Ш.Алтанбадралт: Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжтой
9 жил өмнө

Өнөөдөр орчин үеийн Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилттай мөр зэрэгцэн судалгаа, шинжилгээ хийдэг, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чадвар, потенциал бүхий монгол залуучууд цөөнгүй болж. Тэдний нэг болох Саудын Арабт Абдулл хааны сургуульд ажиллаж байгаад ирсэн, генийн инженерчлэлээр мэргэшсэн Ш.Алтанбадралттай ярилцсанаа хүргэе.

Таны хувьд Монголд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломжуудыг харж байна вэ?

Монголчууд хангалуун амьдрахын тулд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг гарцыг дээр, дооргүй хайж байна. Харин орчин үеийн ертөнцөд зарим улс үсрэнгүй хөгжөөд байгаагийн гол учир нь эдийн засгийг шинжлэх ухаантай холбож өгсөн явдал. Монгол улсын хувьд хүний мэдлэг шингэсэн технологийг эдийн засагт хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлчих юм бол энэ гарц амархан олдоно.

Бид өөрсдөө бүхнийг эхнээс нь судлаад шинэ технологиуд бий болгоно гэвэл маш их цаг орно. Харин өдий болтол хүн төрөлхтний хуримтлуулсан технологиудыг манайх аваад ашиглавал Монголд маш том орон зай байна. Хөгжингүй орнуудад бий болсон санаанууд нь бүгд үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг учраас шинэ технологи гаргахын тулд нээлт хийх хэрэгтэй болдог. Харин Монголд ямар ч нээлт хийх хэрэггүй, өөрсдийнхөө хэрэгцээнд таарсан технологиудыг эзэмшээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Хятадын үсрэнгүй хөгжсөний учир нь ердөө энэ. Гэхдээ хятадууд барууны технологийг бодитоор нь хулгайлж авчраагүй, 1970-аад оноос оюутнуудаа өндөр хөгжилтэй орнуудад улсын зардлаар сургаж эхэлсэн. Ингэхдээ судалгааны бүх чиглэлийг хамруулсан. Эдгээр оюутнууд 1990-иэд оноос эх орондоо сурсан, мэдсэнийхээ үр шимийг гаргаж эхэлсэн. Барууны технологиудыг эзэмшсэн хятад залуучууд ирээд ижил төстэй компаниуд байгуулж эхэлсэн. Ингээд бодохоор 1970-аад оны бодлогын үр дүн 20 дугаар зууны сүүлээр гарч Хятад улсын эдийн засаг дэлхийд хоёрт орсон.

Монгол улс 2000-аад оноос оюутнуудаа гадаадад олноор сургаж эхэлсэн. Тэр үед гадаад явсан залуучуудын нэг нь би. Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэх хандлагатай байдаг. Миний хувьд Монголдоо мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэсэн бодол өвөрлөж ирсэн.

Монголд ирээд сар гаруйхан болж байгаа учраас эрх зүйн орчноо дөнгөж судлаад эхэлж байна. Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох анхны алхмууд хийгдэж байгаа юм байна. Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулах гэдэг санаа их зүгээр санагдсан. Мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Гэхдээ хэтэрхий цөөхөн гарааны компани байна. Тэднийг бүх талаар нь дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

Түүнээс гадна гарааны компаний талаар өргөн далайцтай сурталчилгаа дутагдаад байх шиг. Магадгүй энэ талаар мэдээгүй ч үйлдвэрлэлд нэвтрэх санаа боловсруулчихсан судлаачид байгаа ч юм билүү.

Манай эрдэмтэд төсөлдөө санхүүжилт олох боломжоор маш хомс байдаг. Дэлхийн жишигт шинжлэх ухааны төслийг санхүүжүүлэх тогтолцоо ямар байдаг юм бол?

Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэлээ тэлэх сонирхолтой, мөнгөтэй компаниудыг шинжлэх ухааны байгууллагуудтай холбож өгдөг нэг хэсэг байдаг. Тэр холбоосын үүргийг гүйцэтгэдэг бүтэц, механизмыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны ололтыг соргогоор ашиглаж чадсан компаниуд л тэргүүлэгч байж чаддаг. Эрдэмтдийн төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүд Монголд байгаа гэж би бодож байна. Миний мэдэхээр “Гацуурт” компани газар тариалангийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлчихсэн байх жишээтэй. Бизнесменүүд маш сайн сэтгэдэг. Монголд ийм гарц байна, даанч хэрэгтэй судалгааг нь хийх хүн олдохгүй байна гээд явж байгаа бизнесменүүд байхыг үгүйсгэхгүй. Баргийн судалгааг хийчих чадвартай залуу эрдэмтэд ч цөөнгүй байгаа. Судлаач ч бас өөрөө танай ийм асуудлыг шийдээд өгөх төсөл надад байна гээд санал тавибал хүлээж авах хүмүүс байгаа. Жишээ нь Монголын пивоны том компаниуд гол түүхий эд болдог нэгэн төрлийн арвайг гаднаас авдаг. Тэгвэл Монголд тийм арвайг үржүүлэх санаа гарвал дэмжих хүмүүс байгаа. Зөвхөн эрдэмтэн, бизнесмен хоёрыг холбох холбоос л дутагдаад байна.

