Шинэ үндсэн хууль”дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудалыг шүүмжлэх нь:
13 жил, 1 сар өмнө

“Шинэ үндсэн хууль”-д хуульчлагдсанаар Монгол Улсын иргэний биелүүлэх үүрэг тав/5/, баталгаатай эдлэх эрх арван найм/18/. Үүрэг, Эрхийн харьцаа 5:18 буюу үүрэг нь Эрхээсээ бараг дөрөв /4/ дахин бага!

            Монголын нийгмийг тогтолцооны хямралд оруулж, магадгүй, трагедийн чанарын зөрчилтэй нийгмийн ахуй болгож буй гол субъектив, объектив хүчин зүйл бол “Шинэ үндсэн хууль”-иар нөхцөлдөж буй иргэний Үүрэг, Эрхийн энэхүү буруу харьцаа буюу гажуудал юм.

            Үүргээсээ хол давсан хэт задгай, анархи эрхтэй, тэр эрх нь өндөр соёлтой, оюунлаг, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдрагч хүмүүсийн гол шинжийг тодорхойлогч ухамсар, хариуцлагын зохис түвшиний “өөрийн шүүмжлэл”, “өөрийн хяналт”-ын хатуу зарчимгүйн харгайгаар манай нийгмийн амьдрал үүрэггүй эрхийн “зах зээл” болж хувирав. Нийгэмд сөрөг үр дагавартай үйлдэл, үйл ажиллагааны хориг цээрийн цоожийг мөнгөөр онгойлгож болдогоос “хориглох хүч”-ээ алддаг хууль, эрхээсээ хэд дахин бага байхаар хуульчлагдсан үүрэг, хувь хувийн дур зорго, шунал хүсэл  “дотоод захиргаадалт”, “дотоод зохион байгуулалт”-ыг ч устгав.

            Өөр тогтолцооны харилцаанд төлөвшсөн бодгалууд өмнөхийнхөө эсрэг, урвуу зүй тогтолт, хувийн өмчит, бизнес–арилжааны бохир харилцаанд хүчээр тулгагдсанаар түрүүчийнхээсээ хахь өөр харилцаанд нийгэмжиж эс чадсаны дээр өөрт нь харь шинэ харилцааны нөхцөлд хүний эрх, эрх чөлөө, “бурханлаг цензургүй” дур зоргын психозыг үүргээс нь чөлөөлсөн инстинктлэг “Ардчилал” хавтгайрсан нь нийгэмд байсан нэгдмэл зорилго, иргэншсэн бүтцийг задаллаа. Энэ үйл явцын үр дагавараар Монголын нийгмийн “Ардчилал” жинхэнэ ардчилал бус, харин, хүн толгойтой, хөрөнгө мөнгөтнй бүгдийн анархи үйлдэл, инстинкт таашаалын зөвшөөрөл, бүүр хуулиар баталгаажсан амьдрах арга, орчин нөхцөлийг бүрдүүллээ. Зүй нь, иргэний ардчилсан, эрх тэгш харилцаат нийгэмд хүний эрх нь үүргэндээ суурилж, үүргээсээ хамааралтайгаар үүсэх буюу үүрэг хүлээсэн эрх нь удирдуулагч агаад үүргийнхээ “захиргаа”-г дагаж биелүүлэгч байх харьцаа нийгмийн ухамсарыг тодорхойлж байх нөхцөлд л нийгэм сая иргэний эрүүл, шудрага, жинхэнэ хүмүүнлэг орчин ахуй болж хөгжинө. Эсрэг тохиолд үүргээ мартаад эрх нэхэгч л иргэдийн “нээлттэй” харилцаа тогтоно.Ийм “нээлттэй” харилцаанд идэгдсэн нийгэм, яг манайх шиг, айдас хүйдэсийн эрхшээлийн нийгэм болж задгайрна.Төр, эрх зүй, хууль цааз нь ч нийгмийг тохинуулагч, зохицуулагч хүч бус, амьдралын мухардлаас айх айдас, эргэлзэл гутрал, ирээдүйдээ итгэл алдах эмгэнэл л нийгмийг захирч, “зохицуулна”.

