Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 9
13 жил өмнө

Монголчуудын олон мянган жилийн турш хүүхэддээ хэлж ирсэн энгийн үг амьдралын асар том ухааныг ардаа тээж явдаг. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэсэн үгийг бид эцэг эхээсээ сонсож өсөөд одоо үр хүүхэддээ хэлж буй. Энэ нь амьдралын ямар ч саад бэрхшээл, уналт бүдрэлтийн үед сэтгэлээр уналгүй өөдрөг байх, улам хүчтэй, хор шартай босч ирэх ухааныг бидэнд суулгаж байдаг. Эцэг эхчүүдийн хамгийн том үүрэг бол хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход оршино. Амьдралд гарцгүй хүндрэл гэж байдаггүй гэдгийг тэдэнд бүрэн дүүрэн ойлгуулах хэрэгтэй.

            Асуудал бүхэн шийдэлтэй байдаг. Уналт бүхэн босолтыг авчирдаг. Эцэг эхчүүд бид өөрсдөө ч юм бүхэнд итгэлтэй байх учиртай. Бид баян сэтгэхүйг өөртөө суулгаж, бас үр хүүхэддээ шингээж өгөх үүрэгтэй. Баян сэтгэхүй хэд хэдэн гол үзэл санааг өөртөө агуулж байдаг.

  1. Бид хорвоо ертөнцийг байгаагаар нь хүлээн авч үргэлж баяр баясгалантай, аз жаргалтай амьдарч сурах хэрэгтэй. Хүрээлэн буй орчин, хүмүүсийг шүүмжлэх, тэдэнд уурлах, хилэгнэх, буруутгах хэрэггүй юм. Тэртээ тэргүй хорвоо ертөнц бидний хүслээр явахгүй. Таны нулимс гоожиж, зүрх шархирч байсан ч хорвоо ертөнц өөрөө явж мэднэ. Та түүний төлөө зовж тарчлаад яах юм бэ? Үүний оронд юу ч тохиолдож, ямар ч хүн тааралдаж, яаж ч авирлаж байсан үргэлж баяр хөөртэй, өөртөө итгэлтэй байж чадвал сая хүн сайхан амьдардаг. Ёстой боломжгүй юм шиг санагдаж байна уу? Хэн нэгэн таныг гомдоож байхад аз жаргалтай инээмсэглэх, тэр бүү хэл талархах тухай ярихаар та үүнийг хэзээ ч бүтэхгүй гэж бодож байна уу? Тиймээ хүмүүсийн ерэн есөн хувь нь ингэж чаддаггүй учраас л ядуу даржин амьдарч, үргэлж бусдад гомдож, уур хилэндээ шатаж, эцсийн дүнд ганцхан өөрийгөө хорлон сүйтгэж амьдардаг юм. Та хүрээлэн буй орчныг байгаагаар нь хүлээн авч сурах тэр үед тэр орчин, тэр хүмүүсийн танд таалагдахгүй байгаа бүхнээс ашиг шүүрэх билгийн нүд сая нээгддэг. Уурласан нүдэнд энэ бүхэн харагдахгүй. Инээсэн нүдэнд цаад ашиг нь сая тов тодорхой харагддаг. Та өөрөө ингэж сураагүй байлаа ч хүүхдээ ийм үзэлтэй болгохын төлөө чармайх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүйн саятан мэндэлнэ.

 

  1. Та саятнуудыг судлаад үзээрэй. Тэд хэзээ ч айж түгшддэггүй, сандарч тэвддэггүй. Тэд үргэлж тайван байдаг. Ямар ч хүнд асуудал тулгарахад тэд тайван байж, инээмсэглэнгээ давж гардаг. Баян болохыг хүсч байгаа хүн сэтгэл хөдлөлөө хянаж сурахгүй бол хэзээ ч баяжихгүй. Сэтгэл хөдлөл таныг хянаад эхлэх юм бол та хоосрох үйлдлүүдийг л хийхэд хүрдэг.       

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.