Шидэт хувцас
11 жил, 2 сар өмнө

Маргааш

Бидний амьдралын өдөр бүхэн шинэ байдаг. Тиймээс ч бид маргааш ямар шинэхэн учралтай учрах бол, ямар шинэ зүйлийг сурч мэдэх бол хэмээн бодолд автан сайн сайхныг мөрөөдөн өглөө бүрийг хүсэл тэмүүллээр дүүрэн угтдаг билээ. Миний хувьд өчигдөр шөнө өнөөдрийг бусад өдрүүдээс илүүтэй тэсэн ядан хүлээж, орондоо хөрвөөн энэ өдрийн тухай бодсоор өглөөг угтсан юм. Яагаад вэ гэвэл би их сургуулиа төгсөөд 5 жилийн хугацаанд олон ажил хийж үзэхдээ олон байгууллагад хамрагдахдаа нэг ч удаа оролцож байгаагүй тийм л арга хэмжээнд өнөөдөр оролцох юм. Энэ арга хэмжээ сайхан муухай болохыг мэдэхгүй ч нэрнээс нь л татагдаж уулзаагүй удсан дотны хүнтэйгээ уулзах гэж буй мэт ийнхүү догдолж орондоо хөрвөөн хоносон юм. Үнэт зүйл гэж юу вэ? Гэр бүл, найз нөхөд, албан байгууллагад ч үнэт зүйл гэж байдаг. Бид хамтдаа үнэт зүйлийнхээ төлөө л амьдардаг. Гэхдээ тэр бүр үнэт зүйлүүдээ мэдэж, мэдэрч үнэт зүйлээрээ нэгдэж чаддаг билүү? “Үнэт зүйлийн өдөр” өдөрлөг рүүгээ явъя.

Тайвшрал

Би танд нэгэн үнэнийг задлахад хэдийгээр шөнөжин хөрвөөгөөд өглөөг тэсэн ядан хүлээн эрт боссон хэдий ч жижиг сажиг гэрийн, нүүрээ будах гээд ажлуудаа хийсээр гэрээсээ 9 цагт гарав. Өөрөөр хэлбэл өдөрлөг 10 цагаас байсан учир нилээн тулгаж гэрээсээ гарчихлаа. Хотын хойд захаас урд зах руу 1 цагийн дотор очино гэдэг үлгэр учир сандарсан би зам дээр очоод л өдрийнхөө хоолны мөнгөөрөө такси барихаар гараа өргөлөө. Цагаа буруу хувиарласан өөрийн буруугаа хүлээж өдрийн хоол идэхгүй байхаар шийдсэн нь энэ. Ингээд  л такси гэдэг сайхан унаанд сууж жолооч хэмээх мэргэжлийг эзэмшсэн ахмад хүмүүнтэй амьдралын сайн сайхан хийгээд саар бүхэний тухай ярилцсаар нэг мэдхэд зорисон газартаа ирээд цагаа харлаа. Өдөрлөг эхлээд 10 минут болжээ. Би бага зэрэг буюу 10 минут л хоцросон байна. Гэхдээ л аливаа зүйлд хожигдох дургүй барагтаа хожигдодгүй занг ааваасаа өвлөчихсөн болохоор нүүр улайгаад л халуу оргиод буцчихмаар санагдаад байлаа. Харин их сайхан өдөрлөг болно байхаа гэсэн хүсэл сэтгэл гижигдээд  “Монголын нууц товчоо” хэмээх дотно нэртэй рестораны гурван давхар руу өөрийн мэдэлгүй гүйлээ. Гэтэл намайг миний төсөөлж байсан чимээгүй орчин угтсангүй, хүмүүсийн зарим нь цагирагаар тоглож, зарим нь оньсон тоглоомоор оюун ухаанаа уралдуулан байх агаад эхлээгүй гэдгийг мэдэрсэн би сая нэг тайвширч дараагийн удаа хожигдохгүй ээ хэмээн өөртөө шивнэсэн юм.

