ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, МЭРГЭЖИЛ, “МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЛ”…
Хүний амьдралд өөр хоорондоо адил, нэгдмэл, инвариант шинж чанарууд ч байдаг, өөр өөр, тус тусдаа, бие биеэсээ ялгарах эрс зөрүүтэй шинж чанарууд ч байдаг. Хэн нэгний амьдралыг өөр нэгний амьдралтай адилсгах, эсвэл ондоосгох суурь ялгаа нь тухайн хүнийг нийгэмдээ, ард түмэнд дурсагдах, эсвэл мартагдах хоёр замын аль нэг рүү өөрийн эрхгүй хөтөлдөг хэнд ч эс захирагдагч, хэний ч хүсэл тааллыг үл дагагч, тэр бүү хэл, магадгүй, байгалийн бодит жамаас ангид оршигч нэгэн хүчирхэг сурвалжаас шалтгаалдаг.
Дурсагдах, үл мартагдахын “үүдэн дарлага” бологч юм нь мөн чанарынхаа төсөөгөөр хүний амьдралд юу байдаг вэ? гэвэл тухайн бодьгалийн эх оронч үзэл, мэргэжил, “мэргэжлийн тэмцэл” байдаг гэж би бодож сууна. Хараад байхад, эх оронч үзэл, мэргэжил, “мэргэжлийн тэмцэл” л эцсийн бөлөгт хүний амьдралын үнэ цэн, үр дүнг тодорхойлогч гол хүчин зүйл болдог шиг санагдана. Үйл ажиллагааны нь үр тус, үзэл бодлын нь хүч, нөлөө ард олны сэтгэлд, ой тойнд эс мартагдаж, шинэ үе, шинэ ахуйтай үргэлж цуг урагшилж байгаа хүний амьдрал ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо түүхийн энх жаргалант хийгээд эмгэнэл зовлогт аль ч цаг үед амьдрахуйн үлгэр дууриал болж байх хувийг олдог. Ийм хувийг нийгмийн сэтгэхүйд хүний гавъяа буюу алдар гэж нэрийддэг бөгөөд энэ нь зөвхөн шудрага, хүнлэг, ариун дээд үйлийг зорилгоо болгосон үзэл бодол, бүтээлч үйл ажиллагаагаар л хэрэгждэг хуультай.
Хүний амьдрал, үзэл бодол хоёр эхийн хэвлийд нэгэнт бүрэлдсэн үр, эхийн махбод хоёр шиг шууд шүтэлцээтэй, нийлмэл цул эд эсэд нэгдэж, өсөлт, хөгжилтийн үл тасалдагч амьд тогтолцоог бүтээж байж сая “Дуурсагдахуй”-н их таяг тойргоор зорчдог ажээ.
Хүний амьдрал хийгээд туулсан замын бэрхшээл, зөрчил, эцэст “тугаа хатгасан” оюуны өндөрлөг, мөн, үйл ажиллагааны нь үр дүнгийн учир шалтгааны тухай ийм бодол, эргэцүүлэл Монголын төр засаг, нийгмийн түүхт зүтгэлтэн Д.Содномын “Амьдрал, Бодол” номыг уншиж суухад өөрийн эрхгүй төрнөм.
Д.Содномын, Аргалын уулан дахь тоонотоосоо амьдрал-“уул” өөд мацсан эрдэм ном, шаргуу хөдөлмөрийн харгуйг гэргий Вера Степановна нь дүгнэхдээ, “…Манай Содном тун залуугаасаа Монголын төрийн өндөр албан тушаалын ажилд томилогдож… улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил ажиллахдаа бүх хүч, мэдлэгээ зориулж, үнэнч хөдөлмөрлөсөн. Содном албан тушаал, эрх мэдэл хөөцөлдөх хүмүүжилгүй хүн. 1990 онд бүх албан тушаалаасаа огцрох шийдэлд хүрч, төр засгийн жолоог шинэ хүчинд тайван замаар шилжүүлсэн нь хүмүүжлийн нь нэг илрэл байх… Аливаа асуудлыг шийдвэр гаргахын өмнө үндэслэл, тооцоог нь гаргах, шалгахад өөрийгөө их дайчилдаг, тэр чанараараа бусдад өндөр шаардлагатай ханддаг байсан нь хамтран зүтгэгч нарт нь тус болж байсан бөгөөд хүнд муу санаагаар ханддаггүй гэж олон жил хамт ажтлласан нөхөд нь ярьдаг юм. Үнэн бөгөөд таатай, бахархмаар байдаг. Одоо ч гэсэн улс орныхоо эрх ашгийн асуудал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн олж байгаад баярлаж, алдаж байгаа зүйлд санаа нь зовж, хэвлэл сэдээллийн хэрэгслээр санаа бодлоо бичиж, ярьж, залуучуудтай нөхөрлөж тус болохыг хичээж, зүгээр суудаггүй юм. Энэ зан төрх нь өөрчлөгдөхгүй” /Содном Вера Степановна “Саран ээж” нийгэмлэгийн сэтгүүлд өгсөн ярилцлага.2002 оны 11 сар/ хэмээжээ.
Энд дурьдаж буй “өөрчлөгдөхгүй зан төрх”-өөс үүдээд Д.Содномын “санааг зовоож” буй Монголын нийгмийн үйл явц дахь “алдаж буй зүйл” миний анхаарлыг ч “Амьдрал, Бодол” номын уншигчийн хувьд бас татаж байна. Яагаад гэвэл, нийгмийн харилцааны гүнд /эсвэл, бодот хөрсөн дээр ч гэж хэлж болох юм./ амьдарч буй ард олны ихэнхийн санаа сэтгэлийг ихээр зовоогч, өдөр тутам хөндүүрлэгч гол “эмгэг”-ийн үндэс, шалтгаан нь чухамхүү, улс орны эдийн засаг-нийгмийн ахуйд “үүлшигч” алдаа, дутагдлуудтай холбоотой юм.
“Амьдрал, Бодол” номын зориогчийн санаа бодол юунд зовж явсныг хийгээд зовж явдгийг номоос нь төвөггүй тунгааж болно.
Хүний санаа бодлыг баярлуулдаг, эсвэл зовоодог нийгмийн асуудлаар л хүний үзэл бодол тодорхойлогдох тул “Амьдрал, Бодол” ноиын зохиогчийн үзэл бодлын үүднээс түүний санааг зовоодог, иймээс ч зөв, ухаалаг, шийд олоход хүчин зүтгэсээр буй олон тулгамдсан асуудал Монголын эдийн засаг-нийгэмийн амьдралд байсан, байгааг Д.Содном номондоо тодорхой тайлбарлан оруулсан бөгөөд тэдгээр өргөн цар хүрээтэй асуудлуудыг би өмнөтгөл бичигчийн хувьд хураангуйлж, макро түвшинд бүлэглэхийг оролдъё.
-Үндэсний нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг урт хугацаагаар хангах шинжлэх ухааны үзэл баримтлалыг төрийн “хар хайрцаг”-ны бодлогын хэмжээнд боловсруулах, энэ чиглэлээр “Үндсэн хууль”-д тусгах шинэ санаа заалт нэмж оруулах.
-Зах зээлийн эдийн засгийг Монголын түүхэн нөхцөлд зөвөөр удирдан зохион байгуулахад төрийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн харилцаанд хийгээд сэтгэл зүйд ардчилал, шудрага ёс, ариун эрмэлзлэлт, эх оронч үйл ажиллагааг хуульчлан хэвшүүлэх.
-Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа жижиг, дунд аж үйлдвэрийг түлхүү хурдацтай хөгжүүлэх,гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн татах.
-Банк-санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай болгох бодлогын шинэчлэл хийх, гадаадын зээл, хөрөнгө оруулалтаас Монголын эдийн засагт “шимэгдэх” ашиг орлогыг эрс нэмэгдүүлэх идэвхитэй тогтолцоог бүрдүүдэх, татварын шатлалыг аж ахуйн газруудын үйл ажиллагааны бодот чадвартай зохицуулан боловсронгуй болгох, үндэсний мөнгөний ханшийг өндөрсгөх “хөшүүрэг”- бодлогыг хэрэгжүүлэх
-Хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх, тэднийг эрүүл чийрэг бие бялдартай, оюун сэтгэхүйтэй, төгс төгөлдөрт ойртсон соёл боловсролтой, эх орноо юунаас ч илүү хайрлагч үзэл санаатай иргэд болгон хүмүүжүүлэх, эх орондоо орчин үеийн мэдлэг, мэдээллийн хөгжингүй нийгмийн бүтээн байгуулагчид болгох.
Дээрхи асуудлууд, үнэхээр, монголд элэгтэй, “монголоор хардаг” нүдтэй хэний ч өр зүрхийг өвтгөх /Д.Содном:Монголынхоо ард иргэдийг эв нэгдэлтэй, идэвхитэй байлгах, төрөө тогтвортой ажиллуулах, байгаль орчиноо ариунаар нь хадгалахын төлөө сэтгэл өвдөж явдаг хүн/ хөндүүр асуудал, нөгөө талаас амьдралд хэрэв зөв, сайнаар хэрэгжүүлж чадваас баярын нулимс унагахаар өөдрөг, гэгээн, гүн гүнзгий асуудал гэдэг нь нийгмийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэжилтэй, дээр нь нэмээд хэлэхэд эх оронч үзэл ухамсариай хэнд ч ил.
