Чихрийн шижинтэй хүний "тамтай" хооллолт
Чихрийн шижинтэй хүний “тамтай” хооллолт
Чихрийн шижин өвчний тухайд:
Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл болоод байгаа өвчний нэг бол яах аргагүй чихрийн шижин өвчин юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсээс ихээхэн шалтгаалдаг энэ өвчний тухайд хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм. Энэ өвчинөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчнүүдийг араасаа дагуулдаг байна.
Тулах хөлгүй, харах хараагүй болох, бөөрний дутагдлаар үхэхээс айж, мөнгө хайрлахгүй эмчлүүлэх атлаа өвчний нь үндсэн шалтгааны нэг болсон буруу хооллолтоосоо салж чадахгүй хүн олон байх юм даа.
Бодит жишээ:
Нэгэн бизнесмен залуугийн амьдрал нэг л өглөө орвонгоороо эргэжээ. Түүний ам нь цангаж, шээс нь ойр ойрхон хүрээд, бас ядраад байжээ. Энэ байдлыг нэлээд удаан ажигласны эцэст эмчид хандсан байна. Гэтэл чихрийн шижин гэж оношлон, эдгэхгүй өвчин тул амьд явъя гэвэл хатуу дэглэм сахих хэрэгтэй гэж сонсоод, ихэд цочирдон сэтгэлээр унажээ. Тэднийх Зайсанд амьдардаг тул эхнэр нь хааяа “Соёолж” ресторанаар ордог байж. Манай сувиллын хоолны цэсийг үзээд бидэнд хандаж, нөхрөө тусгай хөтөлбөрөөр хооллуулах хүсэлт тавьсан юм. Гуравдугаар бүлгийн цустай тэр залууд хоолны хөтөлбөр хийж өгсөн бөгөөд манай “Соёолж”-д наад зах нь нэг сар тууштай хооллохоор боллоо.
Дурлаж иддэгээс нь нилээн өөр хоол, унд байх учир нөхөрт нь тодорхой бэрхшээлүүд тулгарах бөгөөд тэдгээрийн үндэс нь сэтгэлд оршдог гэдгийг хэлж өгөөд, өвчнөөсөө бүрмөсөн салах боломжийг цаг алдалгүй ашиглахын тулд бага сага юм зайлшгүй олж мэдэх шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Тийм бэлтгэл хангаагүй бол хөтөлбөрийн дагуу тууштай хооллож чадахгүй гэхэд ихэд гайхаж байсан боловч үүний учрыг ойлгохын тулд гэр бүлээрээ манай сургалтад 5 өдөр суухаар болвоо.
Нөгөө залуу хичээлд суугаагүйгээр барахгүй гурван өдөр арай гэж хооллоод л хөтөлбөрөөсөө татгалзсан юм. Харин эхнэр, ээж, дүү нар нь үндсэндээ түүний төлөө л сургалтад бүрэн суусан бөгөөд “сохорсон биш завшив”гэгчийн үлгэр шиг бидний хувьд маш хэрэгтэй ажил боллоо гэж байсан. Нөхөр нь хэрхэн дургүйгээр өөрийгөө албадан дэглэмээ барих гэж хичээж, түүндээ сэтгэл нь давхар зовж байгааг эхнэр нь хичээлд ирэхдээ ярина. Ээж нь ч хүүдээ их санаа зовно. Ухаантай хүн юм чинь аажимдаа сурна даа гэнэ.
Нөгөө залуу маань саахар буулгадаг эмээ уугаад, дуртай зоогийн газартаа хүссэн хоолоо идээд явж байгаа гэсэн.
Энэ түгээмэл үзэгдэл уншигч Танд танил биш гэж үү?
Ажлаа хийгээд, хүссэнээрээ буруу хооллоод баясан амьдарч байсан чинь эрүүл мэнд муудаж эхэлдэг. Байдал нилээн эвгүй болсны дараа л эмчид ханддаг. Таагүй онош сонсдог. Бөөн түгшүүр, айдас. Ажлаа хойш нь тавиад л эмчилгээ хөөцөлдөж эхэлдэг. Хичнээн хичээвч өвчин амар заяа үзүүлэхээ болих үе эхэлдэг. Үхэх дургүй. Эмчилгээтэй хавсраад хоол ундны зөвлөгөө гарч ирдэг. Биелүүлэх гэж хичээдэг. Эм тариа, бусад эмчилгээг тэсэж болдог ч хоолны дэглэмд тэвчээр үнэхээр дутдаг. “Сайхан” хоол руу татах таашаалын эрхшээлээс мултрахыг хүсээд ч дийлэхгүй тул зөв үйл байнга хийгдэхгүй. Үйл нь бүтээгүй учир үр нь хаанаас боловсрохов? Төгсгөл нь ойлгомжтой.
Үүнтэй маргах хүн гарах уу?
Энэ тийм давагдашгүй хүчин зүйл үү? Биед зохимжтой учир эмч зөвлөдөг хоол унд нь үнэхээр л хүн идэхийн аргагүй юу?
Хоёр өөр хариулт байх бөгөөд хоёулаа зөв.
