Энэ миний ажил
Юу хамгаас сайн үйл вэ?
Хийж байгаа ажлаа сайн хийх. / Питтак /
Буудал дээрээ удаан зогслоо гэсэн зорчигчийн үгэнд эгдүүцсэн жолооч хурд аван хөдлөхдөө замын хажуу руу шарван давхилаа. Хүмүүс шуугилдан, жолоочийг тэнэг мангараар нь дуудахад,
- Тээр та нар хурдан явахаар ингэдэг байхгүй юу гэж хээвнэг танчигнатал инээлээ.
- Хүлээж чадахгүй бол буух л үгүй гэж кондуктор нь ч том дуугарна.
Болиоч ээ, хүмүүс ямар тоглоом юм уу гэж настайвтар хүн чанга дуугархад, энд тэнд хүмүүс шуугилдан ам амандаа жолоочийг буруутгана. Хэнд ч харсан эрүүл сэтгэхүй биш ээ. Би тэрхэн хооронд “Энэ жолоочийг сонгож байдаг ямар дарга байдаг юм бол...” гэж бодлоо.
Автобусанд суух болгондоо би жолоочийн тухай, кондукторын тухай, бүр автобусны тухай хүртэл дандаа бодох юм. Гэхдээ сайн бодол биш шүү. Би хэрвээ оронд нь байсан бол гэж бодохоор бүр ч аазгай хөдөлнө. Олон хүмүүсийг очих газарт нь дөхүүлж өгдөг, хүмүүстэй чин сэтгэлээсээ мэндэлж болно, дандаа явдаг чиглэлдээ бол олон хүнийг таньдаг болно, тэднийг харахдаа дандаа инээмсэглэнэ... гээд жолооч, кондукторын хийж байгаа ажлыг бодохоор их л сайхан. Үнэндээ хүмүүст талархаж үйлчилнэ гэдэг сайхан ажил шүү дээ. Гэтэл тэд энэ ажлаа миний ажил гэж “өмчилж” болдоггүй юм байх даа.
Хэрвээ автобусны жолооч зөвхөн өөрийн төрөл садныг бүгдийг нь суулгаад явж байгаа бол хэзээ ч бухимдах зүйл гаргахгүй дээ. Тачигнатал инээж, замын хашлага мөргөх шахан давхих байсан гэж үү? Тэр минь хордох вий гээд тамхи бол бүр ч татахгүй биз? Инээгээд л, урамтай явах байсан даа.
Автобусны кондуктор гэртээ тоос шороо, хогондоо дарагдаад суудаггүй л байлтай. Кондуктор хийдэг хүмүүсийн гэрээр нь орж үзэх хүсэл төрчихлөө. Ихэнх нь л бүсгүй хүн, ялангуяа ээж л баймаар хүмүүс харагддаг. Гэтэл тэдний үйлчилж байгаа автобус дүүрэн хогтой, хоггүй зарим нь суудал нь цагаан хувцастай суухын аргагүй тоос. Цонх бол бүр ч ярилтгүй, шил шиг тунгалаг гэдэг үг бол автобусны цонхонд л лав тохирохгүй зүйрлэл.
Зөвхөн мөнгө хураахын төлөө л үйлчилж байгаа юм шиг ааш гаргаад байхаар хүмүүс хүртэл нэг л хайхрамжгүй. Зарим нь бүр нэхүүлэн барин мөнгөө өгөхдөө кондуктортой хэрэлдэнэ. Хүн хүнээ хүндлэх соёл аль алинд нь байхгүй болохоор өдөр бүхэн энэ дүр зураг давтагдана.
Олон нийтийн ажил эрхэлдэг хүмүүс, тэр дундаа автобусны жолооч, кондукторууд “Энэ миний ажил” гэж өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг байгаасай. Хогтой, тоостой автобусанд хүмүүс суулгахаасаа ичдэг байгаасай. Автобусанд нь хог хаядаг хүмүүст “Хогоо аваарай” гэж шаардлага тавьдаг байгаасай. Хамгийн чухал нь ажилдаа сэтгэл гаргадаг байгаасай.