Эх оронч үзэл, ухамсар бол хүний эзэмших ёстой эхний, суурь бөгөөд үндсэн мэргэжил, харин их, дээд сургуулиудад багшаар заалгаж хичээлээр эзэмшдэг мэргэжил бол туслах чанарын, хоёрдугаар зэрэглэлийн, латераль буюу зэрэгцээ ач холбогдол бүхий арга зэвсэгийн байр суурьт мэргэжил юм.
“Олноо үзэгдэхүй”-н ойлголт, онолоор хүмүүсийн амьдрал үйлд хандваас, эх орондоо үнэнхүү тусыг бүтээсэн, иргэнийхээ үүргийг жинхэнэ ёсоор биелүүлж чадсан түүхэн гавъяат хүмүүс дандаа дээрхи хоёр мэргэжлийг төгс эзэмшиж, чадмагаар хослуулж ажилласан онцлогтой хүмүүс л байдаг. Сэтгэлгээний болоод хөдөлмөрийн өндөр үр дүнд хүрсэн хүмүүсийн амжилтын “үл үзэгдэгч” үндэс нь хүний хамгийн түрүүнд заавал эзэмшвэл зохих суурь мэргэжил –эх оронч сэтгэл, ухамсрыг төгс эзэмших мэргэжлээ бүрэн гүйцэд дүүргэсэн “үндсэн мэргэжил”-ийн нь увьдасанд оршдог одоогоор хараахан томъёологдоогүй, танин мэдэгдээгүй нэг “жижигхэн” нууц жам байдаг ч байхаа магадгүй. Юутай ч, амьдралаас харахад дурьдсан хоёр мэргэжлийн нэгдүгээр нь сох байхгүй байх тохиолд ч юм уу, эсвэл, ямар нэг хэмжээгээр дутагдах тохиолд хоёрдугаарх нь ямагт доголон, харалган үлддэг нь илт ажиглагддаг.
Хүний оюуны болоод биеийн хүчний чадвар гагцхүү суурь мэргэжил /нэгдүгээр/, латераль мэргэжил/хоёрдугаар/ хоёр хосолж, тухайн үйл ажиллагааны координатад огтлолцож, татах цэгт нь давтагдаж, бие биедээ хүчтэй нөлөөлж, үр өгөөжөө хамсуулж буй цаг хугацаанд л сая амьдралд бүрэн юүлэгдэж, үнэмлэхүй үр дүнтэй ашиглагддаг.Зөвхөн энэ нэгдэлд хүрч чадсан алив мэргэжлийн хүн л өөрийн “эзэмшлийн салбар”-т бусдын хараагүйг харж бодоогүйг бодож, нөгөө “доголон, харалган” коллегууд нь огт мэдрээгүйг мэдэрч, цаг үеийнхээ нийгэм түүхийн тулгамдсан асуудал болгон тавьж чаддаг.
“Тулгамдсан асуудал” Монголын эдийн засагт их байдаг ч тун цөөхөн мэргэжилтнүүд, тухайлбал,”эх оронч үзлийн мэргэжил” “эдийн засгийн мэргэжил” хоёрыг давхраар нь үйл ажиллагааныхаа гол “багаж зэвсэг” болгож чадсан эдийн засагчид л тэр асуудлуудыг олж харж, илрүүлэн гаргаж ирдэг. Тэдний нэг нь, ард түмний мэдэхээр, -Д.Содном.
Д.Содномын үзэл бодол, мэргэжлийн чадвар жилээс жилд өсөотийн эрчимтэй динамикаар хөгжиж, “мэргэжлийн тэмцэл” гэж нэрлэж болохуйц үйл ажиллагааны түвшинд идэвхижсэн нь Монголын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөтэй хэд хэдэн үйл явдалд оролцож байсан үйл ажиллагаанаас нь тодорхой харагдана. Жишээ нь, тэрбээр Сонгол-Зөвлөлтийн /хуучин нэрээр/ хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр дээр бусад олон эдийн засагчдын олж хараагүй ямар “гоохой”-г олж харан Монголын эдийн засагт ашигтай үйлдвэр байгуулахаар /хэдийгээр “Эрдэнэт” хамтын үйлдвэр байгуулах гэрээний нөхцөлийг тохироход амаргүй, нилээд хүчирхэг “хориглолт”-ыг даван туулах шаардлагатай нь урьдаас мэдэгдэж байсан ч/ эхнээс нь тууштай хөөцөлдөж вэ?
“Амьдрал, Бодол”-оос ойлгоход энд хэд хэдэн ээдрээтэй, чухал асуудал байжээ. Үүнд: “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын төсөвт байгалийн баялгийг ашигласны төлбөр төлөх,үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын болон экспортын үнийн харьцааг буюу шилжих рубль, төгрөгийн ханшийг гажуудалгүй тогтоох, Монгол улсын төсвөөс “Эрдэнэт” үйлдвэрт татаас өгөхгүйгээр үйлдвэрийг ашигтай ажиллуулах, Үйлдвэр ашгаараа хөрөнгө оруулалтынхаа зардлыг бүрэн нөхөж ЗХУ-ын талд тодорхой хэмжээний нэмэгдэл ашиг өгсний дараа Монголын үндэсний үйлдвэр болж шилжих зэрэг хоёр орны тухайн түүхэн харилцааны нөхцөлд зөвшөөрөхөд хүндрэлтэй, ерөнхийдөө, горьдлого муутай, товчоор хэлэхэд, асуудал сэдэгчээс иргэний зүрх зориг, мэргэжлийн өндөр мэдлэг шаардах ноцтой асуудлууд байжээ.
“Эрдэнэт”-ийг байгуулах гэрээ, хэлэлцээрийн нөхцөлөөр тэр үеийн Улсын Төлөвлөгөөний Комиссын даргын алба хашиж байсан Д.Содномын баримталсан байр суурь нь тухайн асуудлаар жаахан сиймгэр мэдлэгтэй, ул товтой ойлголт ч үгүй, мэдээлэл ч үгүй нэг том албан тушаалтан өөрийн эрх засгаар түрэн Монголын эдийн засагт хохиролтойгоор байгуулсан гэрээг эсэргүүцсэн “мэргэжлийн эсэргүүцэл” байв.
Д.Содном дурсамжиндаа, “Бидний хэдэн эдийн засагчид улсынхаа ашиг сонирхолыг хамгаалах, хоёр улсын /БНМАУ, ЗХУ/ эдийн засгийн харилцаанд илэрхий шударга бус, залруулбал зохих зүйл байгааг, хамтын ажиллагааны түүхэнд хар толбо үлдээж болох асуудлыг мэдсээр байж хэлж ярихгүй байж чадаагүй юм.Нилээд олон жил үргэлжилсэн яриа, хэлэлцээрийн үр дүнд бидний хэлж, ярьж байсан саналууд нааштай шийдэгдэж билээ. Тухайлбал, зэсийн баяжмалын дотоод гадаад үнийн зөрүүгээр Монгол улсын төсвөөс эрдэнэт үйлдвэрт татаас өгч, хамтарсан үйлдвэрийн ашиг дээр нэмээд хоёр улсын хооронд хувааж байсан гажуудал ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны сонорт хүрсний ачаар 1984 он хүрч байж засагдсан юм” гээд, гэрээний нөхцөлийг яагаад эсэргүүцсэнээ дэлгэрэнгүй тайлбарлажээ. Харин өөрийн эзэмшсэн шинжлэх ухааны салбартаа эзэн суусан хүний мэдлэг, боловсролын эрхээр, иргэнийхээ үүргээр арга буюу илэрхийлсэн энэ “мэргэжлийн эсэргүүцэл” өөрсдөд нь уршиг тарьсан нь харамсалтай.Юу гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг, алдагдлын харьцааг зохицуулахаар тэмцсэний улмаас Д.Содном сэтгэлэг нэгт бусад нөхдийнхөө хамтаар “Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны эсрэг, Хятадын талыг баримтлагч эсэргүү эдийн засагч!” гэдэг нэр зүүж, эх орныхоо эдийн засгийн бодлого тодорхойлох удирдлагын албанаас зайлуулагдахад золтой л эс хүрчээ. Д.Содномын “мэргэжлийн эсэргүүцэл” –ийн үзэл санаа өнөөдөр ч хүчтэй хадгалагдсаар, идэвхитэй илэрхийлэгдсээр байгаа нь гадаадаас авах зээлийг хатуу тооцоо, хяналт, мэргэжлийн судалгаатай авч өндөр үр ашигтай зарцуулах буюу заавал сэргээгдэж байх зориулалтаар ашиглаж, боловсруулах үйлдвэрүүдийг хоцрогдсон технологитой, үр ашиггүй үйл ажиллагаатай гэх хуудам шалтгаар эхлээд балгас болгож, дараа нь хувьдаа өмчлөн эзэмшсэнээр олон мянган мэргэжилтэй ажилчид гудамжинд хаягдаж, цаашаа үйлдвэрлэл, худалдаа, санхүү, зээлийн алдаа мадагтай бодлого хэрэгжиж, түүний дагуул-хор уршигаар эдийнзасгийн болон эрүүгийн гэмт хэрэг нийгэмд хавтгайрч эхэлснийг ард нийтээр мэднэ.
Эрх баригчид барууны харгис хатуу нийгмийн үзэл бодлого руу хэт хэвийснээр ажиогүйдэл, ядуурал, см суртахууны зэрлэгшил, оюуны хоосрол тэргүүт нийгмийн харилцааны мөн чанараас үүдэгч эмгэгүүдэд үндэстэн нэрвэгдэх аюулд тулгарсан нь Д.Содномыг зүгээр суух, дуугүй дүмбийх эрхгүй болгосон хэрэг. Зах зээлийн далбаан дор нийгмийн тогтолцоонд үүссэн сөрөг үзэгдлүүдийг ч тэрбээр мэргэжлийн үүднээс хурцаар мэдэрч, нийтэд хэлэх үгээ зоригтой, хатуу хэлж чадсан нь (”завшиж, ашиглаж хүслээ гүйцээж аваад халагдах нь төрдөө үнэнч зүтгэх эх оронч сэтгэлгүй хүнд шийтгэл биш шагнал болж байна…”/Ахмадын захиа/) түүний зарчимч, шударга, ёс суртахуунлаг зан чанарыг харуулах олон иш, учигийн нэг яах аргагүй мөн. Вера Степановнагийн ярилцлагандаа тодотгомон “өөрчлөгдөхгүй зан төрх” гэдэг дотор Д.Содномын энэхүү мах ясны шударга чанар, мэргэжлийн гярхай хараа, нийгмийн үйл явцад мэргэжлийн шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах чадвар, иргэний эмзэглэл зэрэг чанарууд лавтай орох байх. Тиймээс ч Д.Содном өөрийн төрөлх зан чанар, нэгэнт эзэмшсэн мэргэжлийнхээ дуудлагаар ч юм уу, эсвэл “даалгавар” –аар орчин цагийнхаа эдийн засгийн бодлогын нэгэн алдаа өмч хувьчлалын гажуудалд эсэргүүцэлтэй хандсан юм.
Тэрбээр хувьчлалын агуулга, зорилгыг хамгийн зөв ойлгож, хувьчлал хийх арга, хэлбэрийн талаар хамгийн ончтой, үр ашигтай, шинжлэх ухаанч саналыг тавьж байсан. Үүнд, “Төрийн өмчийг худалдсанаас орж байгаа орлогыг төсвийн алдагдлыг нөхөхөд ашигладаг нь буруу, харин түүний ихэнхи хэсгийг материал, түүхий эдийн улсын нөөц бий болгож үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэхэд ашиглах, зарим хэсгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэхэд шалгарсан сайн төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулбал зохилтой!” гэж шаргуу зөвлөж байв. Үүгээр тэр, төрийн өмчийн /”Төрийн өмч” ч гэж юу байхав дээ, нохой долоо, ард түмэн бидний л бүтээсэн нийгмийн баялаг буюу чухамдаа, ард иргэдийн л мэдлийн өмч байсан. Тэр өмчийг ард түмний санал асуулга явуулахгүйгээр хувьчлал зарлах эрх төрд, тэр тусмаа ард түмний дийлэнхи хэсгийн эрх ашгаас шууд урваж, овсгоо сүүхээтэй, зальхай булхай аргатай цөөнхи бүлэгийн эрх ашгийг хамгаалах “сонголт хийсэн” төрд байгаагүй хэрэг шүү
дээ!/ хувьчлалын орлогыг жил жилийн төсвийн “урсгал зардал” гэгч “шүүрэн шанага”-ны элхэгийг /нүх/ бөглөх эх үүсвэр болгодогийг таслан зогсоож, “Төрийн өмч” ч гэсэн “хучмал” нэртэй, мөн “Эзэнгүй өмч” ч гэсэн доромж нэртэй яваа ч үнэн чанартаа монголын ажилчид, малчид, тариаланчдын ариун шудрага, хилсгүй цагаан хөдөлмөрийн олон үеийн үр дүн болсон тэрхүү баялгийн борлуулалтын ашиг, хуримтлалыг эргүүлээд жинхэнэ эздийн нь ахуй амьдралыг сайжруулах санхүүгийн эх үүсвэр болгон зарцуулах бодлогыг хатуу баримталж байсан юм. Тэрбээр өнөө ч ялгаагүй, Монголын шилдэг эдийн засгийн мэргэжилтний нэг хэвээр байгаагийнхаа хувьд, төр засгийн зохицуулах үүргийг идэвхижүүлэх, алтваа хууль, шийдвэрийг амьдралд нийцүүлэн гаргахад ард түмний санал зөвлөмжийг оновчтой тусгахыг чухалд үзэж нийт хүн амын орлогыг дорвитой нэмэгдүүлэх ардач, зүүний бодлого хэрэгжүүлсэн нөхцөлд л сая зах зээлийн харилцаа өөрийгөө цагаатгана гэсэн мэргэжлийн бодол, томъёоллоо хамгаалсаар байна. Гаднын, хувийн том компаниудын монополийн ич үзэл бодлоо ил хэлдэгээс нь иш татаж болно. Жишээ нь, “зарим төслийн нэрээр өгөгдөж, Монголыг өртүүлж буй зээлийн хөрөнгийн ихээхэн хэсэг Монголд үлдэхгүй, төсөл санаачлаад дагаж ирсэн гадны хүний халаасанд ороод алга болдог зуршил тогтож байгааг болиулах хэрэгтэй!...” гэсэн, монголчуудын орой руу хэзээ мөдгүй сэрхийтэл орох үгийг нь үл ойшоох нь ойрын ирээдүйд л үл уучлагдах гэмт хэрэг болон хувирч ч магадгүй юм.
Мөн “…боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг урамшуулж, түүхий эдийн экспортыг хязгаарлах тодорхой арга хэмжээ үгүйлэгддэг…” гэсэн гомдлонгуй ч юм шиг, болгооижлонгуй ч юм шиг аяс даруухан хэрнээ хэрэгтэй хүндээ асар тод дуулдахаар чанга хэлсэн үгийг нь огоорсны гамшгийг амсах магадлал ч өндөр байгааг эс анхаарваас Монголын эдийн засаг магад хэдэн жилийн дараа Хувьчлалын алдаанаас ч илүү хортой том алдааг засахад лав хүрнэ.
Д.Содном даяарчлалын эрин үеийн эдийн засагч учир эдийн засгийн гадаад харилцаанд дан протекционист үзэл бодол үргэлж ч баримтлаад байдаггүй, харин харилцан ашигтай ажиллаж, хоёр талын ижил тэнцүү үр дүнд хүрэх хамтач, олон ургалч үзлээр уян хатан ханддаг. Иймд түүний эх оронч үзэл, “мэргэжлийн тэмцэл” нь алив фанатик туйлшралаас болон мэргэжлийн мэдлэг мэдээлэлгүй сэтгэлийн хөөрлөөс ангид юм. Гагцхүү гадны хөрөнгө оруулагчдад тооцоо судалгаа муутай хөнгөлөлт үзүүлэх, Монголын бизнесменүүд эдийн засагтаа хэтийн ашигтай төсөлд заавал гадаадын компаниудыг оролцуулж ашигаа хуваалцах ч юм уу орлогын татварыг өөрт оногдох орлогоосоо дангаараа төлөх зэрэг негатив чанартай нөхцөлүүдийг эдийн засаг санхүүгийн далд аргаар тулгадагийг болиулах үзэл баримтлал бүхий саналуудыг сонин хэвлэлээр болон ажил хэргийн шугамаар удаа дараа тавьсан байдаг. Саналуудын эдийн засгийн үндэс философи нь үйлдвэрийн газруудаас улсад татвар төлсний дараа үлддэг ашиг орлого Монголдоо шингэж, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр ашиглагдах нөхцөлийг хууль-эрх зүйн орчиноор бүрдүүлэх, эцсийн дүнд, экспорт нэмэх, импорт хэмнэх, эдийн засгийн удирдлаганд эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, шинжилгээний ажиллагаа явуулдаг байх зарчимыг эрхэмлэсэн халуун эх оронч сэтгэлгээг илэрхийлдэг.
Д.Содном монголын хувьд “ХХ зууны сүүл хагасын санхүүгийн алхимич” гэж нэрлэж болохуйц цөөхөн хэдэн санхүүч-эдийн засагчдын маань нэгний хувьд үндэсний санхүү-эдийн засгийн бодлогод зайлшгүй багтаан тусгахаар, мөн, практик үйл ажиллагаанд ч хэлбэрэлтгүй мөрдөхөөр зөв зүйтэй олон санааг номондоо оруулсныг тэмдэглүүштэй. Номын “Санхүүчидтэй” бүлэгт “…Улсын бүх үйлдвэр, аж ахуйн газруудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл бүрээр өөрийн өртгийг тодорхойлж, ашиг хуримтлалын нормативыг тогтоож, үнэ татварын нэр төрөл, хувь хэмжээг шинэчлэх үндсэн дээр улсын төсвийг бүрдүүлэх, улсын төсөв ба аж ауйн нэгжүүдийн хоорондын харилцааны боловсронгуй шинэ системийг бий болгосон… ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний өөрийн өртгийг тодорхойлоход өмчийн бүх төрлийн байгууллага баримтлах нэгдсэн журмыг хуульчилж тогтоох зайлшгүй шаардлага одоо үед байгаа. Өртөг тодорхойлох нэгдсэн журам тогтоож байсан 1957 оны туршлага бий. Татварын холбогдолтой хууль журмыг ойр ойр олон дахин өөрчилж, эдийн засгийн орчин нөхцөлийн тогтворгүй байдал үүсгэдэг, ашиг хуримтлалыг нуудаг зэрэг муу зуршил бий болохоос сэрэмжлэхэд тустай туршлага байж болох хэмээжээ.
Ямар ч харилцаатай эдийн засагт үйлдвэрийн бүтээгдэхүүн хийгээд үйлчилгээ өөрийн өртөгтэй, үнэтэй байх нь эдийн засгийн бодот хууль. Төр засгаас үнэ чөлөөлөх шийдвэр ч юм уу хууль гаргасан гаргаагүй, өртөг үнэ бүрдэх, суурь “өгөгдөхүүн” инвариант чанараа хадгалж, эдийн засгийн эргэлт, харилцаанд ямагт оролцон үйлчилсээр байх болно. Энэ нь нийгмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өртөг, үнэ тогтоолтын тооцоонд шинжлэх ухааны үндэслэл, судалгаа заавал шаардана. Төрөөс үнийг чөлөөлсөн нөхцөлд зах зээлийн эдийн засгийн систем үнийг тогтоон “зохицуулахдаа” өртөг, зардлыг шинжлэх ухааны аргачлалаар тооцоолох, ашгийн зохистой харьцаа барих бодот шаардлагад захирагдаж л таарна. Гагцхүү үйлдвэр аж ахуйн газруудын хувийн өмчит ашиг сонирхлын нэмүү орлого, хуримтлалын хэрэгцээ, шаардлага, түүнчлэн тэдний эздийн “амны хий”-ний хэмжээ, ашиг олох улангасалын хэнээ хоёрт зохицож үнэ тогтоогддог байвал улс орны эдтйн засгийн ардчилал утгаа алдана. Дээр нь нийгмийн үнэмлэхүй зорилго – нийт хүн амын амьдралын түвшний дээшлэлтэнд амар сөргөөр нөлөөлж, улс төрийн болоод нийгмийн тогтолцооны тогтворжилтонд эрсээр харшлана. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын эдийн засгийн харилцааны бодот үзүүлэлт /амьдрал дээрхи жинхэнэ лүр зураг, эсвэл, үр дүн ч гэж үзэж болно./ -ард иргэдийн амьдралын түвшинд гарсан аймшигт ялгарал, тухайлбал, нэг талаас, баян чинээлэг бүлэг буюу цөөнх, нөгөө талаас ядуу, ядуулаг давхарга буюу олонхийн дэндүү жишиггүй харьцааг /Монголын хэвлэлүүдийн мэдээгээр ишилбэл, чинээлэг цөөнхийн хийгээд ядуулаг олонхийн харьцаа 3:97 гэсэн нүдэндээ имгэмээргүй зөрүүтэй тоонд хүрчээ./ буй болгоно гэсэн үг. Монгол шиг өвөрмөц оронд, тодруулж хэлбэл, эдийн засгийн хөгжлийн хувьд хүчин чадал муутай, жижиг буурай боловч ард түмний нийгмийн сэтгэлгээ, сэтгэл зүйн хөгжлийн хувьд омголон цөсөрхөгзан чанартай, хувьсгалч, тэмцэгч түүхэн уламжлалтай оронд энэхүү ялгарал, амьдралын зөрүүтэй түвшиний даамжрал цаашдаа хүн амын дотоод тэмцэл, хямралыг өдөөж мэдэх магадлалтай нийгмийн үзэгдэл мөн.
Д.Содном эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг өөрийн хариуцаж ажилласан хөдөлмөрийн талбар, мэргэжлийн салбартаа хангах, бататгах, Монголын хөгжлийн хэтэд зайлшгүй хэрэгтэй хүчин зүйлсийн үндсүүдийг тэнд соёолуулахад өөрийн нөр хөдөлмөр, хүчин зүйлийг шудрагаар зориулж, өдөр тутмынхаа үйл ажиллагааг аливаа эргэлзэл, хүлцэл, айдас, ухралт үгүйгээр зарцуулсаныг Монголын 1970-1990 оны их бүтээн байгуулалтын түүх яалт ч үгүй гэрчлэн үлдсэн гэж хэлж бүрнээ болно.
Эдийн засгийн удирдах түвшний мэргэжилтний үзэл бодол, мэргэжлийн чадварын гол үзүүлэлт нь эдийн засгийн шинжлэх ухааны нарийн судалгаа, тооцоонд үндэслэн алдаа мадаггүй дүгнэлт хийх, зөв штйдэл боловсруулах, бодот амьдралын үйл явц, үнэнийг нийгмийн сэтгэлгээнд ойлгуулж чадах арга билигийн нэгдэл байдаг. Зөв тооцоо, дүгнэлт, шийдлийн үндсэн дээр хэрэгжиж, нийгэмд “нийлүүлэгдэж” буй ашиг, үр дүн л тэдний үйл ажиллагааны үнэ цэн, ач тусыг илэрхийлнэ. Монголын эдийн засаг Социалист бүтээн байгуулалтын жилүүдэд ямар хурдацтай хөгжсөн, ямар бодот, түүхэн үр дүнд хүрснийг сохроор “нулимдаг”, цээжнийхээ хар бангаар үгүйсгэдэг, өнгөрснөө, уламжлалаа “булшлах” хийрхэлд дүйрсэн “мухар” толгойгоороо үндэснийхээ түүхийн “Өчигдөр”-ийг мөргөх гэж “урамддаг” “шинэков” эдийн засагчдад Монголын эдийн засгийн бодот ололтын үнэнийг хоёргүй ойлгуулахаар тоо баримтууд “Амьдрал, Бодол” номонд дурьдагдсан нь:
“БНМАУ-ын үндэсний орлого 1960 оноос 1970 онд 30 хувийн өсөлттэй байсан бол 1970 оноос 1980 онд 80 хувиар, 1980-1990 онд 65 хувиар өссөн. Үндэсний орлогын жилийн дундач өсөлт 1970 он хүртэлх арван жилд 2.7 хувь байсан бол 1980 онд хүртэлх 10 жилд 6.1 хувь, 1990 он хүртэлх арван жилд 5.1 хувь болсон байдаг юм. Орчин үед ийм өсөлт хангах нь мөрөөдөл болоод байгаа. Үйлдвэрлэлийн үндсэн салбарууд дээрхи хугацаанд амжилттай хөгжсөн гэж хэлж болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 1970-1980 он хүртэлх арван жилд 45 хувиар өссөн. Аж үйлдвэрийн бүтээгдүүний үйлдвэрлэлийн жилийн дундач өсөлт 1970-1990 оны хооронд 7.2-8.7 хувь байсан. … ЗХУ-аас Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 1971-1975 онд 450 орчим сая шилжих рублийн зээл, тусламж өгч байсан бол үндэслэл тооцоолол сайжирсны ачаар 1976-1980 онд 1.4 тэрбум, 1981-1985 онд 3.2 тэрбум, 1986-1990 онд 3.5 тэрбум шилжих рублийн зээл, тусламж авч ашигласан… ЗХУ-аас 1976 оноос хойшхи 14 жилийн хугацаанд 2 хувийн хүүтэй, төлж эхлэх хугацаа нь тухайн таван жилд тохиосон нөхцөлд урьдах зээлийн төлбөрийн хугацааг 40 хүртэл жилээр сунган тогтоож хүү оногдуулахыг зогсоодог зэрэг ихээхэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монголд барьж байгуулсан дэд бүтэу, үйлдвэрлэл, нийгмийн зориулалттай олон зуун чухал объектууд орчин үед манай улсын эдийн засаг нийгмийн амьдралын чухал үндэс суурь болж ашиглагдсаар байна “ гэжээ. /”Төлөвлөгчидтэй” хэмээх бүлгээс үзмүү./ Энд зохиогчийн хэрэглэсэн “мөрөөдөл болоод байгаа” гэдэг үгээс ургуулаад би эдийн засагчийн мэргэжилтнийхээ хувьд өөрийн бодлоо нэмж хэлэхэд, дээр дурьдсан эдийн засгийн үсрэнгүй /харьцангуйгаар/ хөгжил нь 1959-1960 онд Монголын хөдөө аж ахуйд “Нэгдэлжих хөдөлгөөн” өндөрлөж, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ социалист үйлдвэрлэлийн харилцаанд шилжсэн ба эдийн засгийн удирдлаганд төвлөрсөн төлөвлөгөө-санхүүжилтийн нэгдсэн систем нэвтэрсэн, улс ардын аж ахуйн бүхий л үйл явцыг балансын нэгдмэл, төгс, шинжлэх ухаанч аргаар уялдуулан зохицуулдаг болсонтой шууд холбоотой гэж бодно.
