Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 7
13 жил өмнө

Саяхан барууны судлаачид 5-10 настай олон мянган хүүхдийн дунд сонирхолтой судалгаа явуулжээ. Хэрэв тэдэнд шидэт санаа өгч ганцхан хүслээ биелүүл гэвэл юу хүсэхийг нь судалсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ерэн хувь нь баян, бүр маш баян болохыг хүснэ гэж хариулжээ. 5 орчим хувь нь ээж аавыгаа мөнх амьдруулах хүсэлтэй гэнэ. Үлдсэн 5 хувь нь мөнгөөр худалдаж авч болох эд баялгуудыг дурьдсан байлаа.

Тэгэхээр хүүхдийн олонхи нь баян байхыг хүсч, түүний нэгдүгээрт тавьдаг болжээ. Энэ бол хүүхдийн жинхэнэ хүсэл гэж болно. Судалгааг 10 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулсан нь учиртай. Яагаад гэвэл хүүхэд 10 хүртлээ жинхэнэ санаа бодлоо нуухад суралцаагүй байдаг ажээ.

Хүүхэд тань юу хүсч явдагийг та мэдэж авлаа. Хэрэв хүүхдээ цаг хугацаа, мөнгө төгрөг, хайр энхрийлэл, эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгээр дутаах юм бол тэр баян болохгүй. Харин энэ бүхнээр илүүдүүлэх юм бол тэр том болоод саятан болно.

Хүүхдийг сургахын тулд та өөрөө сурах хэрэгтэй. Хүн ямар нэг юм хүсч байвал эхлээд өөрийн дотоод ертөнцөд түүнийг бий болгоод, эзэмшиж байгаа мэтээр төсөөлж, түүндээ итгэх хэрэгтэй. Тэгвэл удахгүй энэ бүхэн таных болдог.

Хүүхдээ яаж ирээдүйн саятан болгон хүмүүжүүлэх вэ? Үүний тулд үргэлж бүх юмаар халгиж цалгиж, хангалуун байх тийм үзэл суулгах хэрэгтэй.

Ингэж хэлэхээр та бөөн мөнгө тоолоод л, хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгөөд байна гэж ойлгож огт болохгүй. Хүүхдэд мөнгө үзүүлэх, мөнгө өгөх, тэр бүү хэл мөнгө өвлүүлэх юу ч биш. Ингэлээ гээд хүүхэд саятан болохгүй. Хамгийн гол нь тэр хүүхдийн дотоод ертөнц саятан болох ёстой. Хүүхэд агуу их хязгааргүй уудам, дуусашгүй баялаг бүхнийг харж мэдэрч гэмээнэ тэр хэрээр өргөн сэтгэж, уужим амьдарч, улмаар саятан болно. Харин ийм болгохын тулд та доорх зүйлсийг байнга үзүүлж харуулж байх хэрэгтэй.

-Тэнгэрээс зогсоо чөлөөгүй асгарах бороо юмуу өдөржин будрах цасыг харуулах. Харуулахдаа заавал дээшээ тэнгэр рүү харуулж тоо томшгүй, хязгааргүй олон ширхэгийг мэдрүүлэх.

-Ургах юмуу жаргаж байгаа нарыг харуулах

-Шөнө гадаа гаргаж тэнгэрт түгсэн тоо томшгүй оддыг харуулах

-Өндөр оргилд гаргаж хязгааргүй уудам тал, давааны цаана хөвөрч буй тоо томшгүй олон давааг харуулах

-Далай тэнгисийн хязгааргүй уудам усыг харуулах

-Амьтны баялаг ертөнцийг байнга үзүүлэх

-Төгсгөлгүй үргэлжлэх говь цөлийг харуулах хэрэгтэй.

-Энэ бүхний эцэст хүүхэд хязгааргүй уудам, дуусашгүй, тоо томшгүйн тухай ойлголттой болж эхэлдэг.

Улмаар түүний дотоод ертөнц хязгааргүй уудам болж ирдэг юм. Ингэж уудам болсон хүн сэтгэлийн эрх чөлөөтэй, аз жаргатай, өгөөмөр болж эхэлнэ.

Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.