Эмч, багш, дарга болно… гэхдээ ардын дуугаа дуулна
10 жил, 9 сар өмнө

Хүүхдийн инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.

Ардын сайхан дуугаа өвлөн дуулж, томчуудын хайр хүндэтгэлийг хүлээж яваа “Яруу эгшиглэн” хамтлаг нь 5-9 насны найман гишүүнтэй, байгуулагдаад нэг жил болох гэж байгаа ажээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар тус төвд ардын дуу, бүжиг сурч үндэсний хөгжмөөр тоглож сурчээ. Тэд одоо урын сандаа 20 гаруй дуутай, анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Тус төвийн багш С. Дэлгэрцэцэгийн хэлснээр хүүхдүүд анх ирэхдээ монгол дуу, бүжиг, үндэсний хөгжмийн талаар мэдлэг, мэдээлэл маш бага байдаг аж. Гэхдээ хүүхдүүдтэй сар шахам ажиллахад аяндаа өөрсдөө дуу хөгжимдөө дуртай болдог гэв.

-“Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийг танилцуулаач? 
-Хамтлагийн ахлагч Энхбатын Энх-Амгалан 8 настай,  хамтлагийн гишүүд болох Баянмөнхийн Аззаяа 7 настай, Батбуяны Жавхлантөгс 6 настай, Баттулгын Ариунзул 6 настай, Мөнхбатын Амарбясгалан 6 настай, Мөнхбаатарын Уянга 5 настай, Нарандоржийн Азтүшиг 6 настай, Батмөнхийн Саруулсайхан 7 настай.

-Хүүхдүүд яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? 
 -Монгол ардын 20 дуутай “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2″ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар бүх дуунуудынхаа хоолойн бичлэгийг хийчихсэн байгаа.

Амжвал олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цомгоо гаргахаар шуурхайлж байна. Энэ удаагийн цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлэхийг зорьж байна.

-“Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-I” цомгийг “Монгол эгшиглэн” хамтлаг гаргаж байсныг санаж байна. Та анх тус хамтлагийг үүсгэн байгуулсан гэж байсан. Тэр талаараа дурсаач?
-Тийм. 2009 онд  нийслэлийн Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа 5-6 настай хүүхдүүдээс бүрдсэн “Монгол эгшиглэн” хамтлагийг анх үүсгэн байгуулсан. “Монгол эгшиглэн” хамтлаг маань өрх тусгаарлаад одоо ч уран бүтээлээ хийж яваа. Тэд энэ сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриатайгаар “Бид монгол хүүхдүүд-2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Өнгөрсөн онд “Монгол эгшиглэн” хамтлагийн экс гишүүн Э.Энхнарангийн эцэг эхийн хамт “Галбингаа” сургалтын төвийг нээж, хүүхдүүдэд ардын дуу, бүжиг, хөгжим заах болсон. Тэгээд  суралцагч хүүхдүүдээсээ сонгон “Яруу эгшиглэн” хамтлагийг үүсгэн байгууллаа.  Хоёр хамтлагийн хүүхдүүд маань нэг талаар өрсөлдөгчид. Бид цөм нэг л зорилгын төлөө уран бүтээлээ хийж явна. Тийм болохоор хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй монгол ардын дуу хуурыг өвлөн авч, хойч үедээ үлдээж байгаа нь хамгийн чухал.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүдэд оролцох уу?  
-Хэд хэдэн арга хэмжээнд оролцох урилгатай байгаа. Энэ сарын 30-нд  дэлхийн олон оронд болдог “World harmony run” гүйлтэд оролцогчид Улаанбаатар хотод ирнэ. Тэднийг угтах арга хэмжээний үеэр манай хамтлагийн хүүхдүүд эх орноо төлөөлөн ая дуугаа өргөж, даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд нэгдэнэ.  Олон улсын хүүхдийн баярын өдөр “Goodboys” хамтлагийн UB Palaсе-д болох тоглолтонд  “Ерөөлөөр учирсан миний монгол”, “Mөрөөдлийн дуу” – аараа оролцож  бэлэг барина. Мөн ирэх сард жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд оролцохоор болсон.
-Ер нь бага насны хүүхдэд ардын дуу, хөгжим заахад хэцүү юу?
- Хүүхэдтэй ажиллана гэдэг хэцүү гэж зарим багш нар боддог юм шиг санагддаг. Хамгийн гол нь хүүхдэд юу хэрэгтэй байгааг, яаж ажиллах вэ гэдэг заах арга барилаа зөв төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд зүгээр нэг дуу заагаад байдаггүй. Тухайн сонгосон дууныхаа түүх, домог, аль нутгаас гаралтай, үг нэг бүрийнх нь утгыг зөв ойлгуулахыг чухалчилдаг. Ингэж чадвал хүүхэд өөртөө илүү итгэлтэй, дуулж, бужиглэж, хөгжимдөж сурдаг. Нөгөө талаар энэ арга барил нь эцэг эхчүүдэд нь ч нөлөөлдөг. Учир нь хүүхдүүдээр дамжиж эцэг эх, ах дүүст нь ардын дуу, бүжиг, өв соёлоо өвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Зарим хүмүүс Монгол ардын дууг томчуудад зориулсан үг хэллэгтэй хэмээн эсэргүүцэх нь бий. Энэ үнэн үү?
-Тийм. Монгол ардын дуунууд хайр сэтгэлийн холбогдолтой үг утгатай байх нь цөөнгүй.  Гэхдээ монгол ардын дуунууд дотор хүүхдэд зориулсан, ахуй амьдралтай холбоотой дуунууд маш олон бий.

- Хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон улсын байгууллага цөөнгүй бий. Гэвч үр дүн нь хангалтгүй санагддаг. Таны хувьд хүүхдийн төлөө ажиллаж явахад туслаж дэмжих хүн хэр их байдаг вэ?
-Ер нь хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал нэлээдгүй гардаг. Улсын байгууллагын хувьд төсөв мөнгөндөө баригддаг бол хувийнх нь юм бүхнээс ашиг харж асуудалд хандан хүүхдийн гэсэн бүхнийг үнэгүйдүүлдэгтэй холбоотой болов уу. Бидний хувьд ч гэсэн энэ мэт асуудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ хүүхдийн төлөө сайн үйлс, хүсэл бүхэн биелдэг жамтай.  Бидний энэ удаагийн цомгийг гаргахад МХАҮТ-ийн хамт олон тусалж, дэмжиж байгаа. Энэ бол эхлэл. Монгол хүүхдийн төлөө, ирээдүйнхээ төлөө хүн бүр чадах бүхнээрээ хөрөнгө оруулалт хийж, хүүхэд бүрийг хийж бүтээхэд нь туслаж, дэмжиж, урамшуулж байгаасай гэж хүсдэг. Учир нь хүүхдийн төлөө хийж байгаа бүхэн ирээдүйдээ өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн ухаараасай.

Биднийг ийн ярилцах зуур хүүхдүүд ардын бүжгийн бэлтгэлээ дуусч, тоглолтын гоёмсог даашинз, үндэсний хувцсаа өмсөж сонирхуулахаар яарцгаав. Хүүхдүүдийн өмсөж байгаа эдгээр хувцаснуудыг Дэлгэрцэцэг багшийн нэг шавийнх нь эмээ Отгоо гуай урладаг юм билээ. Отгоо гуай “Ач охин маань 74 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Тэр үед Дээгий багш миний охиныг дуучин болох хүсэл сонирхлыг нь төрүүлж, тэмцээн уралдаанд оролцуулж эхэлсэн. Тэр үеэс ач охиндоо тоглолтын хувцас, гоёлыг нь урлаж өгч байсан юм. Одоо бүх л төрлийн тоглолтын хувцсыг хийж чаддаг болжээ. Хүүхэд баярлуулах сайхан шүү” гэлээ.

Хүүхдүүдээс “Ардын дуу дуулах гоё байна уу?” гэж асуухад бүгд л монгол ардын дуу дуулах дуртай гэцгээж байв. Тэд том болоод эмч, багш, дарга болно. Гэхдээ монгол ардын дуугаа сайхан дуулдаг том хүн болно хэмээн хэлэх нь өхөөрдмөөр санагдаж, тэднээр бахархах сэтгэл төрсөн юм.

Эх сурвалж: П.Наран shuud.mn