Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 10
13 жил өмнө

Нэгэн суут хүн хамгийн энгийн жишээгээр баян ба ядуу сэтгэлгээг харуулсан байдаг. Энэ жишээ Монгол шиг буурай ядуу оронд тун сургамжтай. Нэгэн эцэг эх хүүхдээ усанд оруулах гэж байтал халуун ус тасарчээ. Бүр долоо хоног, сар болоход ирсэнгүй. Ядуу сэтгэлгээтэй ээж аав хоёр маань орон сууцны конторыг, улс орноо, хувь заяагаа, эцэст нь хүүхдүүдээ харааж загнаж гарав. Энэ бүхэн тус болох уу? ямар ч нэмэргүй. Халуун усгүй, хүүхдүүд хиртэй чигээр үлдээд зогсохгүй бохирын өвчин болох гахайн хавдар тусч халуурцгаав.

            Харин баян сэтгэлгээтэй эцэг эх ус тасарсан тэр орой хоёрхон данх ус буцалгаж хүйтэн устай холин хүүхдээ угаачихаад инээмсэглээд унтацгаалаа. Тэдний ажил үйлс маргааш нь улам өргөжин хөгжив. Энэ хоёрын хооронд ямар их ялгаа байна вэ? Баян сэтгэлгээний сайн тал илт харагдаж байна.

            Тиймээс хүүхдийг ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гэхэд бусдаас буруу хайх биш сайн сайханд хүрэх гарц сургаж дадуулж чадвал тэр том болоод хийж байгаа ажлаа орхих биш гарц болоод мөнгө олж чадна.

            Жишээ нь хүүхэд дэлгүүр хаасан хойно шинэ дэвтэр хэрэгтэй гэхэд та “өдөр хэлэхгүй яасан юм” гэх мэтчилэн харааж загнаж, хүүхэд чинь хошуугаа унжуулж суудаг бол тэр том болоод их мөнгө авчрах зуун давхар байшин босгож чадахгүй. Өчүүхнийг давахад тархи толгой ажиллаагүй, сэтгэлийн хат хүрээгүй бол томыг бүтээх боломжгүй.

            Ахуйн өчүүхэн хэрэглээнд толгой түүртэлгүй гарц олдог болгож хүүхдийг төлөвшүүлж чадвал тэр хүүхэд бизнесийг сэтгэж чадна.

            Хүүхдийн аливаа тулгамдсан асуудалд хамтран гарц хайх хэрэгтэй. Ингээд байвал хүүхэд сайн сайханд хүрэхийн төлөө тэмцдэг дадал зуршил тогтчихдог. Саятануудыг азтайдаа саятан болсон гэж та андуурах хэрэггүй. Бэрхшээлгүй шулуун замаар бүтсэн ажил гэж хаана ч байхгүй. Гагцхүү түүнийг давах арга ухааныг олж хийж чадсан нь амжилтын оргилд хүрч, шантарсан нь ядуу зүдүү амьдардаг учиртай.

            Тиймээс та хуучин дэвтрүүдээс нь гол цаасуудыг нь олж нэгтгэн үдэж өгөөд, дэвтрийн нүүрэн дээр шинэ хаяг тавих цаас нааж өг. Энэ мэтчилэн аль болох гарц олох талаар хамтран сэтгэ. Ингээд маргааш нь шинэ дэвтэр аваад өнөөх ганц хуудас хичээлээ шилжүүлэн бичиж болно шүү дээ. Ер нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн тулд заавал сэтгэн бодох бодлого, тоглоом хийх гэж хүүхдээ махлах хэрэггүй. Гэрээ цэвэрлэх, хоолоо хийх, хичээлээ давтах, аялалд явах зэрэг амьдрал дундаа хүүхдийн хийсвэр сэтгэхүйг хөгжүүлэхийг зорьвол илүү үр дүнтэй байдаг. Аз жаргал хүнд тэнгэрээс унаж ирдэггүй юм. Хүн өөрийн гараар бий болгож, өөртөө дуудаж авчирдаг юм.

            Тэгэхээр аливаа бэрхшээл тулгарахад сэтгэл санаагаар унахаа урьтал болгодоггүй, арга ухаанаар бэрхшээлийг багахан зовж даваад сайн сайханд хүрч чаддаг тийм дадал зуршилтай болгож чадвал таны хүүхэд гарцаагүй саятан болж чадна.

Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.