Одоо нийгмийн харилцаанд зах зээл, капиталист өмчийн “засаглал” ноёрхсон тогтолцоонд шилжсэн болохоор урьд өмнө нь 20-30 жилийн хугацаанд олсон хөгжлийн хурд, цар, түвшинг хангах мөрөөдөл биелэх нь илүү олон жилийн /Хэрэв Бурхан ивээж, Монгол Улс маань өнөөгийн өмчийн алалдааны талбар-дэлхийд биеэ даасан улсын тоонд багтаж үлдвэл шүү дээ./ хугацаа шаардах үйл явц байх болно гэдгийг баттай хэлэхэд М.Нострадамус байх шаардлагагүй, зүгээр л Д.Урианхай байхад хангалттай.
Социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд эх орон ард түмний минь олсон ололт, түүхэн хөгжилд улсынхаа эдийн засгийн удирдлагын жолоог гучаад жил залалцсан Д.Содномын эрдэм ном, нойр дутуу олон шөнө, өдрийн нөр хөдөлмөрийн хувь хандив ихээр нэмэрлэгдсэнийг “Амьдрал, Бодол” номын уншигч би дотроо бахшаан бодохгүйгээр өнгөрч эс чаднам. Ийм бодлыг ганц надад ч бус, үнэнийг үнэнээр нь ойлгож, үнэлж чадах олон монгол уншигчдад ч энэ ном төрүүлэх нь магадын дээр чухамхүү тийм бодол, сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх бодот үйл хэргээр зохиогч амьдралаа “бүтээсэн” нь ард түмэндээ үл мартагдах, хэтдээ түүхээсээ үл арчигдах одорхой гавъяа байгуулсны үр дүн яалт ч үгүй мөн.
Д.Содном “Амьдрал, Бодол”-доо өөрийн үнэн амьдралаа, үзэл бодлоо иш баримттай өгүүлэхийн хамт цэл залуухан санхүүч Сангийн яаманд байцаагчаар ажилласнаасаа эхлээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга хүртэл хийж гүйцэтгэсэн албан ажил, үйл ажиллагаагаа ч төв голчоор дүгнэж, алдсан алдаа, ашиглаагүй боломж, хүрч чадах байсан ч чадаагүй “өндөрлөг”-зарим дутуу дулим амжилт, ололтын шалтгаан нөхцөлийг эргэцүүлж, өөрийн итгэл үнэмшил, мэргэжлийн үг, санаа, сануулга, сургамжаа номынхоо бүлэг бүхэнд үлдээжээ.
үнэний сургамж дүгнэлт бол хойч түүхийн хөгжилд оруулж буй оюуны хөрөнгө оруулалт юм. Баялаг бүтээдэггүй, харин бүтээгдсэн баялгийг өөрсдөдөө хямд үнээр хувьчилж, хөрөнгөжих, тэгээд хар захын наймаагаар улсаа “хөгжүүлэх” үзэлтэй “онолчид”, “удирдагчид”-ын ил далд “туршилт”-ын жилүүд болж өнгөрсөн 1990-2000 оны үйл явцаас хийсэн дүгнэлтүүдийн дотор “…Нэгэнт өнгөрсөн цаг, түүхийг эргүүлэхгүй, засахгүй. Харин шинэ нөхцөлд хуучин алдаа давтагдах, түүний хөрс бий болохоос сэрэмжилж байх, ялангуяа, аль нэг улс буюу компаниас хэт хамааралтай болж, үндэсний ашиг сонирхлын асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй болохоос сэрэмжлэх хэрэгтэй “ гэж “Еотөнцөөс тасархай, мэдээллээс хол байж” ыүлэгт учирласан нь бий.
“Амьдрал, Бодол” номын “улаан шугам”-ын турш байнга сануудагдаж буй хоёр зүйл дайралдаж өнгөрнө. Тэр хоёрын нэг нь үндэсний эдийн засгийн эрх ашиг, хөгжил, нөгөө нь ард иргэдийн эх оронч үзэл, шудрага үйл ажиллагаанд тулгуурласан жинхэнэ ардчилал юм. Д.Содномын амьдралын зам ч, санаа бодлын нь “орон зай” ч энэ хоёроос ангид оршсон, салж хазайсан, гадуур нь чиглэсэн вектортой өнгөрөөсөн хоног өдрийг эс тэвчсэн ажээ. Түүний амьдрал бүхэлдээ тов тодорхой зорилго, нэгэн үзүүрт бодлоготой үйл ажиллагаанд зангилагдсан нь Алан-гоо эхийн багцалсан сум мэт, нэг учирт нэгтгэгдсэн том үйл хэргийг бүтээх үндэс болж өгчээ. Хүмүүст ил харагдахуйц мөр, дүр төрх үлдээх “өндөрлөг”-т гарсан түүхт улсын амьдралын нэг бат бэх багана нь тэдний оюун санааны идэвхи, эх орноо хайрлах хайрын нь эрчимээс бүтдэг. Д.Содном ч өөрийн өдөр дутмын үйл ажиллагаандаа энэ хоёр хүчин зүйлийг идэвхитэй оролцуулж, өөрийгөө ямагт дэвхитэй дайчлагч, уйгагүй эрэлч хичээл зүтгэлээр бие махбодынхоо болон дотоод ертөнцийнхөө хөгжлийн хүчирхэг эх сурвалжаа хийж амьдарсан байна. “Өөрийгөө дайчилж байвал сэтгэл хангалуун, бие эрүүл байх олон талын ач тустай байдаг” гэж өөрөө бичжээ.
Д.Содном түүхэн үйл явцаас ололттой үр дүн олж харахыг эрхэмлэдэг, үйл явцын эерэг талуудын өнцгөөс түүний ирээдүйн төлөв, шинж чанарыг ойлгохыг эрмэлздэг “дотоод” зарчимтай нь 1990 оноос хойшхи нийгмийн амьдралын өөрчлөлтийг үнэнээр нь уян хатан, ухаалаг, плюраль сэтгэлгээгээр хүлээж авснаас нь тодорхой байна. Нийгмийн үйл явцад ухаалаг, хүлээцтэй, шинжлэх ухаанчаар хандах сэтгэлгээ бол, юуны өмнө, уг үйл явцад үүссэн зөочлийн шалтгааныг зөв тодорхойлж чадах мэдээлэл, судалгаанд үндэслэсэн элдэв туйлшралгүй сэтгэлгээ юм.
“Амьдрал, Бодол”-ын сүүлийн бүлгүүдийн агуулга, өгүүлэмжүүдээр шүүхэд, Д.Содном өөрийн нийгэм-улс төрийн үйл ажиллагааг зөвтгөн хамгаалахыг ч гол зорилго болгоогүй, өмнөх үеийн төр засгийн үйл ажиллагаанд оршиж байсан дутагдлуудыг өөрт огт холбогдолгүй мэт бусад руу түлхэн, өнөө үеийнхэнд нүүр олох билбүүр зусраар “алдаа гаргагчид” руу довтчин буруутгаж, “уснаас хуурай гарах”-ыг ч зориогүй, тухайн түүхэн үнэнд голчоор, эр хүн шиг, элдүүр гүйцэд сур шиг мөстэй хандан үнэнч шудрагаар үнэлж дүгнэсэн нь “хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” болсон өнөөгийн хуйсгануур цаг үед түүнийг гүнээ хүндэтгэх сэтгэлийг төрүүлж байна. Өнөөдөр тэрээр хуучин үзэл бодлоосоо хаяхыг нь ч шууд хаяж, насаараа хадгалахаа ч хадгалж, шинэ шинэ үзэл санаагаар өөрийгөө идэвхитэй цэнэглэж, түргэн хэмнэл, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчин нөхцөлтэй зохисоор сэтгэлгээний “хөл” нийлүүлэн урагшилж явна.
Хүн хуучин чиг баримтлалаасаа татгалзах, дотоод ертөнцөө шинэчлэх, шинэ ойлголтоор баяжуулах замаар өөрийнхөө оюун санаа, үзэл бодлоо өөр, дээд эрэмбэ түвшиний өөрчлөлтөд дэвшүүлж чадах нь том “дотоод өөрчлөн байгуулалт” юм. Дотоод өөрчлөн байгуулалт бол угтаа асар хүчирхэг, оюунлаг бодгалуудын шинж чанар.
