Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 3
Их мэдлэг боловсролоор саятан болох боломжгүй. Үүний баталгаа бол доктор профессор гээд аль ч оронд олноороо байдаг сэхээтнүүд байна. Тэд бүгд дундаж амьдралтэй хүмүүс байдаг. Дунд ч бай, их дээд ч бай сургуульд заадаг онол бол талх яаж хийхийг л заахаас биш хийсэн талхаа яаж мөнгө болгохыг заадаггүй. Харин хүүхэд зах зээлд тэнцэх хүн болж төлөвшиж чадвал талхыг борлуулах ухаан хүүхдийн өөрийн толгойноос ундран гардаг.
-Өөрийн сонгосон чиглэлд байнга хөгжихийг заагаарай. Бизнес хөөх хүсэлтэй бол энэ төрлийн ном байнга судлах хүрээгээ дандаа тэлэх гэх мэт. Жишээ нь: “Саятан, менежер, монополь, гэх мэт мөнгө, зах зээлийн анхан шатны мэдэгдхүүн олгодог тоглоом заавал тоглуулах хэрэгтэй.
-Ямар ч ажил хэрэг заавал сайнаар төгсөнө гэдэгт итгэлтэй, тайван байхыг сургаарай. Жишээ нь хэн нэгэн найзтайгаа муудалцсан бол тэр хүүхдийн сайн талыг олж харахад нь томчууд туслах, түүнчлэн сайндах аргыг нь зааж өгөх гэх мэт.
-Өөрийгөө болоод гэр бүлээ хэний ч гар харалгүй хамгийн сайхан бүхнээр хангахын төлөө зогсолтгүй чармайдаг болгоорой. Өөрөөр хэлбэл насандаа, чадалдаа таарсан зүйлээр гэр бүлийхэндээ тусалдаг болгож дадуулах хэрэгтэй. Жишээ нь бага насных нь бол ширээ арчих, дунд насных бол гэрийн бүх хүмүүсийн гутлыг цэвэрлэх, ахлах ангийнх бол гэрийг тоос шороогүй байх асуудлыг хариуцуулах жишээтэй. Яг л хүүхэд байхдаа олж авсан энэхүү бусдад туслах дадал зуршлаараа зах зээл үнэлэх, хүмүүс хэрэглэх зүйл бүтээж чаддаг хүн болдог.
-Өмч хөрөнгийг байнга төвлөрүүлж, боломж гарах өсгөн нэмэгдүүлэхэд үлгэрлээрэй. Жишээ нь: Эцэг эхийн өгсөн халаасны мөнгөнөөс өдөрт үлдсэн задгай төгрөгүүдийг мөнгөний саванд цуглуулахад нь туслах хэрэгтэй. Энэ нь томоохон зүйлийг хуримтлалын мөнгөөр авдаг гэсэн ойлголт суухад нэн чухал. Мэдээж саятан гэдэг бол өөрийн хэрэгцээнээс гадна өч төчнөөн өмч хөрөнгөтэй хүнийг хэлдэг. Үүнийг нэг өдрийн ажлын хөлс, ашиг орлогоор авах боломжгүй.
Харин мөнгөний сав дүүрэхээс нааш мөнгийг авахгүй байх талаар та хяналт тавиарай. Энэ хэрээр хүүхэд ч бас тэвчээр хатуужилтай болж байдаг. Ингээд мөнгөний сав дүүрэхээр, эсвэл төрсөн өдрөөр нь ч юмуу задалж, өөрийнх нь дуртай зүйлийг авч өгөөрэй. Энэ үед хүүхэд их мөнгөний үнэр авч эхэлнэ. Мөнгөний үнэ цэнийг ойлгосон хүүхэд чинээлэг амьдралын өөртөө бий болгох чин хүсэлтэй болж ирдэг.
-Өөрийн эрүүл мэндэд дээд зэргээр анхаарч өвчин тусахаас урьдчилан сэргийлж чаддаг нэгэн болгоорой. Их мөнгө бол их үйлсийн шагнал байдаг. Их үйлсийг их эрүүл саруул оюун ухаан бүтээж чадна. Эрүүл хүний тархи толгой л их сэргэг байх нь мэдээж.
Тиймээс наад зах нь хүүхдээ нян бактерийн тухай ойлголттой болгох, бохир гарын уршигийг ойлгуулах хэрэгтэй юм. Ирээдүйн саятанг бохир заваанаас үүсдэг ханиад томуу, гэдэсний зэрэг элдэв өвчинд аль болох нэрвэгдүүлэхгүй байхын тулд ариун цэврийг маш сайн сахиулдаг болгох нь чухал. Тэгээд ч цэвэр цэмцгэр хүн эрүүл саруул байхаас гадна сэтгэл санаа өөдрөг явдаг жамтай.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.