ШҮТЭЛЦЛИЙН ХУРААНГУЙ-ЦУЛ САВ ЭРХТЭНИЙ ХАРИЛЦАА
Цул сав эрхтэний харицаа нь мөн л таван махбодийн хуулинд захирагддаг. Ийм болохоор гурван махбодийн хураангуйлалд орсоноор арга - билэг ерөнхий харьцаатай байдаг. Ус, төмөр мах бодь хүйтэн, сэрүүн тогтонг чанартай. Гал, мод хоёр нь - халуун дулаан хөдлөнгө чанартай. Шороо махбодь нь дөрвөн махбодийн хоёр хоёроор хосолсон шинжүүдийг адилхан агуулдаг болохоор саармаг завсрын шинж чанартай юм.
Гал - Мод Төмөр – Ус
Арга Шороо Билэг
Энийг гурван мах бодийн чанартай харьцуулбал: Шар - хий - бадгана гэсэн харьцаа ажиглагдана.
Гал мод нь шарын чанартай Төмөр ус нь бадганы чанартайг илэрхийлж, Шороо нь хийн чанартайг агуулжээ. Зүрх, элэг гал модон махбодтой халуун эрчимтэй учир халуун шарын өвчинд өртөмхий. Уушиг бөөр нь төмөр усан махбодтой. Тогтуун сэрүүн хүйтэн болохоор хураангуй бадгана хүйтний өвчинд нэрвэгдэмхий.
Шороон махбодтой дэлүү халуун хүйтний чанарыг тэгш агуулдагаас шар бадганы эмгэгт адил өртөмхий, дундын чанартай төдийгүй аль давамгайлагч талыг нь дэвэргэх үйлтэй учир хийн чанарыг агуулж байгаа юм. Жилийн дөрвөн улиралд цул эрхтэний дэлгэрлийг ч, хорих хэвдээ үргэлжлэх, үл доройтох байдлыг ч зохицуулагч нь дэлүү юм. Дэлүүг их найрал хөгжмийн удирдаачтай зүйрлэж болно.
Дэлүүний зохицуулах үйл нь аргажүүланг-билэгжүүлэнг хосломол шинжтэй. Улирлаа эзлэн дэлгэрч байгаа эрхтэний үйлийг адаг сарын сүүлийн ес хоногт нь алгуурхан хариаж дараа улирлын эзлэн дэлгэрэх эрхтэний үйлийн нэмэгдэхийн хэмээр өөрөө ч намжин тэгширдэг. Дэлүү нь аргажуулах билэгжүүлэх хоёр үйлийг зэрэг шахам гүйцэтгэдэг. Хариах чанар нь шороон завсарт, сэргээх чанар нь мод, гал, төмөр ус зэрэгт явагддаг.
Цул эрхтэний харилцаанд шороо, шороон махбодьтой дэлүү завсрын үүрэг гүйцэтгэдгээс хийн чанарыг агуулжээ" гэхийн учир ийм буюу. Дэлүүний энэ чанар нь цул сав эрхтэн таван махбодийн хуулиар харилцдагийг бидэнд арай илүү тодорхой болгож байгаа юм. Цул сав эрхтэний эх хүү, нөхөр, дайсны харилцаа нь туршлагаар хараахан батлагдаагүй онол төдий хэвээр байна. Таван цул эрхтэний харилцаа бясалгалын гүн далд мэдрэмжинд танигддаг. Ийм мэдрэмж, судлаар оношлоход тусалдаг.
Шинжлэх ухааны онол практик хоёр нь нэг хийсвэр таамаглал шинжтэй байхад нөгөөх нь түүнийгээ үзүүлж харуулж баталгаажуулж өгдөг. Мөн чанартаа нилээд хөндий зай завсартай юм. Дээд гэгээрэл бясалгалын танихуйн хоёр чанар нь зааглаж ялгахуйяа бэрх амь – сүнс- бие гурав шиг барилдлагатай.
Их алс гүний ухаан оюун - оюун ухаан - сэтгэл -сүнсний сэрэхүйн долигосын давцал нь эргэн мэдрэмжинд хүртэхүй агшинд байгаа юм. Үүнийг химийн урвал, физик туршлагаар батлах боломж одоо болтол олдоогүй. Лабораторт л багтахгүй бол, дуран авианд л үзэгдэхгүй бол худлаа гэж үзэх нь хир зөв бэ? Үзэгдэл юмсын бүгдийг лабораториор баталж болдоггүй.
Миний бодол, таны зүүд орон зайн хязгааргүй лабораторт багтахгүй баригдахгүй байна. Энэ үнэнийг үндэслэн таван цулын тухай дурьдсуу.
Монголын анагаах ухааны номлолоор цул сав эрхтэн хос хосоор арга - билэг харилцаанд оршдог. Сав эрхтэн аргын чанартай, цул эрхтэн нь билгийн чанартай. Зүрх, нарийн гэдэс, уушиг, олгой, дэлүү- ходоод, бөөр- давсаг, элэг -цөс харилцан түшиглэн арга билэг харилцаанд оршино. Бас цул нь цулдаа, сав нь савдаа ч ялгаагүй арга -билэг харилцан барилдлагатай юм. Цул сав эрхтэнийг ингэж хоршуулан авч үзэх үндэс нь: Үр хөврөлийн үеийн гарвал эх үүсвэр, биед гүйцэтгэх үйл ажиллагаа, орших орон, харилцан дэмжилцэх, хязгаарлалцах зэрэг олон шинж чанарыг харгалзан үзжээ.
Үйл ажиллагааны төст шинж нь: Элэг цөсийг бүтээж ялгаруулах, агуулах орон болдог бол цөсний хүүдий цөсийг нөөцлөн хадгалж хэрэгтэй үед цааш дамжуулж урсгадаг. Бөөр шээс ялгаруулж, давсаг хадгалж гадагшлуулдаг. Энэ дөрвөн эрхтэн дараалсан байрлалтай, шаталсан үйлтэй. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай эрхтэнүүд юм.
Уушиг, олгой нь биеийн дээд доод хоёр амсар болохын хувьд байрлал нь мөн л адил төстэй юм. Бас хоёул бохир хийг гадагшлуулна. Гадаад дотоод элч дулааныг биеэр түгээдэг гэх зэрэг адил төстэй талуудтай. Дотоод хий биеийн элч энергийн сүв суваг ч ялгаж салгахын аргагүй нэгдмэл болохоор олгой уушигийг нэгэн дор авч үзсэн нь далд дам чанараар нь үзсэн ч ил тод байдлаар нь харьцуулсан ч яахын аргагүй цогц юм шүү. Бидний хүрч мэдрэх эрхгүй тийм нарийн нэгдмэл харилцан түшилцэлийг ч харгалзсан нь маргаангүй.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос