Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 15
13 жил өмнө

“Хагас сүүтэй шилэн аяганы хууль” гэж байдаг. Талд нь хүртэл сүү хийсэн шилэн аягыг хүмүүст харуулахад олонхи нь “тал нь хоосон” гэж хүлээж авдаг байна. Харин тун цөөхөн хүн “тал нь сүүтэй” гэсэн өнцөгөөс харж ойлгодог. Юмны сайн талыг олж харах энэ авъяас ирээдүйн саятан хүүхдэд тун чухал. Өөртөө байгаа юманд баярлахаас биш байхгүй юманд гуниглах үзэл суух ёсгүй. Ингэж сурвал хүүхэд яагаад амжилт олохгүй байгаагийн тухай биш харин яаж амжилтанд хүрэх тухайгаа бодож эхэлдэг. Тэр ялагдлыг биш ялалтыг л боддог хүүхэд болно.

            Нэгэн гүн ухаантан хэлэхдээ “Аз жаргалын нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга заавал нээгдэж байдаг. Гэтэл хүмүүсийн олонхи нь өнөөх хаагдсан хаалганы дэргэд зогсож, дахин нээхийг оролдож, гуйж, заналхийлж, царай алдаж эхэлдэг. Харин цөөхөн хүнд хаагдсан хаалгыг шууд хаяад хөгжилтэй цааш алхсанаар шинээр нээгдсэн хаалган дээр хүрдэг юм. Энэ цөөхөн хүн л баян байдаг” гэж бичжээ.

            Жишээ нь хүүхэд хугарчихсан тоглоомоо скочдоод өг гээд өөрийнхөө болон томчуудын “мах идээд” зогсоод байдаг. Байнга хөдөлгөөнтэй байдаг тоглоом скочоор тогтох ч үгүй. Тиймээс та өөр тоглоом руу анхаарлыг нь хандуулж сургах хэрэгтэй. Болж өгвөл шинэ, өөрийг аваад өгөх, боломжгүй бол үлгэр уншиж өгөх, хамт хүүхэлдэйн кино үзэх, гадаа зугаалах гэх мэтээр анхаарлыг нь тоглоомоос сарниул.

            Ингэж өөрт аль ашигтай зүйл рүү анхаарлаа хандуулдаг болгоод дадуулах маш чухал. Ингэхгүй бол хүүхэд зах зээлд олигтой ашиг орлого авчрахгүй байгаа эсвэл олигтой цалин пүнлүү авахгүй байгаа ажилтайгаа зууралдаад байдаг.

            Аливаа зуршлуудыг хүүхдэд суулгана, хэвшүүлнэ гэхээр та насаараа хүүхэдтэйгээ зууралдах юм байна гэж сэтгэлээр унах хэрэггүй. Хүүхдийн толгой маш сэргэг. Ганц хоёрхон сарын дотор туслаад дэмжээд өгвөл зуршил болоод тогтчихдог сайн талтай. Тэгээд ч хүүхдийг зах зээлд тэнцэх хүн болж төлөвшүүлэхийн тулд өдөржин түүнтэй ажиллаад байх шаардлага ч байхгүй. Өдөр бүр ганц цаг ажиллахад л хангалттай. Харин өдөр бүр ажиллаж чадвал мэдээж амжилтанд хүрнэ гэдгийг мартаж болохгүй. Гагцхүү хүүхэдтэйгээ амарч, хичээллэж, хооллож, зугаалт, тоглож байх үедээ томчууд хэлж байгаа үг, хөдөлж байгаа үйлдэл бүрээ хянах л хэрэгтэй байгаа юм.

            Бидний болгоомжгүй үг хэл, үйлдлүүд хүүхдийн тархинд буруу үзэл, буруу төлөвшлийг суулгаж байдаг учир яг дэргэд чинь толь байгааг огт мартаж болохгүй. Тэгээд ч судлаачид хүүхэд өсвөр нас хүртлээ ухамсар нь хөгжөөгүй зөвхөн төрөлхийн болон дууриах рефлекс нь хөгжсөн байдаг гэж тогтоосон байдаг.

Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.