Эдгээр зорилтуудаас аль нь миний сэтгэл санаанд тустай вэ? Альныг нь хийвэл миний сэтгэл хөдөлж, би илүү их баяр баясгалантай байх вэ? Түүнийгээ сонго.
- Эдгээр зорилтуудаас аль нь миний санхүүд тустай вэ? Алийг нь биелүүлбэл миний санхүүгийн байдал сайжрахаар байна? Эсвэл сайжрахад нөлөөлөхөөр байна? Түүнийгээ сонго.
Хоёрдугаарт: Сонгосон 2 зорилтуудын дагуу хийж эхлэх ажлуудаа ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТДАНД оруул. Тэгэхгүй бол бөөн хоосон амлалтууд, юунаас эхлэхээ мэдэхгүй байсаар байтал нэг л мэдэхэд шинэ жилийн зорилтууд маань талаар болж өнгөрдөг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
ХҮС. ХИЙ. ХҮР.