ШИНЭ ШИЛЖИЛТ: - “МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ”- ГЛОБАЛЬ ХАНДЛАГА, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН “ӨӨР” ОЙЛГОЛТ
13 жил, 1 сар өмнө

Юмсын үнэт чанар, үнэ хоёр хэзээ ч хоорондоо яг тохирч байсангүй. Хүн төрлөгтөн өөрийн өөрийн Оршихуйн бүхий л түүхийн туршид эд юмсын мөнгөөр илэрхийлэгддэг ч хийсвэрлэл чанарыг буюу эрэлт, хэрэглээг уг юмсын үнэт чанар буюу бодот хэрэгцээний нь дээр тавьж ирэв.

            Хүн төрлөгтний түүхийг үндсэнд нь “Алдааны түүх” гэж үздэг “Зэндмэний онол”-оор түүхийн глобаль гурван алдааны нэг нь, -эд өлөгт мөнгөөр илэрхийлэгдэх үнэ ханш тогтоосон явдал гэж тодорхойлдог бөгөөд энэ дүгнэлтийн үнэн, зөв болохыг хүмүүсийн сэтгэлгээнд үнэ ханшийн ойлголт үүссэн цагаас хойшхи олон зууны иуршид хүн төрлөгтний хөгжүүлсэн материаллаг ахуй - үйлдвэрлэлийн явц, үр дүн бодтой нотлов. Иймээс XXI зууны юмс үзэгдлийн мөнгөөр  “үл илэрхийлэгдэгч” үнэт чанарын ач холбогдол, түүний хэрэглээний “эдийн засаг болох – “Мэдлэгийн эдийн засаг”-ийн тухай ноцтой ярьж эхэллээ.

            Эд юмсын жинхэнэ бодот хэрэгцээг илэрхийлэгч үнэт чанарыг ойлгох, дээдлэх, тэр л хэрэгцээг хангах үйл ажиллагааг амьдралынхаа үндсэн хэв хэмжээ болгох, сэтгэлгээний талаар сэтгэл түгшин ярихаас ч өөр аргагүй “мухардал”-д өнөөгийн хүн төрлөгтний гажиг амьдрал өөрөө хүргэжээ.

            Ухаант хүн гадаад юмс, бодосын байгалиас бүтээгдсэн чанарт оршиж буй бодот хэрэгцээ-үнэт чанарыг ойлгож зүй зохисоор үнэлэх нь зөв сэтгэлгээ байсан ч ямар ч өртөг ханшгүй зүйлд хийсвэрээр “өөрийн өртөг”, “арилжааны өртөг” мэт бодот бус, зохиомол ойлголтыг “нааж”, угийн үнэт чанарыг нь “үнэжүүлснээр” сэтгэлгээний болон практикийн том алдаа хийв. Дээр нь, эхэнд өгүүлснээр, эд юмсын үнийг үнэт чанарын нь дээр гарган “хийдүүлснээр” үнэ, мөнгөний цалиг /фетишизац/ үүсгэн, түрүүчийнхээ алдааг давхар алдаа болгон лавшруулав.

            Алдаагаа засах, цаашид ангижрах гарцыг эртээс хайж эхэлсэн ч үнэмлэхүй зөвийг олсон, үйл ажиллагаандаа хэрэглэсэн нь үгүй урагшилсаар өнөөг хүрч, одоо нийгмийн амьдралын бодот суурь – эдийн засгийн орчил, явцыг ухаалаг, рационал хэрэглээ рүү шилжүүлэх, “Мөнгөний эдийн засаг”-ыг бус “Мэдлэгийн эдийн засаг”-ыг сонгох шинэ сонголт, шинэ хандлага руу түүх, үндсэндээ, эргэлээ. Эхний алхамууд ч эрчимтэй хийгдэж үр дүнгийнхээ мэдээлэлийг дэлхий нийтээр цацаж, сурталчилж, “Мэдлэгийн эдийн засаг, оюуны “үйлдвэрлэл”-ийн үр ашгийг олон улсын чанартай эрдэм шинжилгээний болон онол-практикийн хурлуудад байнга ярьдаг байжээ.