Д.Содном социалист чиг баримжаат мэргэжилтэй. Марксч-Ленинч сургаал номлолоор толгойгоо хүмүүжилсэн нь үнэн ч /Далимд хэлэхэд, Марксизм-Ленинизмын онол, баримтлал буруудаа ч нурсан юм биш гэж би боддог./ Харин уг сургаал хөгжлийн талаар диалектик ойлголт баримталдаг хэрнээ нийгмийн хөгжлийн үндэс болсон зөрчлийг социалист харилцаан дээр зөвшөөрдөггүй, эрс тэс тэмцэл, өрсөлдөөний ач холбогдлыг үгүйсгэдэг, нийгмийн сэтгэлгээ, үзэл бодолд сөрөг чиглэл, урсгалыг тэвчдэггүйгээс “шүүмжлэлгүй оршихуй”-г нийгмийн оюун санааны амьдралд “хүчиндэн” буй болгосноороо нурсан юм. “Шүүмжлэлгүй оршихуй” нь шүүмжлэлт бодол, сэтгэхүйг үл хүлцэн, ямар ч шүүмжлэл, засвар, шинэчлэл хэрэггүй “цэвэр”, өөгүй, сөрөг үзэгдэлгүй хөгжиж чадах илбэ чанарын тогтолцоог зохиомлоор, хүчээр тулган хэрэгжүүлэхийг оролдсон өрөөсгөл практикаасаа болж нурсан юм / өөр зүй тогтол, чиг баримжаат харилцааны орчинд ухаалгаар зохицох, ”зэргэцэн орших” чадварыг өөрөөсөө лайчилж чадаж буй нь сайшаалтай. Хувь хүний сэтгэхүйд хийгдэж буй ийм нөр, гүн гүнзгий шинэчлэлийг “өөрөөсөө сугарах” үйл явц гэж нэрлэж болно.
Би энэ өмнөтгөлөө, эхлээд “Өчигдөрөөсөө сугарахуй” гэж нэрлэхээр товлож байлаа. Яагаад гэвэл, Д.Содномын үйл ажиллагаа, үзэл бодлын хөгжил, дэвшил, өргөсөлт, алслалт, хамгийн гол нь “өндөрсөлт”-ийн утга агуулгыг товчхоноор “өчигдөрөөсөө сугарах” үйл явц гэж дүгнэж томъёолмоор санагдсан. “Өчигдөрөөсөө сугарах”-ыг цаг хугацааны нь утгаас гаргаад хүний амьдралын дотоод хөгжил рүү, оюун сэтгэхүйн нь үйл ажиллагаа руу шилжүүлээд ухахаар, “өчигдөрөөсөө сугарах” үйл явц нь чинад мөн чанараараа “өөрөөсөө сугарах” ч юм уу, өөрийн сэтгэхүйн хуучин загвараас “сулрах” философи утгатай болоод явчихаж байгаа юм. Энэ бол цэвэр сэтгэлгээ, сэтгэл зүйн үйл явц. Харин “Өчигдөрөөсөө сугараад хаашаа?” гэвэл уржигдар руу бус, Өнөө чиглэсэн нь бодотой хөгжил, дэвшлийн агуулга, чанарыг бүрдүүлнэ. Д.Содном ч өчигдөрөөс сугараад, Өнөө рүү зоригтой, өөртөө итгэлтэй ирсэн байна. “Өнөө”-тэй буюу “Өнөө”-д ирсэн хүн “Маргааш”-д заавал очно. Маргааш бол цаг хугацааны утгаараа ч, нийгмийн утга агуулгаараа ч Ирээдүй юм. “Өөрөөсөө сугарах” тухайд ч ялгаагүй. “Өөрөөсөө сугараад хаашаа?” гэвэл өөр рүүгээ, өөрийнхөө оюун санаа, үйл ажиллагааны дотоод эрчим рүү… өөрийнхөө гүн рүү… нийгмийн явцын өрнөлд улам шургуу, хүчтэй оролцох идэвхи рүү… урьд өмнө ашиглагдаагүй хийгээд ашиглагдсан ч бүрэн дүүрэн ашиглагдаагүй үндсэн нөөцийнхөө ашиглалт руу… эцэст нь, “мэргэжлийн шинэ тэмцэл” рүү ирнэ гэсэн үг. Энэ бол өөрийнхөө Ирээдүй рүү шилжиж буй эрчимт шилжилт юм. Ирээдүй гэдгийг би хүний гадна буй, чухамдаа, алс холд буй юм ч юм уу цаг хугацаа бус, харин өөр дотор нь далдлагдан буй эрчим, үйл ажиллагааны бололцоо, хүний оюуны задраагүй цөм дотор нууцлагдан байгаа байж магадгүй физик бус цаг хугацаа гэж ойлгоод ингэж хэлж байна. Ингэхлээр, Ирээдүй гэдэг аль нэг бодгалийн хувьд хүн өөртөө болон өөрийнхөө идэвхитэй амьдралд итгэх итгэл юм. Хүний итгэл үргэлж өөрийгөө ш%инэтгэгч, хүч сэлбэгч чанартайгаар “тээрэмдэж” байдаг. Энэ “тээрэм”-ийн хамгийн хүчирхэг, центрфуг хөдөлгөөнт “эд анги” нь бүтээлч үйл ажиллагаа байдаг.
Хүн шинэ болно гэдэг хуучнаасаа дээш гарах, хөжих, улам идэвхит үйл ажиллагаанд суралцах, өөрийгөө боловсруулах тасралтгүй тэмцэл хийж, өмнө өгүүлснээр, “өөрөөсөө сугарна” гэсэн үг. “Өөрөөсөө сугарах” үйл явц гүнзгийрснээр ч хүн түүхэн үйл явдлуудад үнэн зөв, шинжлэх ухаанч дүгнэлт өгөх ухамсар бүрдэнэ. Тийн бүрэлдсэн ухамсараар л хүний мэдлэг мэргэжлийн үйлчлэх нөлөө, хүрээ, зан чанарын төрх төлөв, амьдралын нь зарчим тодорхойлогддог.
Д.Содном “Өнгөрсөн цагийн нэгэнт түүх болсон үйл явдлыг санаж бодоход сургамжтай байдаг. Нэгэнт өнгөрсөн цаг түүхийг магтаж, зүхэж, эсвэл, харамсан суух биш, харин, үнэн зөвийг дүгнэж, сургамж авч, сайныг уламжилж, алдсаныг давтахгүй байхыг хичээх учиртай…” гэж, “Үнэн” сонинд өгсөн ярилцлагандаа түүхийг үзэх үндсэн философио илэрхийлээд, “…Монгол улсы хөгжүүлэн авч явах хүч бол монголын иргэн бүрийн хичээл зүтгэл. Тэр хүч бэлтгэгдэж эхэлж байгаа. 2000 оноос хойш төр засаг тогтвортой, алсыг харж ажиллаж байна. Иргэдийн санаа сэтгэл үймэх нь багасч, ирээдүйдээ итгэлтэй болж байна… Итгэх үндэс байгаа. Бизнес хийх, хөдөлмөр эрхлэх тайван, тааламжтай нөхцөл нэмэгдэж, бусдаас нэхэх биш, өөрөө хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа өөд татах ёстой гэсэн үзэл бодолтой хүмүүсийн эгнээ өргөжиж байна… энэ бүхэнийг харахгүй, үнэлэхгүй бол нүгэл” гэж цаг үеэ дүгнэжээ.
Д.Содном өнөө үеийг үндсэнд нь “Ардчилсан хувьсгалыг амжилтанд хүргэх чухал үе” гэж тодорхойлоод, энэ үед ажиллаж, амьдарч буй ард зондоо хамгийн эрхэм бодлоо даатгахдаа “…Ардчилалыг амжилтанд хүргэхэд бидний үүрэг хариуцлага их бөгөөд түүнийгээ бүрэн дүүрэн ухамсарлаж хөдөлиөрлөх учиртай.” гэжээ. Д.Содномын өөрийн нь амьдралын 1990 оноос хойших үе бол ардчилалыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх иж тогтолцоог бүрдүүлэхэд оюуны болоод практик үйл ажиллагааны уйгагүй, цөхрөлтгүй эрэл хийсэн он жилүүд юм.
Ардчилалын жинхэнэ утгыг хүний эдлэх эрх чөлөө, нийгэмд хүлээх үүрэг, хариуцлагын салшгүй нэгдэл гэж ойлгосон хамгийн зөв ойлголттой төрийн том зүтгэлтэн хэн байв? гээд нарийн шүүрдэх юм бол Д.Содном хамгийн түрүүнд шүүгдэх магадлалтай бөгөөд түүний санаа бодол, мэргэжлийн санал, зөвөлгөө, мэдлэг, туршлага, тэр бүр нийгмийн үйл явцын удирдлагад ашиглагдалгүй өнгөрч байсан нь ардчилалд том гарз болсон. Түүний санал, зөвөлгөө,төрийн бодлогод туссан бол 1990 оноос хойших нийгмийн амьдралд тохиолдсон алдаа гажуудал, мөн ард түмний амьдралд хараар туссан их хохирол, сэтгэл санааны хямрал, дарамтын хэмжээг асар багасгаж чадах байсан гэж би мэргэжлийнхээ үүднээс шийдвэртэй хэлж зүрхлэх байна.
Д.Содном улс үндэстний эрх ашигт харшлах хэмжээний хохирол учруулах бодлогын алдаа дутагдал, төр засгийн үйл ажиллагааны доголдол, гажуудалыг илэн далангүй хэрнээ маш төв, даруу, шудрага, цэхчээр сануулж, “хал дол үзэж халуун чулуу долоож” нуруужсан хүний хашир боловч учирлангуй, зөөлөн ухаанар, жинхэнэ иргэнлэг, эх оронч сэтгэлээр сургамжилж байсан нь улс төрд “алтан дундач”-ийг баримтлагч “бөөрөнхий” зан чанартайнх бус, эмээмтгий хулчгарынх ч бус, гагцхүү, ард олныхоо эе эв, үндэстнийхээ нэгдэл нягтралыг чухалчилдаг, эх орон нэгэтнээ хооронд нь хагарган бутаргах, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан сөргөлдүүлэх хямрал, тэмцлийн хор уршгаас сэрэмжилсэн хэрэг юм.
