Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 4
Хүндэт эцэг эхчүүд ээ! хүүхэд биднийг яг хуулбарладаг юм шүү. Тийм болохоор өөрийн хуулбарыг харцгаа.
Ингэхэд гадны хэн нэгнийг байхгүй үед эцэг эхчүүд бид биеэ хэрхэн авч явдаг вэ? соёлтой хосууд хүртэл гэртээ ирмэгцээ үрчгэр муухай өмд өмсөж, навсархай дээл нөмрөх нь элбэг. Дураараа амарч байгаа нь тэр гэнэ. Гэрийн эзэн өвдөг гарчихсан бэлтгэлийн өмд өмсөж, гэдэс гарсан майк углах нь ичмээр. Харин энэ бүхнийг хүүхдийн нүд харж л байдаг. Хараад зогсохгүй цээжилж байдаг.
Тиймээс эцэг эхчүүд үргэлж цэмцгэр хувцаславал сайнсан даа. Эс тэгвэл хожим “манай хүүхэд ямар муухай биеэ авч явж, ямар хааш яаш хувцасладаг юм” гэж гайхах цаг ирэх вий.
Эцэг эхчүүд “Би өдий насалсан болохоор яах ёстойг мэдэж байна. Дуугүй миний үгийг дага” гэж хүүхдүүдээ загнах нь элбэг. Ингэх огт хэрэггүй. Учир нь ингэж ярьж байгаа хүн өдий наслахдаа юу хийж бүтээсэн нь сонин байна. Ингэхэд тэр баян тансаг амжилттай амьдарч чадсан уу? Эсвэл цаг үргэлж зовлон туулсан хүнд амьдралыг ардаа өнгөрөөв үү? Энэ л чухал асуулт.
Хэрэв ядуу тарчиг амьдралаар явж байгаа эцэг эхчүүд бол хүүхэддээ аль болох зөвлөгөө өгөх хэрэггүй юм. Өөрөө юу хийхээ мэдэхгүй сандарч тэвдсэн, амьдралын харгуйд бүдэрсэн ээж аав нар хүүхдэд юу сургах юм бэ?
Уг нь болж өгвөл хүүхдийг цэцэрлэгт явуулах хэрэггүй байдаг. Учир нь манай улсын цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн систем коммунист арга барилтай бөгөөд үндсээрээ буруу гэж тооцогддог. Гэтэл өнөөдөр ч цэцэрлэгийн багшийн сургууль яг хуучин хичээлээ зааж, социалист багш нарыг тасралтгүй бэлдсээр байна. Энэ социалист багш нар бяцхан үрсэд хатуу хахир аашилж, нүцгэнээр зогсоох, харанхуй өрөөнд хорих, юм өргүүлж зогсоох, буланд цааш харуулах гэх мэт фашист шийтгэлүүдийг хэрэглэсээр л байгаа. Эдгээр багш нарын хувийн амьдралыг анзаарвал эд материалын тал дээр асар их саад бэрхшээлтэй байдаг ба энэ стрессээ хүүхэд дээр тайлах нь элбэг. Ингэхэд хүүхэд юуны учир шийтгүүлдэг вэ? гээд аваад үзэхээр, бусад хүүхдүүд унтаж байхад унтсангүй хэмээн шийтгэх жишээтэй. Дуулгавартай хүүхдүүд бүгд унтаж байхад нэг хоёр хүүхэд унтаж өгдөггүй. Тэд өөрийн тухай, томчуудын тухай, амьдралын тухай бодож хэвтдэг. Яг энэ хүүхдүүдээс ирээдүйн саятнууд төрнө. Тэдний бодлыг асуувал тун хачин хачин бодол хөврүүлсэн байдаг. Ээж аав нь яриагүй, зурагтаар үзээгүй, үлгэрт сонсоогүй зүйлсийн тухай тэд яагаад бодно вэ? Энэ нь хийсвэр сэтгэлгээ хүчтэй хөгжиж байгаагийн шинж юм.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.