            “Мэдлэгийн эдийн засаг”-ийн дорвитой, хурдацтай хөгжил нь нийгмийн хөгжилийг эрчимжүүлэх, нийт эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ойлголтын дотор багтан яригдаж буй асуудал тул макро-эдийн засгаар бодлогоор төсвийн бүтцэд зоригтой өөрчлөлт хийж “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт, төсөвт эзлэх хувийн жинг өсгөх, түүнд зарцуулсан бодот зардал, олсон “бодот бус” үр ашгийн харьцааг тооцох аргачлал боловсруулахыг шаардана.Харьцаа сөрөг үр дүнтэй, хасах(-) чиглэлтэй гарвал, эерэгжүүлэх эдийн засгийн хүчин зүйлийг идэвхижүүлэх, хөрөнгө-санхүүгийн нөөц, бололцоог хүчтэй дайчлах иж арга хэмжээг авах ёстой. Үүнд, “Мэдлэгийн эдийн засаг дахь тэргүүлэх салбарыг зөв” сонгон тогтоох, түүний олот, дэвшлийг хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлт болгох, үндэсний шинжлэх ухаан, оюун санаанд оруулж буй хөрөнгө зардалын үр ашгийг бусадтай нь харьцуулж индексжүүлэх, мэдлэг, оюуны субъектив нөлөөлөлийн үр өгөөжийн харьцуулалтын коэффицент болон үзүүлэлтийг буй болгож тооцоонд хэрэглэх, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн үндэс, -шинжлэх ухааны суурь судалгаа, туршилт, онол – гүн ухааны сэтгэлгээ, шинэ зарчимын техник технологи зохион бүтээх мэдлэг, дадлагыг эрс хөгжүүлэх бодот унацтай шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ багтана. Энэ нь үндэсний оюун, сэтгэхүйн эрчимд голлон тулгуурлаж, нийгмийн хөгжлийг түргэигэх эдийн засгийн “үсрэлт”-ийн шинэтгэл хийх шийдлийг төрийн бодлогод давамгайлах зэрэглэлтэйгээр тусган, нийгмийн анхааралын төвд байлгах байр сууринд тавина гэсэн үг юм.

“Мөнгөний  эдийн засаг”, “Мэдлэгийн эдийн засаг” хоёрт нэг зарчимын чанартай хэрнээ сонин, парадокс шинжийн хачин ялгаа бий. Юу гэвэл, “Мөнгөний  эдийн засаг”-т маш гүехэн, жигтэй тэнэг санаанаас ч юм уу, эсвэл, улс үндэстэнд хор хохиролтой үйл ажиллагаанаас маш их ашиг орлого унагаж болдог “суваг”-тай атал ““Мэдлэгийн эдийн засаг” нь яг үүний эсрэг чанараараа ялгаатай нь, - хичнээн гүн, хэрэгтэй, зөв санаа, хичнээн ач тустай үйл ажиллагаа  ч бодот ашиг өгөхгүй, орлого оруулахгүй байгаа хөрөнгө, хуримтлалыг үүсгэхгүй, зөвхөн гарз, гарлагын “үүд” болох шинж чанарыг агуулдаг. Энэ шинж чанар нь “Мэдлэгийн эдийн засаг”,“Мөнгөний  эдийн засаг” хоёрт хоёр өөрөөр хандах хандлагын ялгааны үндэс болсоор ирэв. Гэвч “Мэдлэгийн эдийн засаг” нь нөгөөхөөсөө хавьгүй хүнлэг, ёс суртахуунлаг, илт шудрага, эцсийн зорилгоороо жинхэнэ бурханлиг эдийн засаг тул ирээдүйд, гарцаагүй, нийгмийн хөгжлийн тодорхойлох хүчин зүйл болох нь маргаан багатай юм. Иймд дэлхий “Мэдлэгийн эдийн засаг”-т зайлшгүй шилжиж, зах зээл, үндсэндээ оюуны бүтээл - өсчийн өрсөлдөөний буюу шинжлэх ухааны өндөр эрэмбэ зэрэглэлийн нээлт, цоо шинэ үйл ажиллагааг техник технологийн эрэл, ололтын өрсөлдөөний талбар болж хувирах нь эргэлт буцалтгүй үйл явц болж буйгаас дэлхийн нийгмийн философи “бараа-өмч”-ийг хүний амьдралын утга агуулга мэтээр ойлгож байсан үзэл, онолоосоо ч татгалзаж эхэлж байна.

