Эрч хүч, эр зориг
Алдааг засах, дахин зүтгэх тэр чанаруудыг л эцэг эх сайн суулгах учиртай. Хүүхэд бүдэрч унавал босоод дахин явахад л тусал. Өргөж босгох, цашаа тэвэрч явах, хөтлөх хэрэггүй.
Харин үг хэлээрээ зоригжуулж, дэмжиж өгөөрэй. Бас яг одоо босоод цааш яв гэж тулган шаардаж, дуугаа өндөрсгөж бас болохгүй. Хэрэв хүүхэд нэг бүдэрчихээд дахин давтахаас хулчийх юм бол зөвхөн үгээр зоригжуулж ятгах ёстой.
Манлайлагч хүүхдийн гол чанар болох өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хүндлэх чанар нь эцэг эхээс л хамаардаг. Та буруу алхам хийвэл сэтгэлийн энэ тэнхээнүүд үгүй болно.
Зарим хүмүүс тэмцээн уралдаан манлайлагчийг бий болгодог гэж үздэг. Хэн нь хоолоо түрүүлж идэх вэ? Хэн нь аяга тавгаа илүү угаах вэ? гэх мэт уралдаан явуулдаг. Үе тэнгийн хүүхдүүдийн дунд байж болох зүйл. Харин нэг гэрийн болон хамаатан садан, ах эгч нарын дунд ийм уралдаан зохиож огт болохгүй. Нөгөө талаар хэрэв танай хүүхэд ямар нэг уралдаанд хожигдох аваас шоолох юмуу загнаж огт болохгүй. Бас түрүүллээ гэж шагнаж болохгүй. Зөвхөн магтаад өнгөрөх ёстой.
Хүүхдийг хар багаас нь өөртөө итгэлтэй болгоод хүмүүжүүлчихвэл хүүхдүүд түүн рүү тэмүүлж эхэлдэг. Өөртөө итгэлтэй хүүхэд маш идэвхитэй, хөдөлгөөнтэй, баяр баясгалантай байдаг.
Тэр хөдөлгөөнт тоглоомд нэн дуртай. Голдуу шинэ тоглоомоор наадах дуртай бөгөөд ямар ч тоглоомын үед хамгийн хүндтэй дүрийг авдаг. Багш сурган хүмүүжүүлэгчид түүнд хайртай бөгөөд хоолны ширээ бэлдэх зэрэг аливаа ажилдаа түүгээр туслуулах дуртай. Манлайлагч үргэлж өмнө нь гялалздаг. Тэр дандаа инээмсэглэх ба бусдыг татах увидастай гэдгээ өдөр ирэх тутам мэдэрдэг. Ийм хүүхэд бусдыг удирдан залдаг. Зөвхөн үе тэнгийнхэн биш томчуудыг ч удирдана. Өнөөдөр яаж тоглох, хэнтэй тоглох, хэнтэй үл тоглох зэргийг тэр шийднэ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бусад хүүхдийг залж эхэлдэг. Гэхдээ эцэг эх маш их анхаарч манлайлагч хүүхдийг зөв замд залахгүй бол тэд буруу замаар орж сахилгагүй, хулигаан хүүхдүүдийн багийг ахлах нь элбэг. Манлайлагч удирдагч байна гэдэг нь бусад хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээх гэсэн үг гэдгийг түүнд сайтар ойлгуулах ёстой.
Манлайлагч хүүхдэд ямар ч шүүмжлэлийг сэтгэлийн донсголгүй хүлээж авах чадвар суулгах нь эцэг эхийн үүрэг. Хүүхдийг шүүмжлэхдээ ухаалаг, бодитой, алдааг нь засах чиглэлтэй байх ёстой. Харин доромжилсон өнгө аяс гаргаж болохгүй. “Чи хүүхдүүдтэй их сайн найзалж тусалдаг юм байна. Гэхдээ чи заримдаа хүүхдүүд рүү хашгирах юм. Хашгирахаа больчихвол хүүхдүүд улам л чамтай тоглох дуртай болно доо” гэж ээж нь хоёулхнаа байхдаа тайван хэлбэл тэр сайн хүлээж авдаг.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.