Баяр хөөр

Манай байгууллагын ихэнх хүмүүс “Үнэт зүйлийн өдөр” өдөрлөгтөө хүрэлцэн ирсэн байлаа. Ганц хоёрхон хүн буюу надтай адил хүмүүс хожигдсон ч гэлээ нэмэгдсний дараа удалгүй өдөрлөг эхэлсэн юм. Гэхдээ та бид хоёрын бодож байгаагаас тэс ондоогоор шүү. Та юу гэж бодож байна? Би бол бүх хүмүүс ширээ тойрон суугаад л өдөрлөг лекцээр эхлэх байх хэмээн өөрийн мэдэлгүй төсөөлөн байсан. Гэтэл сургалтыг зохион байгуулагчид бүгдээрээ ойртоорой баг болж хуваагдана гэснээр уламжлал болон толгойнд тогтсон бодлууд, албаны байдал сарнин одлоо. Бүгд л инээмсэглэл тодруулан баг болон хуваагдаж инээд хөөр, өөрчлөлт, шударга өрсөлдөөнөөр биеэ чимэн баяр хөөрөөр бялхаж байна. Энэ үед би ямар чанга инээж байсан гээч, яагаад гэвэл маш их халуун дулаан илч хамт олныг нэгтгэж байсан болохоор. Би ч бас өөрийнхөөрөө энэ элчинд уусч яг өөрийнхөөрөө байж баяр баясгалан, хайрыг мэдэрсэн юм. Бас болоогүй ээ, манай баг уралдааны ялагч болсонд илүү их баярлалаа. Бусдыгаа манлайлан үлгэр дуурайллыг үзүүлнэ гэдэг сайхан шүү.

Ил тод

Өдөрлөг хамт олон дунд орж ирсэн шинэхэн хүмүүстэйгээ танилцан үргэлжлэв. Сонирхолтой байлаа. Шинэ ертөнцүүд үүд хаалгаа жижигхэн нээв. Бид гэхдээ сайн онгойлгох гэж хичээн элдвийг асууж байсан юм. Ингээд “Сарын шилдгийн индэр” гэсэн индэр дээр хамт олны санлаар шалгарсан Ганзориг уригдлаа. Ганзориг индэр дээр гараад хамт олондоо хандан “миний мундаг гэж юу байхав дээ” хэмээн их л даруухнаар яриагаа эхэлсэн нь эрдэмтэй хүн даруу гэдгийг илтгэлээ. Тэрээр: цаашид илүү ихийг сайн хийнэ, хамт олондоо хандаад хэлхэд бид чаднаа гэсэн юм. Сарын шилдгээр тодорсон Ганзоригийн үг олон хүнд хийж бүтээх их хүсэл, дараагийн сар шилдгээр тодрох юм сан гэсэн хүсэл мөрөөдлийг түгээлээ. Ингээд удирдлагууд компаны зүгээс хийж буй шинэ ажилуудаа танилцуулсан бөгөөд хамгийн гол нь “Та ажлаа чин сэтгэлээсээ сайн хийвэл амжилт, санхүүгийн боломж” бүгд байх боломж байгаа шүү гэдгийг онцлон сануулсан юм. Тэр дундаа хэн санаачлагатай ажиллана тэр хүнд бүх зүйл байж болно гэдгийг хэллээ.  Бидний өдөрлөг хэдхэн минут завсарлаж байна. Дараагийн хэсэг юу байх бол?

Амттай

Бид хамт олноороо хоол идэхээр ширээ тойрон суулаа. Хуушуур, бууз, нарийн махан хуурга гээд Монгол үндэсний хоолыг манайхан захиалжээ. Би захиалаагүй, өдөр хоол идэхгүй ээ гэж шийдсэн байсан болохоор хуушуур илүү байна гэхээр нь хуушуур авлаа. Үнэхээр амттай байна. Энэ рестораны тогооч, хамт олон бидэнд зориулан сэтгэлээ шингээн хийжээ. Гэхдээ хамгийн гол нь бидний сэтгэл амар тайван, баяр хөөрөөр дүүрсэн учир идэж буй хоол амттай санагдаж байгаа билээ. Ийм л амттай хоолыг хамт олноороо олон удаа идэх нь гарцаагүй санагдана.