Дараагийн нэг арга нь гадаадаас хөрөнгө оруулж судалгаа хийлгэх. Үүний тулд гадаадын компаниудыг татах өвөрмөц нөхцлийг бий болгох ёстой. Энэ нөхцлийг голдуу “чөлөөт бүс”-ийн зарчмаар шийддэг. Монголд Халх голын чөлөөт бүс, Алтанбулагийн чөлөөт бүс гэж байгаа боловч харамсалтай нь амжилт олохгүй байна.

Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн гадаадын компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс гэдгийг байгуулах боломжтой. Үүний тулд төрөл бүрийн татварын хөнгөлөлт байх хэрэгтэй болно.

Тэгвэл таны ажиллаж байсан Саудын Арабын элсэн цөлд шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засагт яаж нэвтрүүлж байна вэ?

Би Саудын Арабт Абдул хааны Их сургуульд ажиллаж байсан. Уг сургууль бие даасан шинжлэх ухааны хот байдлаар хөгждөг. Ойрын зорилго нь гадаадын өндөр технологиудыг оруулж ирэх. Хэтийн зорилго нь Дэлхийн технологиудын төв болох. Зарим жил 365 хоног бороо ордоггүй элсийн цөлийн улс ингэж сэтгэж байна. Абдул хааны их сургууль нь дээр миний хэлсэнчлэн Шинжлэх ухааны чөлөөт бүсийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл тэнд Саудын Арабын хууль дүрэм үйлчлэхгү, зөвхөн олон улсын дүрмийг дагана. Гадаадаас ирсэн судлаачид тав тухтай амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Өндөр хөгжилтэй оронд өгдөг цалингаас 2 дахин илүү цалин өгдөг. Түүнээс гадна тухайн судлаачийн боловсруулж буй төслийг нь санхүүжүүлдэг. Ийм аятайхан нөхцөл зарлачихаар гадаадын судлаачид баг болоод бэлэн төсөлтэйгээ, бэлэн технологитой хүрээд ирдэг. Гэхдээ тэр технологийн лицензийг Саудын Араб эзэмшинэ. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн технологиуд Саудын Арабын үйлдвэрлэлд нэвтэрдэг. Нэг том төсөл хийсэн судлаачид дараагийн судалгаагаа хийхэд мөнгөөр хангалттай.

Энэ сургууль байгуулагдаад зургаахан жил болж байгаа. Дээр нь бид Саудын Араб бол мусульман шашинтай, хорио цээрийн маш хатуу системтэй орон гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс уг сургууль нь гадуураа 3 давхар торон хашаатай, харуул хамгаалалттай. Ямар ч татваргүй учраас гадаадын компаниуд энэ сургуульд дуртай хөрөнгө оруулдаг.

Ер нь Саудын Араб, Катар, Кувейт, АНЭУ зэрэг Арабын орнууд энэ жишгээр явж байгаа. Эдгээр улс тус бүрдээ эдийн засаг, шинжлэх ухааны чөлөөт бүстэй. Шинжлэх ухааны олон арван жилийн бааз суурьгүй манайх шиг орнуудын хувьд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв арга. Бэлэн болсон мэдлэгийг ашиглах нөхцлийг л бүрдүүлчих хэрэгтэй.

Монголд ирээд юу хийж байна вэ?

Их сургуулиудын хотхон байгуулах төсөл дээр ажиллаж байна. Бидний эцсийн зорилго бол Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах. Их сургуулиудын хотхон байгуулчих юм бол дэргэд нь ийм бүс байгуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Хотхоныг Багануур дүүрэгт байгуулахаар болсон. Монголд шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулчихвал оюутнууд дадлага хийх бааз суурь бий болж, гадна, дотны компаниудаас хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Та Саудын Арабт ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

Миний үндсэн чиглэл бол ургамал судлал. ХААИС-ыг агрономич мэргэжлээр төгссөн. АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалсан. Генийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн. Миний судалгаануудын гол зорилго бол хөдөө аж ахуйн салбарт ургамлын гарц, ургалтыг хэрхэн сайжруулж, бүтээгдэхүүний чанар, хэмжээг дээшлүүлэх.

АНУ-д нэг жил ажилласны дараа манай төслийн баг Саудын Арабт очсон. Манай баг давсанд тэсвэртэй ургамал бий болгох төсөл дээр ажилласан. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад хөрс нь давжсан байдаг. Давсжсан хөрсөнд ургамлын гарц буурдаг. Саудын Арабын хөрс нь угаасаа давсархаг учир манай төслийг сонирхсон юм.

Үүнээс гадна чихрийн шижин өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар судалгаан дээр ажилласан.

Эх сурвалж: http://vip76.mn/content/34875