            Эрхэндээ түрэгдсэн үүрэгтэй “нээлттэй” харилцаа ч дорхноо аймшигт өрсөлдөөн, зөрчил, антигонист тэмцэл, эцэстээ, ард түмний олонхийн хувьд амьдрах аргаа, ингэхлээр, “амьд явах эрх”-ээ ч алдах айдасаар л зохицуулагдах “хаалттай” тогтолцоонд шилжиж, нийгмийн оршихуйн бүх сүлжээг эрхэндээ хумина.

            Нийгмийг эрхшээгч айдасын бүтцийг шинж хэлбэрээр нь доорхи ангилалаар задалж томъёолж болох юм:

            -Түүхэн шинж чанартай “нийгмийн зэрлэгшил”-ийн айдас; Энэ нь хүмүүс нийгмийн хуулинд, өөрөөр хэлбэл, хүчний хуулинд захирагдахын айдас;

            -Хөдөлмөрийн бус орлогоор хуримтлагдсан хөрөнгө, мөнгөний хүчирхийлэл, дарамтын дор амьдрах орчингүй болох, нийгмийн нэн эмзэг бүлэгт хэзээ хэзээгүй шилжих гарцгүй нөхцөлийн айдас; Энэ нь хүн амын олонхид ноцтойгоор заналхийлж буй нийгмийн асар хурдацтай ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн бодот уналтаас үүсч буй гэмт хэргүүдийн тархалтын айдас юм.

            -Нийгмийн хөгжлийн болоод түүхийн дэвшилтэт эерэг үйл явцын утга агуулга үгүйсгэгдэх, хүний оюунлаг, бүтээлч амьдралын зорилго, идэвхи цуцлагдах сэтгэхүйн хийгээд сэтгэлзүйн хоосролын айдас; Энэ нь амьдрал утгагүйдэхийн эмгэнэл, депресс, хүний хүн чанарын “үхэл” мөхлийн айдас юм.

            -Хүний оршихуй, бүтээх хүчний хөгжил мухардалд хүрэх, тэнгэрийн гэсгээл, гадаад Макро ертөнцийн хүчний сөрөг эрчим нөлөөг өөр дээрээ дуудахын айдас;

            Бид нийгмийн болоод хувь хүмүүсийн амьдралыг олон жилээр сүүдэрлэж мэдэх энэ айдас хүйдсийн торноос хүний эрхийг үүргээс нь шууд хамааралт харьцаанд ойлгох нийгмийн ухамсарын хүчээр л ангижирч чадна. Хүний амьдрал бол, чухамдаа, хүн хүнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх л хугацаа юм. Хүн амьдралынхаа үүргийг биелүүлэхийн тулд түүний зайлшгүй нөхцөл болсон эрхтэй байх хэрэгтэй ч эрхийг үүргээсээ үүсч хүний амьдралд шаардагдаж буй нөхцөл гэж ойлговоос зохино. Энэ нөхцөлийг төр хуулиар хамгаалахаар сая Эрх гэдэг бодот үнэт зүйл болдог ч хүний амьдралын харилцаанд Үүрэг нь анхдагч, Эрх нь хоёрдогч чанартай, Үүргээсээ функционал хамааралт хэмжигдэхүүн байх тохиолд л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдарч, ингэснээр сая нийгэмд жинхэнэ ардчилал хөгжинө.

            Ардчилал бол бусдын эрхийг ёсчлон ойлгох ухамсарын үүрэг, бусдын эрхийг өөрийнхөө эрхтэй адилаар хүндэтгэх хүмүүжлийн үүрэг, хүний далд ухамсарт болоод ёс суртахуунд гүн гүнзгий ахуйжсан “дотоод цензур”-ын үүрэг зэрэг дээд, гэгээн ухамсарт олон үүргийн төлөвшилт юм.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос