Эрүүл амьдралаа бүтээцгээе...
11 жил, 8 сар өмнө

Нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуйг эрхэлдэг байсны хувьд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс зөв зохистой амьдралын зүй тогтолтой байжээ. Энэ нь хоол хүнсээ тохируулан хэрэглэж зөв хооллолтыг анхааран энгийн мэт зүйлсүүдээ уйгагүй мөрдсөөр ирсэн амьдралыг үзэх гүн ухаанаар нь илэрдэг. Тухайлбал: Өглөө хаан шиг, өдөр гүнж шиг, үдэш боол шиг хоол хүнсээ тохируулан хэрэглэснээр хүн эрүүл, урт удаан амьдрах боломжтой хэмээн үзэж үр хүүхэддээ заан сургасаар ирсэн. Түүнчлэн бидний өвөг дээдэс жилийн 4 улиралд мал аж ахуйгаа эрхлэн амсхийх ч чөлөөгүй хөдөлмөрлөж, зуны улиралд мах хэрэглэхгүй цагаан идээгээрээ хөнгөн хооллож, өвлийн цагт халуун хошуут малынхаа махыг элбэг дэлбэг хүртэж хэрэгцээт амин дэмээ авдаг байсан нь эрүүл амьдралтай нь ихээхэн холбоотой гэж судлаачид үзсэн байдаг. Үнэхээр ч энэ нь тухайн үед, өнөөдөр дэлхийн хүн амын дунд чимээгүй тахал гэж нэрлэгдээд байгаа “Таргалалт” гэх өвчин байхгүй байснаар батлагдана. Цагаан идээ, махаа нарийн зөв хувиарлалтын дагуу голчлон хэрэглэж өвдөх өвчингүй санаа зовних зүйлгүй байжээ. Тэд хааяахан таарах таргалалтыг буяны тарга хэмээн хэлдэг байсан бол өнөөдөр буяны тарга гэдэг нэр автоматаар хасагдаж хүн бүр л хэрхэн турах тухай хэлэлцдэг боллоо. Энэ өвчний эх үндэс юу вэ? Зөв зохисгүй хооллолт. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр оочирлож авдаг байсан ховорхон чихэр жимс, амттан, архи дарс элбэг дэлбэг болж Монголчуудын зөв зохистой хооллолтын дэглэм алдагдаж зөв хооллолтын талаарх асар их мэдлэг мартагдан гээгдсэн гэхэд болно. Зүй тогтолтой зөв амьдралын хэв маяг алдагдахын хирээр иргэншлийн өвчин “таргалалт” сүүлийн жилүүдэд улам бүр даамжирсаар байна. ЭМЯ-аас Монгол улсын хүн амын 50 хувь нь таргалалттай гэсэн судалгаа гарсан байна. “БИ Турмаар байна”... Ихэнх хүн ингэж хүсч өөр өөрсдийн арга барил, мэдлэг чадвараараа “Таргалалт” өвчинтэй тэмцэж байгаа ч үр дүн маш бага байгаа нь судалгаагаар харагдлаа. Эрүүл зөв хооллолтын клуб, бясалгал гэх мэт олон зүйлсд  ихээр хамрагдах болсон ч яагаад үр дүн бага байна вэ? Зөв хооллолтыг мэдэхийг танихыг хүсдэг болсон ч энд ямар дэглэм барих дээрээ алддаг нь ажиглагдаж байна. Жишээлбэл: Цагаан хоолтон болоод махаа идхээ больвол эсвэл 18 цагаас хойш л хоол идэхгүй байвал эрүүл байна, бас таргалахгүй гэсэн ташаа ойлголт. Гэвч үнэн хэрэг дээрээ ногоонд байдаг 100 хувийн уураг махны 1 хувь уурагтай тэнцдэг болохыг судлаачид батлажээ. Мөн сүүлийн үед мах идэлгүй удаан яваад тамир тэнхээгээ алдаж, уургийн дутагдалд орсон олон хүн эмнэлэгт ирэх болсон байна. Харин судлаачид болон эмч нар Монгол хүн эрс тэс уур амьсгалдаа зохицсон махаа идэж уургаа авахыг иргэдэд зөвлөдөг байна. Мөн хүүхэд залуучууд 18 цагаас хойш хоол идэхгүй хэмээн хоолоо хорьж ходоодоо буруу хооллолтонд дасгаж байгаа нь 30,40 хүрээд хумсын чинээ ходоодтой болно гэдгийг сануулж байна. Энэ нь залуус хоолноос гарч турна, эрүүл болно гэж ихэнх тохиолдолд буруу арга