Энэ их гай гамшигийг хэн хаанаас гаргаад ирэв ээ?!
Яагаад надад гай гамшиг тохиолддог вэ?
Бидний ихэнхи нь ямар нэгэн юм залшгүй тулгарч, хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог. Яагаад тэр вэ? Учир нь өөрчлөгдөхгүй буюу хэвэндээ байх нь хялбар байдаг тул бид чулуун хана мөргөтлөө бахь байдгаа хийсээр л байдаг.
Эрүүл мэндээ аваад үзье л дээ. Бид хэзээ хоолны дэглэм сахиж, дасгал сургууль хийдэг билээ? Бидний бие махбод өвчинд баригдан тартагтаа тулж, эмч танд “Та амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол та ч өөрийгөө баллах нь дээ” гэж хэлмэгц бид гэнэт л хийж, хичээж эхэлдэг шүү дээ.
Харилцааны хувьд-бид хэзээ хэн хэндээ хэрхэн их анхаарал халамж тавьж, хайрлаж байснаа хэлдэг билээ? Гэрлэлт цуцлахад буюу гэр бүл салж сарнихад!
Сургуульд –хэзээ бид өдөр шөнөгүй сууж, хичээл номоо давтдаг билээ? Бид хичээл шалгалтандаа унах болохоор л ингэдэг.
Бизнест-хэзээ бид цоо шинэ санаа дэвшүүлж, ”сүрхий” шийдвэр гаргадаг билээ? Өр ширэнд баригдахаараа. Хэрэглэгчдээ хэрхэн үйлчлэхийг бид ганц ч үйлчлүүлэгчгүй болсон цагтаа л ойлгодог!
Бид хэзээ залбирдаг билээ? Амьдралд нухлуулахаараа ”Бурхан тэнгэр минь, та намайг авран өршөөгөөч” гэдэг.
Бид хүнд бэрх зүйлс тулгарахад их юм ухаарч, агуу зүйлийг ойлгодог. Та хэзээ амьдралдаа хамгийн чухал шийдвэрээ гаргадаг билээ?
Та амьдралд алдаж, сөхөрч унасан үедээ, ”дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болох үед. Зөвхөн тэр үед л та өөртөө “Ядуурч дампуурч, нурж унахаас залхлаа. Алтан дундаж явахаас залхлаа. Энэ байдлаас гаръя, ямар нэгэн зүйл хийе” гэж хэлдэг . Амжилтаа бид тэмдэглэдэг, гэхдээ түүнээс маш их юм сурдаг. Бид эргэн санахад гай гамшиг л бидний олон зүйлийг өөрчилсөн байдаг.
Овсгоотой нэгэн нь асуудалд орооцолдож явдаггүй, бэрх цөлх юмтай учрахад тэд өөрсдөөсөө “Бодож санаж байгаагаа, хийж байгаа юмаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бол? Яавал одоо байгаагаасаа илүү дээр байж чадах вэ?” гэж боддог байхад олхиогүй нэг нь муу бүхний эхлэл дохиог анзааралгүй өнгөрөхөд харин хожим нь байшингийнх нь дээвэр нурахад “Яагаад энэ бүхэн надад тохиолддог байнаа?” гэж амаа барьдаг.
Бид дадал зуршлын бүтээгдэхүүн. Бид өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орох хүртлээ хийж дадсан юмаа хийсээр байдаг.
Нараа А гэдэг найз залуутайгаа муудалцжээ. Гутран, долоо хоног өрөөнөөсөө толгойгоо цухуйлгасангүй. Харин аажмаар хуучин найз нөхөдтэйгээ уулзаж, шинэ найз нөхөдтэй болжээ. Удалгүй гэр байшингаа, мөн ажлаа солив. Зургаан сарын дараа тэр өмнө өмнөхөөсөө илүү их аз жаргалтай, өөртөө илүү их итгэлтэй болжээ. Бодоход, А найз залуугаа алдаж ГАМШИГТ нэрвэгдсэнээрээ түүнээс хавьгүй их аз жаргалтай учирчээ.
Батын амьдрал нь тийм ч таатай байсангүй. Ажил олдохгүй болохоор нь тэр өөрөө багахан ажил эхүүлжээ. Амьдралдаа анх удаа өөрөө өөрийнхөө эзэн, өөрийнхөө хүссэн юмыг хийх болов. Жижиг сажиг асуудал байсан ч түүний амьдрал цоо шинэ, утга агуулагатай, шинэ содон зүйлээр дүүрэн, харин ч гай гамшигаас ангид болсон байна.
АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ ГАЙ ГАМШГИЙН ЦУВАА ЮМ УУ?
Тийм байх албагүй. Хорвоо ертөнц биднийг сайн сайхан дохиогоор ёворч байдаг, харин үүнийг нь үл анзаарвал лантуугаар нүдэж эхэлнэ дээ.
Дааж тэсвэрлэхэд тун хэцүү зүйл бол өсөлт хөгжил билээ.
ХИЧЭЭЛ СУРГАМЖ
Амьдралд бидний оюун ухаанаас давсан, үл ойлгогдох зарим зүйлс байдаг. Хүүхэд ДОХ-тэй төрөх ч юмуу, бүхэл тосгоныг үер урсгах ч юмуу, энэ үед бид “Яагаад” гэж асуухаас өөр аргагүй. Эдгээр зүйлд хариулт олдохгүй мэт санагдаж болох юм. Харин арай өөр өнцгөөс харвал “өдөр тутмын амьдралаас” зарим нэг зах сэжүүрийг олж болмоор.
Та яагаад тодорхой нэг юм, тодорхой нэг хүнд тохиогоод байдгийг ажигласан уу? Аагий зургаан сар болоод ажлаасаа халагддаг, Баагий жил болгон шүүхээр орж байдаг, Бээгий дандаа хор ууж байдаг гэх мэт.
Тодорхой юмс тодорхой хүмүүст ер тохиодоггүй мэт санагддаг. Баагий ажлаасаа халагддаггүй, Бээгий шүүхэд ер дуудагддаггүй, Аагий эмнэлэгээс хэл дуулдаггүй.
Хэсэг бүлэг хүмүүст хэсэг тодорхой сургамж байдаг. Бид энэ бүхэнд дараах гурван аргын аль нэгийг ашиглаж хариу үйлдэл хийнэ. Бид эсвэл:
-“МИНИЙ АМЬДРАЛ ТОДОРХОЙ НАРИЙН ДАРААЛАЛТАЙ, СУРАХ ОЙЛГОХ ЁСТОЙ ЦУВРАЛ СУРГАМЖ ЮМ”./ хамгийн эрүүл ашигтай арга оюун санааны амгалан байдлын баталгааг хангана./
-“АМЬДРАЛ БОЛ ТОГЛООМ ЮМ, БИ ЗАМД ТААРСАН ЗҮЙЛИЙН ИХЭНХИЙГ ХҮРТДЭГ”/ дараагийн сайн сонголт-амьдралын дундаж түвшин/
-ЯАГААД МУУ БҮХЭН НАДАД ТОХИОЛДООД БАЙНА ВЭ?”/ гай зовлон бухимдал цухлыг авчирна/
Бидний амьдралд байнгын хичээл сургамж бэлтгэгдсэн байдаг. Хэрвээ бид хичээлийг ойлгохгүй сурахгүй, сургамж авахгүй байвал дахиад, бас дахиад дахин хичээл орох болно.
Үүнийг тэнгэрийн заалт, байгалийн тохиол, заяа төөрөг гэж хэлж нэрлэсэн ч энэ бүхэн тохиолдсоор. Хариуцлага үүрээд гарсан ч, золиос боллоо гэж зарласан ч, тэмцсэн ч, үл тоомсорлосон ч тохиосоор болсоор л байна. Бүхий л амьдралын чинь турш үргэлжилнэ. Таны хөрш таныг чичилж загнасан ч, хүнд” хулхидуулсан ч”, хайртай хүнээ алдсан ч энэ бүхэн хичээл сургамж болж таныг харсаар тантай нүүр тулсаар л байх болно.
Хэрвээ танд долоо хоногийн турш золгүй явдал учирсан бол та юм сурсангүй ахисангүй. Хэрэв та ажлаа, хайртыгаа, мөнгөө алдаж байгаа бол та мөн л анхаарал тавихгүй байгаагийн шинж. Нэгэн бүсгүйн хэлсэнчлэн “өнөөх л хуучин асуудлууд минь сүүдэр шиг дагасаар байх юм” гэсэнтэй л ижил юм.
Бид муугаар бодлоо л гэхэд “ Шударга биш байна” гэх.
ЭЦСИЙН ЭЦЭСТ бид бүхэн энд залхаан цээрлүүлэгдэхийн тулд биш, харин ухамсарлан суралцан боловсрохын тулд ирсэн билээ. Тохиол болгон биднийг сургаж, биднийг хөгжүүлж байдаг, гай гамшиг бид бүхний бодол санааг өөрчлөн агуутгах онцгой чадамжтай байдаг. ТОХИОЛ БОЛГОНД ЗОРИЛГОТОЙГООР ХАНД, ТЭГВЭЛ ЧИНИЙ АМЬДРАЛ УТГА УЧИРТАЙ БОЛНО. Туршлага яагаад хэрэгтэй байдгийг ойлгож, түүнийг маш хурдан олж эзэмш, нэгэнт олж авсан зүйл хаягдахгүй.