Элэгний циррозыг эдгээсэн нь
13 жил өмнө

Санаснаараа амьдарсан гэх 40 гаруй насны нэгэн эр элэгний цирроз оноштойгоор эмнэлгээр нилээн яваад олигтой үр дүн гарахгүй болохоор нь лам, хар гээд өөр арга бэдрээд явж байхад нь нэг танил нь “хоолоор эдгэдэг гэсэн” гэж гэнэ. Танил нь миний бичсэн “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү” номыг уншсан байж. Би ээжийн минь элэгний цирроз эдгэсэнийг номондоо жишээ татсан юм. Тэр хэсгийг уншаад, надтай уулзсан. Ажлын төлөө зүтгэж,  архийг ч чамгүй ууж явсан жолооч гэж өөрийгөө танилцуулаад, ээж чинь идэхэд циррозыг нь эдгээсэн хоолоо хэлээд өгөөч, идээд өгье гэсэн юм. Зөвлөгөө гэснээс хичээлд суух нь дээр гэхэд минь элдэв юм ярилгүй сууж л орхисон. Нилээн алиа марзан нөхөр л дөө. Курсийн дараа байнга холбоотой байсан бөгөөд нэг удаа надад

-Багшаа, би гэдэг хүн ходоодондоо долигонох гэж жигтэйхэн болоод байна. Жишээ нь, өглөөгүүр гэхэд л ”Та сайхан амрав уу? Миний унтаж байх хооронд шинэ өдрийн ажилдаа бэлдэж амжив уу даа? Хоёулаа одоо ажлаа эхлэх үү? Би овёсны нэвс дэвтээчихээд Тань руу илгээх гээд л сууж байна. Ээ дээ Та минь хичээж л үзээрэй. Өнөөдөр миний амжуулах ажил хачин их шүү” гэх мэтээр ая тал засаад л намирч өгдөг болсон шүү дээ. Өдөртөө ч бас адилхан. Тайлан тавьж, зөвшөөрөл аваад л.

            Хоолны дараа биеэ сонсож,үг хэлийг нь ойлгодог болох шинж байна.

Хоносон хоол халааж идэхээ бүр больсон.

Хааяа ч бас ходоодноосоо банга хүртэх л юмаа. Гэхдээ алдаагаа дор нь засаж байгаа.

Ном сонссоны ачаар элгээ энхрийлж, бөөрнөөсөө айж, зүрхээ хүндэлдэг болдог юм байна! Энэ хэдийг зарж амьдарч байгаагаа одоо л нэг ухаарахтай болж байна. Оройтох шахсан ч, огт мэдэхгүй өнгөрснөөс хол дээр гэж бодож баярлаж байгаа.

Бие хөнгөрөөд сайхан байнаа! Ходоод, цөс өвдөхөө больсон. Би мөн ч их дээрэлхэж байж дээ, эднийгээ. Эзэн маань овоо шүү гэж эрхтнүүд минь боддог болсон шигээ гэж билээ.

            Нэг жил гаруй болоход ном ёсоор түүний элэгний цирроз эдгэсэн.

-Тослоогүй бахиалын түрий шиг болсон байсан нүүрний минь арьс тос даасан хурууд шиг бор болж байна шүү. Угаасаа би цагаан байгаагүй л дээ. Баазынхан маань намайг “гүргэр хар” гэдэг байснаа сүүлдээ “хар хөх болоод байна, бие чинь хэцүүдэж байгаа юм биш үү “ гэх болсон юм. Царай хүртэл өнгө орж залуужаад ч байх шиг гэх мэтээр ярина. Түүний багын найз нь бас цирроз болсон байж. Тэр нь чи яагаад байна вэ, аргаа хэлээч гэхээр нь хоол, унд гээд эхлэхээр нь үнэхээр эгдүүцэж, битгий марзагнаад бай гээд авч хэлэлцэхгүй юм гэж бас гомдоллоно.

Нэг удаа ирэхдээ,

-Багшаа, би найздаа яаж тус болох вэ? Мангар амьтан чинь надад гомдоод байна. Өчигдөр орой манайд авгайгаа дагуулчихсан, нэг шил юм барьчихсан ирээд, “миний найз элгээ юугаар яаж эдгээснээ яг үнэнээр нь хэлээд өгчих дөө. Яагаад нуугаад байгаа юм бэ? Чамд би үнэхээр гомдож байна. Бид хоёр хар багаасаа. . .” гээд хоолой зангируулан дурсамж яриад, “би чамаас гуйж байна, би ч гэсэн эдгэрмээр байна шүү дээ” гээд уйлав. Үнэн юмыг хүлээж авдаггүй хүнд яаж ойлгуулъя даа гэж бодож эхэлж байсан чинь өнөөх маань нулимсаа арчсанаа

-Миний өвгөн харин хоолоор эдгэсэн гэж л бүү хэлээрэй дээ гэдэг байгаа. Ийм хүнийг би яах вэ гэж асуусан.

-Ойлгох цаг нь ирэхэд ойлгоно биз дээ. Чи улам сайн жишээ болоод л, олон юм ярихгүй байж байвал тус нь тэр болно гэхээс өөр хариулт надад байгаагүй. Үнэн нь тийм учраас.

Сүүлд нэг ирэхэд нь найзыг нь асуухад минь

-Тэр дажгүй ээ. Би нэг удаа бас уйлж байгаад загначихсан. Юм ойлгохгүй бол үхэхгүй юу. Чиний амьд явах чамд л хэрэгтэй биш юм уу? Элэг юу хийдгийг, архи, мах яадгийг мэдэхгүй л амьдарсан биз дээ бид хоёр! Намайг хараад үнэмшихгүй бол боль. Сэтгэл чинь мэднэ биз. Дагавал зол чинь, эс гэвэл хохь чинь гээд орхичихсон. Манайд ирэхэд нь өөрсдийнхөө л иддэг юм өмнө нь тавиад, өөрсдөө таашаалтайгаар идэлцээд, эмнэлэгт хэвтэхэд нь идэх дуртайг нь биш, хэрэгтэйг нь аваачиж өгөөд байсан. Ном унш гэхээс өөр юм яриагүй. Нөхрийн хандлага овоо наашилж, бие нь ч засарч байгаа гэж байсан.

            Би өдөр бүр иймэрхүү түүхийн гэрч болж байдаг бөгөөд өөрийгөө таних замд миний дамжсан шат гишгүүрээр бусад хүмүүс явахдаа бидний өмнө замнаж эрүүл мэнд, аз жаргал хэмээх гэрэлт оргил өөд хөтөлсөн багш нарын сургаалыг өөр өөрийн дадлагаар баталж байгааг хардаг.

            Аливаа зүйлийг биеэр, бодитоор хийж үзсэн хүн жижиг сажиг, аар саар гэмээр боловч тэдгээрийг мэдээгүй бол ажил бүтдэггүй олон нууцыг өөртөө илрүүлдэг. Олон дахин хийх тутам их зүйлийн учир олддог. Гэхдээ тэр жижиг сажиг зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд хүнд ч хэлэх нь ховор тул орхигдох нь элбэг. Тиймээс дараагийн хүн тэр бүгдийн учрыг цаг алдан байж алдаан дээрээсээ ойлгох хэрэг гардаг. Юманд тууштай нь шүү дээ. Харин туушгүй нь, эсвэл юу ч хийдэггүй учир алдаа гаргадаггүй нь тэр нууцыг олж мэдэхгүй. Тиймээс шатаар дээш өгсөж чадахгүй нэг л гишгүүр дээрээ.

Уншсан хэн нэгэн цагаа хэмнэж, хурдан урагшлуужин гэсэндээ бусдын туршлагаар давхар нотлогддог өөрийн туршлагаас тун чухал тийм жижиг сажгийг том хэсэгтэй нь нэгтгэн, өөрийн хэмжээнд дүгнэлт хийхийг оролдсоноор энэ ном бүтсэн.

Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм байна. Тиймээс энэ ном зөвхөн хоолны л тухай биш бөгөөд аз жаргалтай амьдрах аргын тухай ном.

Хоол идэх нь олон хүний боддог шиг амьдралын сүрхий чухал зорилго биш. Машинд бензин хийдэгтэй л адилхан өдөр тутмын урсгал ажил. Зарим хүний хувьд энэ нь идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэсэн гүн ухааны асуудал болон шаналгадаг шүү.

Өөрийгөө таньж, амьдралын утга учрыг ухаарахад хооллолтыг дадлага хийх нэг арга, жишээ, дасгал болгох нь их үр дүнтэй юм. Хамгийн чухал нөгөө нэг арга нь амьсгал. Үүнийг бясалгагчид сайн мэднэ. Амьсгалын зэрэгцээ идэх үйлийг ашиглан, түүгээр дамжуулан биеэ ажиглаж, бас бясалгаж, өөрийгөө таних боломжтой юм байна.

Амьд байхад амьсгал зогсохгүй нь үнэн ч гэсэн түүнийг ажиглах дасгалаа тэр бүр хийхгүй явдал байдгийг бясалгагч хэлнэ дээ.

Харин баярлууштай нь залхуураад ч юмуу, мартаад идэх дасгалаа хийсэнгүй гэх боломжгүй учир дадлага тасалдахгүй, дасгалаа хийчихсэн юм чинь зөв, буруугийн аль нэг үр дүн зайлах аргагүй гараад л ирнэ. Гарчихсан байгаа хариуг ажиглах юу нь хэцүү байхав?

Аливаа юманд иж бүрнээр зөв утгаар нь хандаж байж л жинхэнэ сайн үр дүнг үзнэ.

Б.Гэрэлмаа "Хоол ба сэтгэл" номоос