ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 34 ЗӨВЛӨГӨӨ
Хүүхэд-гэр бүл
Шинэ зуунд эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн олох, тэрээр олсноо эхийн хэвлийд байхад хэрхэн анхны мэдлэг, харилцаанд төлөвшүүлэх, нэгээс арван найман насанд нь яаж зан байдлыг нь зөв төлөвшүүлэх талаар ахмад хосуудын өгч байгаа зөвлөгөө:
Зөвлөгөө №1 Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү...
Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй гайхамшиг билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг.
Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт сийлэгдэж байдаг. Улмаар тэдний ирээдүйн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг байна.
Хэрэв та бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг аз жаргалтай болгох, нэр алдартай хүн болгох, бизнесийн оргилд гаргах, саятан болгохыг хүсч байгаа бол хүүхдийн дэргэд ярих үг бүхнээ хоёр дахин анхааралтай цэгнэх хэрэг гарна.
Өөрөөр хэлбэл ирээдүйд танайхныг авч явах тэр гайхамшигт хүний бий болгохын тулд одооноос та мэрийж, юуны өмнө хэлж ярьж байгаа бүхэндээ анхааралтай хандах ёстой боллоо.
Таны бие өвдөж байсан ч хүүхдэд энэ тухай ёолж, ёхлон хэлэх хэрэггүй. Хүнд өвчин туссан ч үргэлж “би эдгэрч байна”, “өдөр бүр сайжирч байна” гэх мэтээр ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхэн нь хүүхдэд өөдрөг сэтгэл суулгах зорилготой ба ирээдүйн саятаны хамгийн гол зэвсэг нь өөдрөг сэтгэл юм.
“Амны билэгээс ашдын билэг” гэж монголчуудын ярьдаг нь юутай үнэн. Өөдрөг,эелдэг үг яриа сайн сайхан санаа бодлыг дагуулдаг. Харин ийм санаа бодол нь цэцэглэлт хөгжил, эд баялаг ба азыг дагуулдаг байна. Гэтэл бүтэлгүй муу үг яриа гутранги үзлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл гутранги үгс нь хүүхдийг огт хөдлөх хүсэлгүй нэгэн болгодог аюултай.
Та хүүхдээ өнөөдрөөс эхээд завшаан гарах бүрт далимдуулан магтаж сураарай. Байнга магтуулдаг хүүхэд өөрийгөө авъяаслаг, хүчирхэг, давтагдашгүй гэдэгт итгэж эхэлдэг. Энэ итгэл насан турш түүний зүрхэнд бадарч, өндөр оргилд хүргэх болно. Бидний тархи толгойд ээж аав нарын минь үг яриа, үзэл бодол нэвт суужээ бид яг л ээж аав нарынхаа хуулбар нь юм. Харин хүүхдээ муу хуулбар болгож хувиргахгүйн тулд та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой болж байна. Бүдүүлэг үг хэл, хараалын үгс, бусдыг доромжлох, дайрч давшлах хэрэггүй. Учир нь энэ бүхэн танд болоод таны хүүхдийн ирээдүйд тун хортой. Ялангуяа та хүүхдийнхээ дэргэд ингэж авирлах хэрэггүй.
Хэрэв та өөртөө хайртай л юм бол хэнтэй ч бүү хэрэлдэж маргалд. Гэтэл өөрийгөө хайрлах нь ирээдүйн саятны анхны алхам мөн билээ. Хүн бүр л сайхан гэр орон, сайн унаа унаш, сайхан хувцас хунар, хоол унд, амралтыг хүсдэг. Хэрэв та энэ бүхэнд өөрөө хүрч чадаагүй бол хүүхдээ хүргэх боломж байна. Хэрэв хүүхэд зөв хүмүүжээд энэ бүхэнд хүрч чадвал та настан болсон хойноо жаргаж суух болно.
Энэ бүхэнд хүрэх анхны алхам нь үг ярианы жагсаалтаасаа бүдүүлэг хэллэгүүдийг бүрэн хасах явдал юм.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.