"Ээждээ бичсэн 1000 захидал" номыг эрхлэн хэвлүүлсэн билээ
12 жил, 7 сар өмнө

Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ...” гэсэн мөрүүд байдаг юм.

Ээж ... Чиний дэргэд бөртөлзөн, дээрээс тонгойж бүүвэйлсэн тэр ачтан бол Ээж... Эгэл, хаа ч байдаг, хэнд ч байдаг Ээж... Тэгсэн хэрнээ дэлхийн хувь заяаг ээж нар шийддэг юм. Үүнийг л яруу найрагч хэлжээ.
“Ээждээ бичсэн 1000 захидал” ном бол манай дэг замбараагүй ч гэмээр болсон нийгэмд оюун сэтгэхүйн үрийг тарьж яваа “Яруу сэтгэгч“ сониныхны бүтээл юм. Сониноос хүүхэд, залуус төдийгүй энэ л үедээ хүн болж, хүмүүжиж чадаагүй том хүн болж чадаагүй хүн өөрийгөө тольдон харж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Ийм хэрэгтэй, цаг үеэ, ирээдүйгээ гэгээрүүлсэн сониныг бүтээгчид нэгэн зүйлийг гярхай олж харжээ. Энэ нь, хүн бүр Ээждээ чин сэтгэлийн үгээ хэлэх... Хэлж сурах, хэлэх боломжийг нь олгох. Хүүхэд бүр зөв хүн болох үүд хаалга бол ээждээ худал хэлсэндээ гэмшиж, ил тод үнэнээ ярьж, ээждээ хайртайгаа цагт нь хэлж амжих! Яг зүйтэй!
Эх орны маань ЕБС-ийн олон анги танхимд энэ ном бүтсэн. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт уяралт аялгууг чагнан, үзгээ мэрж, нулимсаа тусааж, бодол болон тонгойж, ерөөс маш хичээн тунгаан буулгасан мянга мянган хүүхдийн зүрхний үг энэ ном юм. Мянган хүүхэд бичиж мянга мянган ээжийн магнай тэнийн унших тийм нэг ном гараас гарчээ. Энэ чинь бага юм гэж үү?
Энэхүү ном, эх үр хоёрын ариун холбоогоор бүтсэн учир, уншигч та бүхнийгээ олон зүйлийг олж тунгааж, эх үр хоёрын мөнхийн хайрын ертөнцөөр аялж, амьдралын ухаарал, эх хүмүүний хайрын далайгаар аялахыг хүснэм.
Мянган үрсийн зүрхний үг таны өмнө дурайтал гэрэлтэж байна. Ижийдээ барих тэдний хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Зүрхнээс зүрхэнд очих аз жаргалын шувуу ниссээр л... Үг амьтай, үг гэгээтэй, үг тарнийн гэрэлт увьдастай. Тийм учраас энэхүү чин сэтгэлийн үгс хайрын халуун амь оршсон, гэгээ гэрэл хургасан яруусалтай билээ. Ээж... Энэхүү ганцхан үг хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон тодрон мишээдэг юм. Энэ орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг юм.
Хүүхэд бүрийн зүрхэнд л ээжийнхээ ачийг хариулахын хүсэл ундарч буй.
Энэ ямар агуу, гэгээн хүсэл вэ?
Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон гэдэгт би итгэлтэй байна.
Ижийдээ үнсүүлэх юутай сайхан бэ?
Энэ бол үнэхээр сайхан. Ижийдээ үнсүүлэхийн өмнө догдлох бүр сайхан юм аа.
Эгэл даруухан ижийнхээ өлмийд ямар ч агуу хүн сөхөрдөг. Ижийдээ сүслэн мөргөе!

999 + 1 = 1000 дахь захидалыг та өөрийн сэтгэлээс бүтээж
Ижийнхээ сэтгэлийг 1000 үрсийн зүрхний шүүдрээр ундаалаарай.
___________________________________________
Миний бие энэхүү номыг санаачилж 2 жилийн турш 5000 гаруй захидалыг өөрийн биеэр цуглуулж номын нөхдийн хамт ариутган шүүж, эрхлэн хэвлүүлсэн билээ.

Ариутган шүүсэн Ж.Лувсандорж, Амгай үг болон жаргаах үг бичсэн Ц.Хулан эгч, А.Эрдэнэ-Очир ах, захидал бичсэн 1000 хүүхэд болон хамтран бүтээсэн "Монгол травел сервес" компаний хамт олонд баярлалаа.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ "ХҮН" БОЛОХ БОЛТУГАЙ