Чулуу урлалын сургалтын анхны суралцагч Г.Анхбаярын сэтгэгдэл
11 жил, 6 сар өмнө

Монгол чулуу урлалыг хөгжүүлэгч  чулууны дархан Г.Баярбилэгийн анхны шавь Г.Анхбаяртай уулзаж цөөн хэдэн хором ярилцлаа.Тэрээр сурч мэдэхийн хүсэлдээ хөтлөгдөн чулуугаа урлан завгүй байсан ч хэдэн минут чулуу урлалын талаар бидэнтэй ярилцсан юм. Биднийг ярилцах үеэр чулуу урлалыг сонирхсон олон хүн чулууны дархан Баярбилэгтэй ирж уулзаж байсан нь үндэсний өв соёлоо дээдлэгч хүмүүсийн тоо нэмэгдэж буйг илтгэж байлаа.  

Сайн байна уу? Чулуу урлалын сургалтын анхны шавь болсон сэтгэгдэлээ хуваалцана уу?

Би маш баяртай байгаа. Анхны юм бүхэн үнэ цэнэтэй сайхан байдаг. Тийм ч учраас өөрийгөө их азтайд тооцоод байгаа. Нэг сайт дээрээс мэдээллийг уншаад шууд л ирсэн.  

Өмнө нь ийм сургалтанд сууж байсан уу?

Үгүй ээ, ийм сургалтын талаар ердөө сонсож байгаагүй.

Ер нь чулуу урлалыг сонирхдог байсан гэсэн үг үү?

Тийм ээ, чулуу урлал их сонирхол татаад байдаг.

Яагаад?

Мэдэхгүй /инээв/ нэг л гоё, цаанаа л сайхан харагддаг. Чулуу бүхэн нууцтай мэт. Гэхдээ сургалтанд суух гэхээр дархан хүмүүс зааж өгөх боломжгүй гэдэг байсан. Тэгээд л сурах юм сан гээд бодоод л явдаг байлаа.

Хаана юу хийдэг вэ?

Одоогоор ажилгүй байгаа, сургуулиа төгсчөөд л байж байна.

Цаашид ямар ажил хийх вэ?

Одоогоор шийдээгүй байна, тэгэж байгаад болноо, одоогоор чулуугаар юм хийгээд суръя гэж бодож байна.

Чулууны талаар хэр их мэдлэгтэй байсан бэ?

Би ном, сониноос чулууны талаар уншиж байсан. Гэхдээ л бага мэдлэгтэй байсан. Хангалттай биш.

Сургалт хэр их өгөөжтэй санагдаж байна?

 Өгөөжтэй байна. Чулууны талаар мэдээлэл нэмэгдээд мөн их сонирхолтой байгаа. Өмнө нь чулуугаар урласан бүтээлүүдийг харж худалдаж авч байснаас хэрхэн хийдгийг харж байгаагүй. Бас  өөрөө хийнэ гэдэг хялбар биш, бас их сайхан юм. Би түрүүн хэлсэн чулууны талаар бага мэдлэгтэй байсан гэж. Одоо бол мэдлэг нэмэгдэж байгаа. Монголчууд чулууг хичнээн олон зориулалтаар ашигладаг байсныг чулууны ашиг шимийн талаар мэдэж байна.

Танай удамд чулуу урлаач хүн байсан уу? Ер нь гэрийнхэн нь сургалтанд суухад нь хэрхэн хүлээж авсан бэ?

Манай удамд чулууны дархан байгаагүй ээ, манай гэрийнхэн их сайхан хүлээж авсан. Дэмжиж байгаа.

Чулуу урлах ажил хэр байна? Сурч байна уу?

Гайгүй ээ, гэхдээ жоохон хэцүү, үнэхээр сонирхож байгаа учраас болж байгаа.

Чулуу урлалын энэ сургалтанд сууснаар төгсөхдөө хөөрөгтэй болно гэсэн?

Тиймээ, би хөөрөгтэй болоод гарна, хийгээд эхэлсэн байгаа шүү. Сэтгэл сайхан байгаа.

Чулууны дархан болно гээд шийдсэн үү? Дархан хүн их тэвчээртэй байх хэрэгтэй гэж сонссон юм байна?

Тийм ээ, чулууны дархан болно, тэвчээртэйгээр сурах болно.

Чулуу сонирхогч, залуучуудад болон бусад хүмүүсд хандан юу хэлмээр байна?

Чулуу сонирхогч хүн бүхэн хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. Хэрвээ хүсэлдээ үнэнч байвал бүх зүйл болно гэж хэлье. Мөн чулууны дархан олон болоод эх орныхоо чулууг баялаг болгоосой гэж хүсч байна.

За баярлалаа, танд амжилт хүсье

 

                                                                                   2013он