Улс орон оршин тогтнож, хүч тэнхээтэй байх гол нөхцөл бол, юуны өмнө, үндэстний эв нэгдэл тул эдийн засгийн чадавхиараа бусад улс үндэстэнтэй зэрэгцэх, өрсөлдөх, үндэснийхээ ахуй оршил, батлан хамгаалах чадвараа хөгжүүлэхэд монгол хүн бүрийн ухамсар гэгээрэл, хөдөлмөр зүтгэлийн нэгдлийг хангах асуудлаар хэд хэдэн чухал санаа “Амьдрал, Бодол” номонд дурьдсан нь бий.
“Эв нэгдэл”-ийн тухай өгүүлэлдээ, “Захиргаадлаар биш, ухаарлаар хангагдсан эв нэгдэл бат орших болно… Нөхрийнхөө сайныг үгүйсгэж алдааг дэвэргэдэг, урам хайрлахдаа харамч мөртлөө ул шагайж мучлахдаа гарамгай, өөр үзэл бодол илэрхийлсэн нөхрөө дайсан болгон зарлаж, дарж авах гэдэг зэрэг гаж үзэгдэл нь эе эвээ олох гэсэн эрмэлзлэлд гай болж байдаг… Намуудад хуваагдаж явуулж байгаа өрсөлдөөн нь ганц зорилготой байх ёстой бөгөөд тэр нь Монгол улсыг хөгжүүлэх оновчтой бодлого төлөвлөж хэрэгжүүлэх сайн засаглалыг бий болгохын төлөө тэмцэл байх ёстой. Гэтэл сүүлийн арав гаруй жилийн амьдралаас харахад, улс төрийн намуудын өрсөлдөөн нь толгойлогчдынхоо хүмүүжил, боловсрол, үзэл бодлоос шалтгаалан Монгол улсыг хөгжүүлэх оновчтой бодлогын төлөө гэхээсээ эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл болох хандлага ажиглагддаг болсон бөгөөд түүний харгайгаар өөр өөр намын гишүүдийн хооронд Монголын төлөө гэсэн эв нэгдэл хэрэг дээрээ байхгүй болоход хүрдэг…” гэж тэмдэглэжээ. Энэ бол яг орой оуу орсон үг. Хатуу боловч алга ташихаар үнэн үг. Өнөөгийн Монголын улс төрийн амьдралын “халуун тогоо”-ны гадна талд халах төдий хэмжээгээр ойр байгаа бус, бүр дотор нь чанагдаж ч байсан, чанагдаж ч байгаа хүний дүгнэлт үг. Энэ үг олон олон жил, олон олон хүний чихэнд түүхэн үнэнийг өгүүлсээр үлдэнэ.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сургаалийн учир холбогдлын тухай, шимтэн хичээж уншууштай өгүүлэлдээ, “иргэн бүр идэвхитэй хөдөлмөрч байвал улс орон хөгжих нөхцөл бүрддэгийн учирыг, ажил хөдөлмөрт нарийн технологи байдгийн учирыг, амьдрах ухаан эзэмшихийн ач тусыг олон талаар “ухжээ”. Бас ард иргэдээ ажил мэргэжлээр нь тусгаарлах, дээр доор нь тавьж ялгаварлах, зэрэг зиндаанд хуваах, тэдний эрхэлдэг аж ахуйн салбаруудыг техникжсэн, техникжээгүйгээр нь ч юм уу арга технологиор нь жишин ач холбогдлыг нь үнэлэх, үндэсний түүхэн өвөриөц ахуй оршихуйн нөхцөлөөс үүддэг уламжлагдах-шинэчлэгдэх, хадгалагдах-үгүйсгэгдэх талыг нь шинжлэн судлалгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийх зэрэг үндэсний эв нэгдэлийг сүүдэртүүлэх муу урхаг тарьж мэдэх үзэл бодлыг сөхөөж, өнөөдөр хөдөө хөхөрч гадаа гандаж аж төрдөг 170 гаруй мянган ам өрх малчидын үйл бүтээлийн үнэ цэнийг сануулахдаа, мөн цаашлаад, нүүдлийн соёл-иргэншлийн мөн чанар, ач холбогдлыг үгүйсгэгчдийн технократ, хэт барууны туйлшранги үзлийг “либеральчлах”-ыг зорихдоо, “Монгол улсын эдийн засагт мал аж ахуй тэргүүлэх ач холбогдолтой. Монголд билчээрийн мал аж ахуй цаашид зонхилсон хэвээр байх болно. Гэтэл билчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологи нь Монголд олон мянган жил хэрэглэж шалгагдсан нандин зүйл бөгөөд уламжлан хадгалж, баяжуулж байх учиртай хаана ч байхгүй технологи буюу амьдралын ухаан юм…Монголыг мал нь тэжээдэг гэж их буруу ярьдаг. Монголыг малчид нь, тэдний олон мянган жил уламжлагдсан арга туршлага нь авардаг, тэжээдэг гэвэл үнэн.Нутаг даяар тархан амьдардаг Монголын туршлагатай малчид бол жалгын мухар сахисан хоцрогдсон хүмүүс биш, харин монголоор тархсан эрдэм ухаан, өгөөж ихтэй сонгодог технологийн эзэд юм.Тэдний төлөө, арга технологийг нь уламжлахын төлөө юу ч хайрлахгүй зориулах ёстой” гэж өгүүлжээ.Эндээс яах аргагүй монгол элэгтэй, монгол төрийн сартваахи эгнээний хүний чанар, жудаг, мөс миний хувьд “ханх тавьж” байна.
Д.Содномын илтгэл, өгүүлэл, ярилцлагуудын голоор “улаан шугам” болж нэвтэрч буй нэг үндсэн санаа бол Төрийн удирдлагын тогтолцоо, бүтцийн асуудал юм. Монголын түүхэн ахуй нөхцөлд яв цав тохирсон төрийн удирдлага, тогтолцооны орчин үеийн боловсронгуй, өвөрмөц хувилбарыг сэтгэх, зөв олох асуудал Д.Содномын сэтгэлгээний эрэлд том орон зай эзэлжээ.Энэ бол ойлгомжтой шугам.Яагаад гэвэл, тэр 30 настайгаасаа Монголын төр засгийн удирдах албанд “тээрэмдүүлж” эхэлсэн.Иймээс ч тэрбээр эх орныхоо улс төрийн тогтолцоо, бүтэцийн талаар залуу удирдагчдад анхаарууштай, “цээжиндээ хавтаслууштай” санал дэвшүүлсээр буйг чихнийхээ хажуугаар бүү өнгөрүүлээсэй билээ гэж хүснэм.Үүнд,тэрээр,төрийн тогтолцоог цаашид боловсронгуй, улам ажил хэрэгч болгох шугамыг ямар чиглэлээр харж байна? гэвэл, ард түмний зүгээс төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, амьдралын гүнээс ургаж буй тулгар асуудлуудтай нийцсэн “нийтэд ойр” шийдвэр гаргахад нь нөлөөлүүлэх боломж олгох чиглэлээр хардаг бөгөөд энэ зорилгоор “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулахыг дэмждэг.
Улс орны ашиг сонирхолыг эх орончоор дээдэлж, авилга хахуультай эвлэршгүй тэмцэх цэвэр ёс суртахуунтай хүмүүсээр төр засгийн удирдлагыг бэхжүүлэх, хариуцлагын гадна ажилладаг буюу ард түмний /сонгогчдын/ хяналтгүй, хувийн бизнес хөөцөлдсөөр төрийн албаны хугацаагаа өнгөрүүлдэг “хуулийн гадна” эрх мэдэлт хүмүүсээс төрөө сэрэмжлэх, төр засгийн эрх барих хүмүүсийг сонгоход монгол амьдралаас тасархай улс төрийн намууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг практикийг өөрчлөж, өөр оновчтой арга механизмаар солих, ажлын зохион байгуулалт, сахилгыг чанга байлгаж алсыг тод харсан цэгцтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэхийн хамт хариуцлагаа ухамсарлаж алдаагаа засч чаддаг ёс суртахуунтай, орчин үеийн өндөр мэдлэг боловсролтой гишүүд бүхий хоёр танхимтай парламенттай болох тухай зарчимын саналууд нь өнөөдөр нийгмийн сэтгэхүйгээс хариугаа хүлээж, хэрэгжүүлэхийг шаардсаар л байна.
Монголчууд бид үндэснийхээ мэргэд, сэхээтнүүдийн үгэнд орохдоо туйлаас хойрго, үл ойшоогч, бараг үл сонсогч дүлий улс бөгөөд биднийг тийм увайгүй лалар амьтад байлгахаар бусад үндэстний хараал хүрч, бас ад зэтгэрийн хар хорлол үсэрсэн мэт санагдмаар хачин муухай сэтгэлзүйтэй хүмүүс болчихсон гамшиг биднийг дотроос маань хорлогч нэг том “дайсан” мөн.
