Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 18
13 жил өмнө

Манлайлах хүсэл тэмүүлэл нь өөрийн үнэ цэнийг өргөх үзэлтэй нягт холбоотой байдаг. Хүүхэд бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл саруул бол өөрийн онцгой чадвараа бусдад харуулж чадна. Коммунизмын үзэл суртал нэвт шингэсэн бидний үе өөрийгөө дөвийлгөх явдлыг хамгийн муу чанарт тооцож итгэж ирэв. Бид өөрийгөө дарж, ах дүү, найз нөхөд, хажуу айлын Дорж, хороо хорин, улс орны ард иргэдийн төлөө хичээх болсноор бидний дундаас нэг ч манлайлагч төрсөнгүй. Энэ гашуун түүхийн хуудсыг хурдхан хааж, одоо өөрийн алдааг хүүхэд дээрээ гаргахгүй байхыг хичээе. Өөрийгөө өндөр үнэлэх, үнэлэмж, өөрийгөө хүндлэх мэдрэмж зэрийг нь хааж боож огт болохгүй. Жинхэнэ манлайлагч л саятан болж чаддаг.

            Хүүхдийг манлайлагч болгохын тулд хар багаас нь амжилт бүрийг нь магтаж өгөх хэрэгтэй.

Саад учрах болгонд зоригжуулж, бүтэлгүйтвэл дэмнэж, үргэлж итгэл үзүүлж байгаарай. Хүүхдийн анхны ялалтууд гэр бүл дотроос эхэлдэг. Будсыг итгүүлэн дагуулах, бусдаар бишрүүлэх зэрэг тэмүүллийг эцэг эх нь амжилт бүрийг магтах замаар суулгаж өгнө. Хүүхэд бүдэрч уналаа гэхэд эцэг эх сүйд болж болохгүй. Харин ч босгоод, цаашаа үргэлжлүүлэхийг тайвнаар зөвлөх учиртай. Хэрэв хүүхэд унасны төлөө эцэг эх сандарч тэвдэн, айж түгшиж, хэн нэгнийг буруутгаж эхэлбэл тэр хүүхэд манлайлагч болж чадахгүй. Аливаа саад бэрхшээлийг тайван хүлээж авах, бага зэргийн ялагдлыг огт тоолгүй урагшлах чадвар яг энэ үед л сууж байдаг. Хүүхэд бүдэрч унах, юман дээрээс унах үед ялангуяа аав нар огт тоолгүй “зүгээр, зүгээр” хэмээн хандах нь яг энэ чанаруудыг суулгаж өгдөг. Хэрэв зөвхөн ээж эгч нар хүмүүжүүлэх аваас тухайн хүүхэд ялагдлыг даалгүй гашуудаж, гутардаг, ичмээр үйл боллоо хэмээн эмзэглэдэг нэгэн болно.

            Ерөөсөө эмэгтэй хүмүүс өр нимгэн учир хүүхэд бүдэрч унахад хүртэл орь дуу тавьж, тэвэрч үнсэж, нус нулимсыг нь арчиж, дүүгээ харсангүй хэмээн ах эгчийг нь загнах зэргээр авирладаг. Ингэх юм бол тэр хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй, айж түгшдэг нэгэн болно. Тиймээс хүүхдийг манлайлагч болгоход эрчүүдийн ааш авир хамгийн чухал үүрэгтэй байдаг. Хүүхэд унахад эрэгтэй хүн тоож харах ч үгүй байх аваас хүүхэд өөрөө босон цааш явах ба хожим ямар ч саад бэрхшээл тохиолдоход хөл дээрээ босч ирдэг чадвар суудаг. Өөртөө итгэлгүй, түгшүүртэй нэгэн болох бол улс төрч юмуу бизнесмен лав болохгүй гэдэг нь баталгаатай.

Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.