“Мөнгөний  эдийн засаг”-аас “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжиж буй шинэ харилцаагаар хүмүүсийн оюуны хэрэгцээ, хэрэглээ ч түргэн хурдацтай даяарчлагдаж, шинжлэх ухаан, тоон системт технологи, интернет сүлжээ, соёл – урлагийн амьд харилцаа тив, удс дамжин нягтарч, дэлхийн улс төр – эдийн засгийн сэтгэлгээ ч нийгмийн хөгжлийн “хөдөлгөгч хүч”-ийг өөрөөр ойлгох шинэ ойлголтондоо нэгдэж, ойрхи цаг түүхийнхээ интервалд ямар бодлого, стратеги баримтлахаа газар зүйн өргөн хил хүрээнд тодорхойлох зорилгоор санаа бодлоо нээлцэх, мэдээлэл солилцох нь ч хүн төрлөгтний оюуны амьдралын ердийн тогтолцоо болов.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас тарааж буй илтгэл, баримт бичгүүдээс үзэхэд, нийгмийн баялаг эд агуурсын хэлбэрээс оюун сэтгэхүйн хийгээд хүний дотоод эрчим хүчний илэрхийлэлийн шинэ хэлбэрт шилжих үйл явцаар нийгмийн хөгжлийн чинад агуулга тодорхойлогдоно гэж ойлголтонд үндсэндээ нэгдэж байгаа нь харагдаж байна. Одоо алив эд таваар, “хэрэглээний сагс”, машин техникийн хэрэглээг нэмэгдүүлэх, хангах зорилго түүхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл бус, хүний оюуны хид шид, бүтээгч хүч, сэтгэлийн дээд гэгээрэл бүхий палсионар чанарыг хөгжүүлэх, хүнийг өвч төгөлдөржүүлэх, хүний мөс, дотоод ахуйн эрчимжилтийн хэрэгцээг хангах зорилго л тодорхойлох нь! Иймээс эдүүгээ соёл-иргэншилийн элит түвшиний улс орнууд нийгмийн бодлогоо оюуны үйлдвэрлэлийн “багаж зэвсэг” –хүний билиг авъяас, эрдэм ухаан, гэгээрэл, ариусал, бүтээлч эрчимийн хөгжилд төвлөрүүлэх замд орох нь тодорхой боллоо.

Өнөөдөр хүн төрлөгтний сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтүүдийг социологи утгаар ухвал, хамгийн том өөрчлөлт нь - хүний амьдралын үнэт зүйлсийн тухай ойлголтонд орж буй өөрчлөлт гэж хэлж болно.Амьдралын үнэт зүйлсийн ойлголтондоо эргэлзэх, шүүмжлэлтэй хандах ухаарал хүн төрлөгтнийг зууны эцэс рүү том хувьсгалд хөтлөнө. Энэ “хувьсгал” нь өнөөгийн дэлхийн иргэншлийг “хүншил”-ийн үйл явцад бүрэн шилжүүлэх хувьсгал байх бөгөөд, юуны өмнө, өнөөгийн хүмүүсийн утгагүй хэрэглээг “утгажуулах”, “илүүц хэрэгцээ”-нээс татгалзах ухаалаг эдийн засгийг эрхэмлэх сэтгэлгээний шинэчлэлээр эхэлнэ.Өөрөөр хэлбэл, хүнийг бүрэн “хүншүүлэх” ухамсарын эдийн засагийн үе рүү шилжиж эхлэх юм.

Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос