ЭЛЭГ
13 жил, 1 сар өмнө

Модон махбодьтой зүүн зүг эзэгнэсэн арга давамгайлсан эрхтэн. Үр хөврөлийн үед элэг нь цус төлжүүлдэг байснаа аажимдаа цус цэвэршүүлж хоргүйжүүлэх ажиллагаанд шилждэг. Элэг цус, саахарыг өөртөө хурааж агуулах эрмэлзлэлтэй. Элэгний агуулах цусны хэмжээ багасвал биед хүйтний шинж илэрдэг. Агуулах цусны хэмжээ хэтэрвэл халууны шинж гардаг. Элэг нь цөс боловсруулж оронд нь илгээдэг болохоор өөрөө шарын орон. Хумс бол элэгний толь юм. Элэгний цөс ялгаралт саатахад хумс шарлана. Хумс хөөнгөтөх, хуурайших зэрэг нь элэгний эмгэгшлийн илэрэл. Нүд бол элэг рүү харах цонх гэдэг. Элэгний үйл ажиллагаа хямрахад хараа муудах зэрэг өөрчлөлт гардаг.

Элэг-зүрх                          

Зүрх гал махбодьтой учир модон махбодь галыг төрүүлэх билэг чанартай. Ингэхээр элэг нь билэг чанараараа зүрхэнд эхийн харьцаатай. Зүрх нь элэгний цэвэршүүлсэн цусыг уушиг руу шахаж дахин цэвэршүүлэлтэнд оруулж хөнгөрүүлдэг болохоор элэгний арга чанарын үйлийг дэмжиж үргэлжлүүлэх байдлаараа хүүгийн харьцааг үүсгэдэг.

Элэг – дэлүү

Дэлүү шороон махбодьтой. Арга билэг тэгш чанартай. Шороон махбодь бүхий талаар  шимжүүлэн  тэтгэдэг учир  билэг чанараар дэлүү нь элгэнд нөхрийн харилцаа үүсгэнэ. Дэлүү мөн л цусыг цэвэршүүлдэг болохоор арга - талын үйлдлээр ч ялгаагүй нөхрийн харилцаатай юм.

Элэг - уушиг

Уушигны билэг чанар нь нилээд тогтвортой эрчимтэй байдгаараа элэгний арга талыг  дарангуйлдаг.  Энэ   чанараар   элгэнд дайсагнах харилцаатай. Төмөр махбодь модон махбодинд зэргээсээ үүдэгджээ.

Элэг- бөөр

Бөөрний цэвэршүүлсэн цусыг элэг дахин шүүж тунгалагшуулдаг. Тэгээд өөртөө нэг хэсгийг нь авч нөөцлөөд цааш илгээдэг. Элгэнд агуулагдан үлдэх цус нь бөөрний төрөлх хий илчээр тэтгэгдэж байдаг учир бөөр элэгний эх болой. Бас усан мах бодь модны ургаж төлжих үндэс болдог билэг чанараар ч эхийн харилцаатай байна. Цул сав эрхтэний харилцааг таван махбодийн хуулинд түшиглэн тойм төдий авч үзэхэд ийм байна. Хэрэв цэнэгт орон зайн хийн гүйдлийн элч энергийн түвшинд нарийвчлан авч үзвэл үнэнд илүү ойртох болно. Оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх төлөгчлөхөд судалын байдлыг таван махбодийн харилцааны дагуу тодотгох нь илүү оновчтой.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос