ЭХ ОРОНЧ
Та эх оронч хүн мөн үү?
Үндэсний баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая!!!
Эх оронч гээд хил дээр очиж зогсож, үйлдвэр байгуулж, ядуу хүмүүсийг баян болгож чадахгүй ч гэсэн. Юм хийж бүтээж байгаа хүмүүсээ чадлаараа дэмжье гэж боддог юм. Монгол хэзээ нэгэн цагт сайхан болно доо, бүтээгдэхүүн нь дэлхийн жишигт хүрэхээр нь хэрэглэнэ дээ гэж хүлээдэггүй. Аль болох Монгол хүний хийсэн зүйлийг л хэрэглэхийг хичээдэг. Хүнсээ сонгохдоо МОНГОЛ гэсэн тодотголтой бүтээгдэхүүн байвал авахыг хичээдэг, хувцас байвал өмсөхийг боддог.
Эх оронч гэж хоосон орилохын оронд, нэг шилтэй ногоо дараад түүнийгээ гудамжинд бариад зогсож байгаа ногоочин хүүг, литр сүү саачихаад түүнийг зарж яваа бөгтөр эмээг, эсгий таавчиг оёчихоод зарах гээд байшингийн буланд сууж байгаа жирэмсэн эмэгтэйг, солонгосд сурч ирсэн зүйлээрээ сиймгэрч гэсэн 00-ийн цаас хийчихээд, түүнийгээ борлуулж чадахгүй машиныхаа хажууд уйлж суугаа Монгол залууг би ХАЙРЛАДАГ ЮМ. Тэр чинь МОНГОЛ ХҮН.
Нэг МОНГОЛ нөгөө МОНГОЛДОО ЭХ ОРОН.
Та үнэхээр эх оронч гэж өөрийгөө боддог бол дэлгүүрт ороод харц чинь юун дээр тусаж, гар чинь юуруу явдаг вэ? Та юу сонгох нь таны эрх. Би бол сиймгэр муу ч гэсэн монгол залуугийн хөлсөө шингээж хийсэн 00-ийн цаасыг сонгодог. Энэ бол миний л сонголт. Чадлаараа МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖЬЕ. Монгол хүн Монгол хүнээ дэмжихгүй бол хэн Монгол хүнийг дэмжих вэ?
Бид эх оронч байж арай үнэтэй ч, чанар арай муу ч монголчуудынхаа хийж бүтээсэн зүйлийг худалдан авбал цаана нь хэдэн монголчуудын маань амьдрал дээшилж, тэдний хийх бүтээгдэхүүний чанар ч сайжирна. Гадны өнгө дизайн сайтай хувцасд хуурталгүйгээр монгол эзэнтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч тэднийгээ дэмжие. Импортын цайнуудын оронд Их тайг, Чага гээд цайнуудаа сонгоё. Хятад биш үндэсний эсгий таавчиг өмсье. Цайны жигнэмэгүүд амтаараа бусдыг гүйцэхгүй ч, гэхдээ бид л авч байж үйлдвэрлэгч орлогоороо технологио сайжруулж нэг л өдөр үнэхээр амттайг хийх болно. Одоохондоо манай үйлдвэрүүд тоног төхөөрөмж муутай л даа. Гэхдээ Монгол хүн бид л хэрэглэгчдийн тоог нь нэмж байж л тэр компани оршин тогтнож үйлдвэр нь хөгжинэ шүү дээ. Монгол ресторанд орье, монгол хувцас авч өмсье, монгол гоо сайхны бүтээгдэхүүнээрээ гоёж гангаръя. Монгол ногоогоо идье, монгол эзэнтэй банкаар үйлчлүүлье.
Ингэж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ.
Тун удахгүй үндэсний их баяр Цагаан сар болно. Цагаан сарын баярын үеийн барааны эргэлт, мөнгөний урсгалаар Эрээн хот хэрхэн хөгжсөнийг хүн бүр ярьдаг. Тэгвэл энэ жил бид яах вэ? Хятадын нүд хуурсан чанар муутай бараагаар сэтгэлээ зогоож, нэгнээ хуурсаар байх уу? 10 хүнд чанаргүй 10 бэлэг өгсөнөөс, тухайн гэр бүл дунд нь үндэсний үйлдвэрийн үнэхээр чанар чансаатай нэг бүтээгдэхүүн бэлэглэчихсэн ч болно шүү дээ. Цагаан сарын ширээгээ ч бас үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дүүргэчихвэл бахархал биз дээ.
- Чихэр, жигнэмэг
- Талх, нарийн боов
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Даршилсан ногоо, жимс
- Гоо сайхны бараа бүтээгдэхүүн
- Бээлий, оймс
- Хүүхдийн тоглоом
- Малгай, ороолт
- КАШМЕР
- Ноос ноолууран эдлэл
- Бэлэг дурсгалын зүйлс
- Ширэн эдлэл
- Нэхий эдлэл
- Хивс, хивсэнцэр
- Жинсэн өмд, ажлын хувцас
- Гутал
- Монгол хувцас гээд л бүгдийг нь монгол хүмүүс хийж чадаж байна шүү дээ.
Өнөөдөр та үндэсний үйлдвэрийнхээ юу худалдаж авсан бэ? Маргааш, нөгөөдөр юу авах вэ? Бид бүгд Монгол хүн биз дээ. Тэгвэл үндэсний үйлдвэрээ дэмжиж хамтдаа хөгжүүлцгээе. Бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цаг болсон. Улс бүр л үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжлийн шинэ шатанд дэвшсэн байдаг. Бид хэдий болтол ингэж явах юм бэ? Нэгийг бодох цаг болжээ, Монгол хүмүүс бид.