Эцсийн “үнэгүй” хүн
Би,-
Эцсийн,
“Үнэгүй” хүн!
Элэг хөшим инээдэмтэй
Эцсийн ганц,
Бүхнээ зүгээр “алдагч”!
Алдах, хохирохын хохь
Хоолойд тугалга мэт бөглөрдөг ч
Хонсимбодисадын тунгалаг нулимс
хайлуулж
Цээжний минь хөндүүрийг
Хумхи мэт хөнгөлж,
Орчлонгийн оргилоор
Нар мэт хөөргөдөг!...
Өглөг намайг
Үргэлж нүцгэлдэг!...
Нүцгэрэх минь
Ичгүүр нимгэлж
Сэтгэлийн минь тортогыг
Загасны хайрс мэт зулгалдаг!...
Аргадангуй хорвоогийн
Алаг жамын тэнцэтгэл,-
Авлага, Өглөгийн зөрүүнээс
Үнэн үндэсээ нэмдэг!...
Би,-
Бүтэн нойртой шөнө ганц ч үгүй
амьдралаараа,
Хөлдүү голын ёроолд ч
Халуунаараа … хуурайгаараа улалзах
хайраараа,
Зуурдын амьсгаа холбоотой амьтан
бүгдэд
Зул, тахил өргөөд,
Хүнийг хайрлахуйн эмгэнэл лүгээ нэг,
Хүч, сэтгэлээ газарт шороодохуйн ялагдал
лугаа хоёр
Үл ойлгогдохуйн шарх лугаа гурав,
Үзэн ядагдахуйн баатарлаг лугаа дөрөв,
Эмзэг сэтгэлийн тосгуур руу
Элэг доогоор нулимагдахуйн гуниг лугаа тав,-
Нулимаст дурьдатгал л тэврэн үлддэг!...
Би,-
Цэг!
Битүү хар хананд
Шигүү үсгээр шавсан
Зайгүй хар өгүүлбэрийн эцэст
Занантайгаар,
Үргэлжлэл дуусган “цовдолсон”
Цав цагаан цэг!
Надаас хойш,
энэ Цэгээс цааш
Нарт ертөнцийн энгээр
Хахь өөр өгүүлбэр
Сохор номин ч уншихаар
гэрэлтэн,
Цоо шинээр дурайна!...
Би,-
Эцсийн,
“Амьд” үлэг гүрвэл!
Эргэх цагийн гольдрол
Намайг яаж хэрчлээ ч
Эргэндээ хэзээ ч “чацуулахгүй”!
Алиа салбадай - өнөө цагийн
Янхан үнэний “үер”-ийг би
Аав, ээжийнхээ “бэлэг” –
Ариун биедээ байтугай
хүүрэндээ ч хавьтуулахгүй!...
Би,-
Хүн төрөлхтөний
Эцсийн хүн!
Би,-
Хүслэнт цагийн
Эхний “хүүр”!...
1997.12.11 Хүн чулууны хонхор
1998.08.12 Мэдээллийн төв
1998.12.22 Мэдээллийн төв
2006.10.2-3 Алтан тэвшийн хөндий