ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ (2009 он)
15 жил, 5 сар өмнө

Яруу сэтгэгч” нийгэмлэгийн хамт олны санаачилгаар 2 жилийн турш ЕБС-ын 5000 орчим сурагчидаас ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгийг нь цуглуулж, 1000 захидалыг онцлон түүвэрлэж “Ээждээ бичсэн 1000 захидал” номыг эрхлэн гаргаж байгаа билээ. Номоор дамжуулан хойч үеийнхэнд гэр бүлийн талаарх ойлголтыг өгөх, гэр бүлийн асуудлыг ухааруулан ойлгуулж, ээждээ хэлэхийг хүсдэг зүрх сэтгэлийн үгээ хүргэх, эх үрийн хүйн холбоог бэхжүүлэх, хүний амьдрал гэр бүлдээ эхэлж гэр бүлдээ төгсдөг учраас гэр бүлийн ариун нандин хэлхээг бэхжүүлэх,1000 хүний зүрх сэтгэл нэгэн цэгт огтлолцож нэгэн бүтээлийг босгож чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн ном юм.

Уг номын мялаалга үг болон жаргаах үгийг Яруу найрагч Цоодолын Хулан, Арлааны Эрдэнэ-Очир нар бичсэн бөгөөд хүүхдүүдийн зүрх сэтгэлийн үгэнд уяран хайлж, хүүхдүүдийн үгийн үнэнд, утгын ярууд нь бишрэн байсан билээ.

Хүүхдүүдийн захиаг уншиж, түүвэрлэн байхад захидал бүрийн өнгө аяс утга санаа гайхалтай тодорч баяр, гуниг, ухаарал, эмзэглэл, харуусал, гашуудал, талархал, оройтсон ухаарал, үгүйлсэн сэтгэл түмэн янзын өнгө сүлэлдэн сэтгэл хөдөлгөж зарим үед магнай тэнийлгэж зарим үед нулимс дусааж байсныг нуух юун. Хүүхдийн хамгийн үнэн, цэвэр оюун ухаан, гэгээн сэтгэлээс хамгийн үнэн үгс, хамгийн сэтгэл шингэсэн үгс урсан гарах ажээ. Бид анх захидал цуглуулж байхдаа тийм захидалууд цуглана чинээ санаагүй бөгөөд, хамгийн гол нь уг захидалуудыг уралдаан хэлбэрээр бичүүлээгүй учир, хүүхдүүдэд захидалаа гоёж чимэлгүйгээр яг тухайн агшинд төрсөн сэтгэл байсан үгсээ буулгасанаараа онцлог байлаа. Захидалуудыг цуглуулахдаа Нийслэлийн боловсролын газраас зөвшөөрөл авч хичээлийн 1 цаг (40 минут) –ийг ашиглан бичүүлсэн учир сурагчдидад хүн чанарын хичээл, сэтгэлийн боловсролын давтлага орсон гэж боддог юм. Захиа бичээд түрүүлж шагнал авах эсэх нь ч чухал биш, зөвхөн тэр захиа бичиж байгаа тэр агшин нь хүүхдүүдэд бодролыг төрүүлж, ухаарлыг өгч байсан. Шагнал авах гэж бичээгүй учраас, зүрх сэтгэлээс урсан гарсан үнэн үгс байлаа.

“Ээждээ бичсэн 1000 захидал” ном нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн бөгөөд эх үрийн ариун нандин холбоо, гэр бүлийн харилцааны түмэн өнгө төрхийг илэрхийлэн харуулсан бүтээл болсон. Эв нэгдэлтэй гэр бүлийн тухай, ирээдүйд хүүхдүүдийг хань ижлээ зөв сонгох, бодит амьдралын сургамжтай зүйлүүдийг хойч үедээ үлдээх, бид хамтарч нэгэн зүйлийг бүтээж чадаж байна гэдгийг нотлон харуулах, олон мянган охидуудыг алдаахаас нь өмнөх ухаарал бэлэглэнэ гэдэгт итгэж байна.

Хүн чанарын шалгалтанд тэнцэж чадсан 1000 хүүхэд маань ирээдүйд Монголын оюун санааны язгууртанууд хүчирхэг бие хүн болон төлөвших нь гарцаагүй ээ.

Үеийн үед Монгол үндэстэнийг Монголоор нь үлдээсэн Монгол эхчүүдийн өмнө сөгдөн мөргөмү.

Төслийн талаар ярилцлага, P3 радиод

Ээждээ захидал бичээрэй by Yaru on Mixcloud

Нээлтийн үйл ажиллагааны зургийн цомог үзэх