хэрэглэдэгийг харуулж байгаа юм. Тиймээс бид яг одооноос хоолоо сойж, өөрийгөө хорьж цагдалгүй, шим тэжээлтэй хоолыг хамгийн гол нь тааруулан идэж байх хэрэгтэй юм. Мөн хөдөлгөөний дутагдалаас л ангижрах хэрэгтэй байна. ЗӨВ ХООЛЛОЛТ ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ... Нийгэм хөгжихийн хирээр бие биенээсээ холдож хөдөлгөөний хомсдолд орж буйгаа анзаарах сөхөөгүй гүйсээр байх уу?... Хэдэн буудал ч гэлээ алхаад ч очиж уулзаж ярилцдаг байсан гээд л ярих аавын яриа чинхэд сонсогдчихлоо. Гэтэл өнөөдөр 2 буудал алхаад очоод уулзахын оронд улам л бэлэнчилж мессеж бичин, мессенжерт мэнд мэдээд өнгөрөх жишээтэй, юм бүхнийг хялбарчилж хөдөлгөөнөө багасгах болжээ. ХӨДӨЛГӨӨН ДУТАГДАЖ БАЙНА. Одоо яавал дээр вэ? гэж үү Хүн өдөрт 5 км алхвал эрүүл амьдрахад маш чухал нөлөөг үзүүлдэг байна. Тэгэхээр гэрээсээ гараад такси, микр гэлгүй өглөө бүр гүйж, алхаж Эрүүл, АЗ жаргалтай амьдралаа зүй зохистой нарийн дэглэмээр бүтээцгээе. Онцлон сануулхад гүйлт бол биеийн тамирын хатан хаан бөгөөд та гүйснээр, хурдтай алхсанаар гоолиг туранхай болохоос гадна хамгийн гол нь эрүүл мэндийг олж авах болно.Түүнчлэн өвөг дээдсийн гүн ухааныг эрэн хайцгаая. Жишээлбэл хоолоо идэж дуусаад хэлэх үг, ярих яриандаа анхаарлаа хандуулж ач холбогдолыг өгөөд үзэе. Бидний санамсаргүй тоглоод тоолгүй хэлсэн буруу үгнээс хоол биед тэжээл болох уу? хор болох уу? гэдэг нь шийдэгддэг байна. Бодоод үзээрэй, та юу гэж хэлдэг вэ? Ёо, ёо гэснээ сайхан боллоо гэдэг юм биш биз... Бидний хэлэх үгээр л ходоодонд орсон хоол боловсрох үгүй нь шийдэгддэг гэдгийг дахин сануулъя. Харин өвөг дээдэс маань хооллож дуусаад рашаан болог гэж хэлдэг байжээ. Энэ нь тэдний хичнээн мэргэн ухаантай хүмүүс байсныг нь гэрчлээд зогсохгүй зөв хооллолтын ухааныг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсныг илтгэнэ. Иймээс бид энэ мэт өвөг дээдсийнхээ зүй зохистой хооллолтын мэдлэгийг эрж хайж, анзааралгүй тоолгүй орхисон агуу гүн ухааныг мэдхийн тулд хичээж мэдлэг болгон хуримтлуулж авах нь ач холбогдолтой төдийгүй үр хүүхдээ эрүүл өсгөхөд чухал нөлөөг үзүүлэх нь гарцаагүй юм. Дашрамд дурдахад: Таргалалтыг чихрийн шижин, даралт ихсэх, амьсгалын замын үрэвсэл, зүрх судасны өвчин зэрэг олон таагүй өвчнүүд дагалдаж байдаг. Тиймээс  эрт дээр үеэс 3 хор хэмээн хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийдэг өөх, давс, элсэн чихэрийг багаар хэрэглэж заншаарай. Ингээд төгсгөлд нь сонирхуулхад: Америк улс таргалалт өндөртэй орнуудыг манлайлж байгаа ч иргэд энэ бүхэнтэйгээ тэмцэн хавчуургатай талх, хийжүүлсэн ундаа таргалалтын шалтгаан гэж үзээд алдарт "Мак Доналдс " ыг шүүхэд өгч байсан жишээтэй байх юм...Бид өөрсдийнхөө төлөө ямарваа нэгэн үйлдлийг хийхгүй бол өөр хэн хааннас ирж хийж өгөх билээ!!! Гэхдээ бидэнд цаг хугацаа байна, сонголт бидний гарт байна. Эрүүл зөв амьдралыг дэлхий даяар эрэлхийлэх болсон энэ үед өөрсдийн баялагаа анзааран харж бүхий л амин дэмийг агуулсан бидний биед гайхалтай зохицсон цагаан идээгээ хэрэглэж үргэлж хөдөлж Эрүүл сайхан амьдарцгааъя...