Гүн гүнзгий

Сайхан хооллосон бид хамт олноороо, зохион байгуулагч Соёлын хорооныхны зааврын дагуу судалгаанд оролцлоо. Судалгаа хамт олны уур амьсгалыг хэрхэн илүү сайхан болгох, хэнээс юуг сурахыг хүсч байна гэх мэтчилэн хүн бүрт хүрсэн, хүний хөгжлийн чиглэлийн байсан юм. Анир чимээгүйд, аялгуулаг намуухан аянд хүн бүр судалгаагаа идэвхитэй бөглөсөн бөгөөд үргэлжлүүлэн өөрийнхөө дотор руу, дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийлөө. Учир нь бидэнд 60 насныхаа ойгоор хэн хэнийг төрсөн өдөртөө урих, урисан зочидоосоо өөрийнхөө тухай юу сонсохыг хүсч байгаагаа бичих, 60 насандаа хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан эсэх тухай сорил ирлээ. Хүн бүр өөрийнхөө сэтгэл рүү өнгийн байх энэ мөчид би хүсэл мөрөөдлөө бодож биелүүлсэн байна хэмээн бат итгэлтэйгээр бичээд 60 нас нэг л мэдхэд л ирэх учраас өнөөдрийг илүү их хайрлах ухаарлыг авлаа. Сэтгэл зүрхнийхээ гүн гүнзгий рүү очиж цагаан цаасан дээр буулгасан бидэнд энэ цаас үлдлээ. Зөвхөн өөрөө бичсэн өөрөө л уншсан энэ л үг бүрээ 60 жилийн дараа эргэн сөхөж харна... 60 нас. 

Шидэт хувцас   

Төсөөлөөгүй олон зүйлсээр дүүрэн байсан өнөөдрийн өдөрлөг өндөрлөхийн өмнө New media marketing компанийг үндэслэн байгуулагч, биднийг нэгтгэн нэгэн дээвэр дор цуглуулсан захирал А.Мэнд-Орших хамт олондоо үг хэллээ. Тэрээр: хүн бүр сэтгэлтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө тань. Өөрийгөө таньж чаддаг зүйлээ сайн хий, өөрийгөө сайн таниад цагаа зөв зохицуулаад аливаа уулзалт, үйл ажиллагаанд хоцролгүй ирж бай хэмээн захилаа. Амжилт гэдэг амжуулахын нэр тулд хожигдож ирсэн надад энэ үг их л тод сонсогдож сэтгэлд хадгалагдан үлдсэн юм. Ингээд манай хамт олны өдөрлөгийн бас нэгэн санаанд оромгүй зүйл бол үнэгүй массаж байсан бөгөөд орж ирэлгүй буцах гэж байсан намайг энэ массаж илүү их амрааж чадлаа. Ийм сайхан эрч хүчийг авсан  бидний хувцас шидтэй болсон юм. Хүн бүр халуун дотноор бие биенээ тэвэрч амжилтын үгсийг бие биедээ хэлснээр бидний хувцас шидтэй болж нэг сарыг эрч хүчээр дүүрэн өнгөрөөх итгэлийг өвөртөлсөн билээ. Өө нээрээ бид 9 сард мэндэлсэн хүмүүсээ баярлуулсан юм байна. Үнэт зүйлээрээ нэгдсэн манай хамт олон дараа сарын энэ өдрөө тэсэн ядан хүлээнэ. Өдөрлөгийг санаанд оромгүй сайхан зохион байгуулсан Соёлын багтаа хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ гялайлаа. Үүнийг уншсан та ч бас байгууллагадаа ийм өдрийг санаачлан бүтээж ид шидийг түгээгээрэй. Танд амжилт хүсье.