Бид бие биеэ үнэлдэггүй, ойлгохыг хүсдэггүй, үндэснийхээ авъяас билигтний зөн совин, эш бошго, үзэл онол, сануулга сэнхрүүлгийг ухаарах, дагахыг хичээхээсээ түрүүнд гадны хүмүүс, мэргэжилтнүүдийн л аахар шаахар үгс, гадаадын нэр хүндэтний л яльтай яльгүй онол эшийг ойлгох, хэрэглэхийг чарайдаг, сохроор шүтэн дээдлэх, ухвар мөчидөөр дууриан хуулбарлах сэтгэцийн архагт эмчилгээ авахааргүй шахам идэгдсэн ард түмэн юм. Яагаад би үүнийг энд муучлан нуршиж байна гэвэл, Д.Содном Монголын улс төр эдийн засгийн бодлого, удирдлагад хоног өнжилгүй гүнзгийрсээр байсан гажуудал, дутагдалыг засах мэргэжлийн санал, тэгэхдээ, хамгийн үр ашигтай, үндэсний онцлогтой саналуудыг байнга тавьж, “мэргэжлийн тэмцэл” хийсээр байсан юм.
1990 оноос хойшхи Монголын эдийн засгийн уналтын хамгийн ноцтой шалтгаан нь /дахин дахин хэлэхэд/ -нэгэн зүйлийн шинэ “хэлмэгдүүлэлт” болох өмч хувьчлалын “дажин” мөн. Төрийн өмчтйн ашиглалтыг сайжруулж өндөр ашиг орлоготой үйлдвэр - үйлчилгээний иж тогтолцоо бүрдүүлэх арга замыг хайхын оронд хэсэг шүдтэй, шүдгүй /өөрөөр хэлбэл, хөгшин, залуу/, “А”-тай “А”-гүй /өөрөөр хэлбэл гучин таван үсэгт тайлагдсан тайлагдаагүй/, монголтой монголгүй /өөрөөр хэлбэл монголыг мэдэх мэдэхгүй/ нөхөд “дууриагч, бэлэнчлэгч” сэтгэлгээгээрээ, гадаад “цонхтой” сэтгэлээрээ зах зээл гэгч “бэлэн хоол” руу нүд аниатай дайрч, өмч хувьчлалыг “шуургалуулж” цөөн хүмүүсийг /өөрсдийгөө оролцуулаад/ бэлэн капиталист болгосон. Тэгээд ч зогсохгүй өмч хувьчлалын “орлого”-оор “тойрон хүрээлэгчид”-ээ цалинжуулж, “жийпжүүлж”,”интернетжүүлж” хөөрхий ард түмний олонхид өнөөх цөөн хүмүүсээ танигдахын аргагүй, тэд ч цаадуулаа /ард түмний олонхийг/ огт танихын аргагүй болтол “глобальчилсан”.
Эдийн засагт ч ялгаагүй, улс төрд ч ялгаагүй хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийн эцсийн, үнэмлэхүй үр дүн ямар ч лоосуугүй үнэнээрээ энэ.Энэ үйл явцыг Д.Содном дув дуугүй аялдан дагалдаагүй, дутаж хоцорчих нь гэж адгаж дунд нь орж хутгалдаагүй, “гар цэвэр”, “нэр бүтэн” үлдсэн төдийгүй “төрийн өмчийн хэлбэрийг хязгаарлах бодлого нь төрийн өмчийг ашиглаж завшихтай хийх тэмцэл сул байх аргаар солигдох явдал яав ч биш” гэж бүгдэд дуулдахуйцаар хэлж байсан, байгаа. Өмч хувьчлалаас орох орлогыг тусгай санд хуримтлуулж үйлдвэрлэл сэргээх, тухайлбал, мал аж ахуйн гаралтай бүтээгдүүнийг худалдан авч малчидыг орлогожуулах болон боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр ханган ажиллуулах, үр тарианы нөөц бүрдүүлэх, шилдэг техник технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх зээл олгоход ашиглуулахаар ч шаардаж байсан юм.
Түүх хэнд ч “нулимдаггүй”.Түүхэн үнэнийг хэн нэгэн өөрөө мартаж болно, харин мартуулж хэн ч, хэзээ ч эс чадна.“Түүх бол өнгөрч буй бус, үлдэж буй цаг хугацаа” гэж хэлж болно.Өөрчилж хэлбэл, түүх нь коннотатив идэвхитэй утгаараа “үлдсэн” буюу хүмүүс өөрийн үзэл бодол, амьдралаараа цаг хугацааны урсгалаас сугалж, өнгөрөөлгүй үлдээж буй “тогтмол” юм. Иймд улс үндэстний түүх гэгч аугаа “тогтмол” нь иргэн бүрийн билиг ухаан, мэргэжлийн увьдас, цуцалтгүй хөдөлмөрөөр бүтсэн бодот ахуй, “биежсэн цаг хугацаа”-ны нийлбэр юм. Нэгэнт бодот юм болж үлдсэн, харьцангуйгаар мөнх чанарт шилжсэн цаг хугацааг “урсч” буй цаг хугацаа нь хөдөлгөж “Өнгөрсөн”-д хувиргаж чаддаггүй гэж би бодном.
“Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй” гэсэн үгтэй ч, үнэхээр л Туул голынхоо урсан өнгөрсөн урсгалд хэдэн жилийн дараа дахин орж биеэ булхаж чадахгүй ч, энэхүү “Амьдрал, Бодол” номыг уншиж суухуй, Туулынхаа тохойд тэртээ он жилүүдийн нүүрэнд жаргалтайяа усанд булхаж байсан яг тэр газраа очоод, дөлгөөн урсгалыг нь ширтэж, усаар нь магнайгаа сэрүүцүүлэн шавшиж, Богд Дүнжингарав уулаа, Чингэлтэй хан, Баянзүрх, Сонгинохайрханаа саравчлан зогсоо юм шиг эевэрүү, жигтэй танил, өнгөрсөн шиг хуучин хэрнээ иоээдүй шиг шинэ, “үл таних”, “үл өнгөрөх” сэтгэгдэл төрнөм.
Рене Декарт, “Би сэтгэж байна.Ингэхлээр оршиж байгаа хэрэг” гэж хэлжээ. Декартын бодсоныг хальт ч болохноо ухвал, тэрбээр “Амьдрах” гэдгийг “юм бодох”, аливааг ойлгож авах үйл явц гэж ухаарсан шиг Д.Содномын номын нэр ч, агуулга ч уншигчдыг Р.Декартын алдарт үг рүү аваачиж байна.
Гносеологийн үүднээс үзвэл, хүний амьдрал бол, юуны өмнө, “сайхан юм” бодсон бодол л юм.Муу муухай юм бодож, мөрөөдөж амьдарсан, “хэрэггүй юм”-ны тухай бодлоор амьдралаа дүүргэсэн хүн дэлхий дээр ганц ч байхгүй. Харин “сайхан юм” бодсон бодлоо амьдрал болгож чадсан, чадаагүй хоёрын ялгаа л хүн төрөлхтөний түүхийн “багана” болсон юм. Хүн төрөлхтөний түүх, эцсийн дүндээ, хүмүүсийн үйлдсэн сайн үйл, муу үйл хоёрын л тэмцэлдээний түүх болохоор тэр хоёрын аль нь алинаа ямар хэмжээний давсаны /аль нь алийгаа хэр ихээр ялсны/ хэмжээ зөрүүгээр нийгмийн харилцааны эерэг болоод сөрөг шинж чанар, мөн алив түүхэн үйл явц хөгжил үү, эсвэл ухралт уу? гэдэг нь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, сайн үйл давуу бөгөөд яламхай байсан тохиолдолд нийгмийн болоод бодгалийн амьдралын үр дүн эерэг чанартай буюу хөгжлийн чанартай, муу үйл нь давамгайлж ялгавар нь хасах /-/ тэмдэгтэй үлдэх буюу сөрөг шинж чанар агуулах тохиолд хүний амьдрал утгагүй, ач холбогдолгүй, ингэхлээр, үр дүн нь рересс чанарт хувирдаг гэж томъёолж болно.
Д.Содном амьдралаа “Бодол” гэж, тэгэхдээ, зөв бөгөөд сайн үйлс бүтээх үнэмлэхүй зорилготой “Бодол” гэж ойлгож бодлоо бодот үйл үйл ажиллагаар хэрэгжүүлэх, эерэг шинж чанартай, бүтээлч, төгс төгөлдөр утга агуулгатай өнгөрүүлсэн цаг хугацааны үр дүн болгон үлдээхээр хэрхэн тэмцсэнийг “Амьдрал, Бодол” бүтээл ч тодорхой өгүүлнэ.
Орос ардын үгэнд,“Үгээр бичсэнийг сүхээр цавчихад балардаггүй” гэсэн мэргэн хэлц байдаг байдаг нь санаанд орном.
2003 оны 04-р сарын 11
Хүн чулууны хөндий-Мэдээлэлийн Төв
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" 2010 номоос