Эр хүний нэг бахархал
Аав, эцэг, гэрийн эзэн, нөхөр, хань өрхийн тэргүүн хэмээх алдар нэр эр хүнд ноогддог. Сонсоход сонсголонтой нэр хүндтэй энэ нэрийн эзэн байна гэдэг эр хүний нэг бахархал гэж үздэг. Бас том хариуцлага юм. Биеэ засад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн гүн утгатай үгийг та бид бүгд мэднэ. Энэ нь эр хүн эхлээд биеэ засах буюу амьдарч чадах чадвартай зөв сэтгэлтэй болсон байна гэсэн үг болов уу? Энд юу багтах бол гэж бодохоор эрүүл чийрэг бие бялдар, мэргэжил, ажил хөдөлмөр хийх чадвар, амьдрах арга ухаан, аав, ээж, ах дүүгээ ачлах тэр тусмаа эмэгтэй хүн, эх хүн, хүүхдийг хайрлах, асрамжлах зөөлөн сэтгэл зөв бодол ухаан, олон түмэнтэйгээ эв эетэй явах, өөдрөг ухаан гээд олон зүйл багтах байх. Манай ард түмэн аль эртнээс эр хүнийг эрхэмлэн үзэж, түүнд байгаа олон сайхан шинжийг олж харан магтан дуулж, хойч үед сургамжлан зааж иржээ. Монгол залуучууд ч эр хүний, эцэг хүний, өрхийн тэргүүний олон сайхан чанарыг эзэмшиж, эр хүн, үр хүүхдийн эцэг, өрх гэрийн эзэн, улс гүрний цэрэг эрс байсаар ирсэн.
Тэгээд ч ард түмэн эцэг хүний таван эрдмийг:
-уужим ухаан
-хатан зориг
-бат журам
-өрх гэрийн түшиг
-үр хүүхдийн сүр сүлд хэмээн өгүүлжээ.
Ер нь эцэг хүн, өрх гэрээ авч явдгийн хувьд өөрөө зөв сайн, ухаалаг үйл бүхний үлгэр байдаг. Хэдийгээр өөрт нь ямар нэгэн дутагдал байлаа ч түүнээ үр хүүхдийнхээ чихэнд сонсгож, нүдэнд харагдуулахгүйг хичээдэг.
Өөрөө аль нэг дутагдал гаргачихвал аав шигээ ийм алдаа гаргаж болохгүй шүү гэж хүүхэддээ хэлж чаддаг эцэг байх ёстой. Эр хүний нэгэн эрхэм үүрэг нь ухаантай үйл хэрэг, ханиа хүндэтгэж, асрамжлан ханийн жаргал эдлүүлэх явдал юм.
Хань гэдэг гэрийн нэгэн багана, үрийн чинь эх, өр нимгэн бүсгүй хүн, хүний үр, насны чинь хань. Энэ хүнээс эрхэм хүн танд байхгүй нь мэдээж.
Жаргалтай, ая тухтай амгалан тайван, сэтгэл дүүрэн, өөдтэйхэн амьдрая гэвэл ханиа л хайрлаж, түүндээ сэтгэлийн жаргал эдлүүлж явах ёстой. Ханийн заяа, үрийн заяаг гомдоож болдоггүй. Ханийн заяа өөрийн заяаг ч хаядаг гэдэг оргүй үг биш ээ.