Сэтгэлээ боловсруулж амжаагүй хүн бол “тийм” гэж хэлнэ. Ид гээд байгаа юм нь үнэхээр л амтгүй, муухай учраас идэх аргагүй гэж хэлнэ. Зөв хооллож чадахгүй байгаагийн шалтгаан нь хоол гэнэ. Ухаанаараа дүйж, зориг тэвчээр гаргаж байж л хийх ажил гэж бодно. Биеэр үзсэн учраас мэдэж байна гэж хэлнэ.
Зэрлэг амьтан мэт эмнэг догшин сэтгэлээ эвтэйхэн номхруулан сургаж, эрхэндээ оруулсан хүн бол “тийм биш” гэж хариулна. Хүнс бүхэн давтагдашгүй өвөрмөц, өөр өөрийн амт, үнэр, өнгөтэй, сайхан муухай гэж ялган заримд нь дурлаж, заримаас нь дургүйцэх учир байхгүй гэнэ. Амт, өнгө, үнэр, хүртэгдэх байдал нь дотоод мөн чанарын гаднах илрэл гэдгийг тийм хүн мэднэ. Мөн чанар нь төгс гэдгийг мэдэж байгаа бол шинж чанарыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Төгс чанарыг нь эвдэхгүйг эрхэмлэнэ. Идэх юмыг бол аз жаргалтайгаар хүртэж чадна. Үр дүнг нь үзээд сэтгэл хангалуун байна.
Бүтэц дотор нь юу байгаа, юу байхгүйг амт нь илэрхийлж байхад уг хүнс нь ашигтай хэрэгтэй зүйл ихтэйн гэрч болсон амтыг муу гээд сайхан амттай болгохын тулд хэрэгтэй бүхнийг нь гаргаж хаях хэр зэрэг зохистой ажил байхав? Зүйрлэвэл алт ихтэй шорооны өнгийг голж, алтгүй болгосныг нь сонгоод их баяртайгаар угаахтай төстэй. Уг нь алттай болох гэж л хийдэг ажил!
Эрүүл хооллохыг сэтгэл нь зөвшөөрдөггүй учир тийшээ хандахгүй байх шалтгууд мундахгүй. Жишээ нь, тийм сайхан юм нь байхгүй учраас л болохгүй байна гэнэ. Чихрийн шижинтэй хүнд зориулсан хоол хүнс бий болонгуут үнэтэй байна, амтгүй байна гэх нь энүүхэнд. Тэгсэн мөртлөө инсулин тарьдаг 1 ширхэг зүүг 300 төгрөгөөр авахдаа элдэв юм бодохгүй.
Эзнээ эрхшээлдээ байлгаж чаддаг эмнэг сэтгэлээ сургаж боловсруулах ажилд анхаарал хандуулсан хүн мөн ч их юм олж авна даа. Дадлагагүй бол энэ ажил яав ч бүтэхгүй. Боловсруулах дадлагаа гэрээс гадуур хийж боломжийг Монголд бол “Соёолж” зохимжит хоолны газар, “Соёолж” бейкерийн бүтээгдэхүүнүүд олгодог.
Ингэж хэлэхэд бизнесийн реклам гэж санагдаад, дургүй хүрч байвал нөгөө сэтгэл илэрч байна гэсэн үг. Дургүй нь хүрсэн юм чинь өвчтэй ч гэсэн бусдад ашиглагдахгүй дээ гэсэн бодол орж ирнэ. Гэтэл жинхэнэ утгаар нь авч үзвэл хоол хийдэг хүндээ биш харин идсэн хүнд л мөнгөөр хэмжиж боломгүй ашиг авчрах мэдээлэл юм. “Соёолж” гэдэг боломжийг байлгаж байна гэдэг сэтгэлээ таних нь бүү хэл ажиглаж ч мэдэхгүй, өвчнөө худалдаж авдаг ч үхлээс айдаг хүмүүсийн зах зээлд тийм ч амар ажил биш. Ийм боломжийг ашиглах эсэх нь хувь хүний сонголтын асуудал.
Чихрийн шижинтэй хүний нэг өдрийн хоолны цэс:
Чихрийн шижинтэй, гуравдугаар бүлгийн цустай хүнд зөвлөгөө болгож, дээр дурдсан залууд гаргаж өгсөн хөтөлбөрөөс нэг өдрийн хоолны цэсийг сонирхуулъя.
Өглөө: 1. “Соёолж” хоормог 2. Геркулес алим, ногоотой 3.Буудайн соёолж
Өдөр: 1. Гурван шимтийн шөл өндөгтэй 2. Адууны эрээн булчин, амтат чинжүү 3.Цагаан гаа нимбэгтэй өргөст хэмх 4. бүхэл үрийн гурилан мантуу
Орой: Өндөгтэй ногоо
Эдгээрээс махтай хоолны орц, хийх аргыг танилцуулбал: Адууны чанасан эрээн булчин (150г), амтат чинжүү(100г) нарийн хэрчээд, бага зэрэг устай саванд зөөлөн галаар жигнэнэ. Цайны халбага оливын тос, чимх давс, нимгэн зорсон цагаан гаагаар амтална. Бага зэрэг тараг нэмж болно. Аягалахдаа салат навч, ногоон сонгино зэрэг ногоон ургамлаар чимэглэнэ.
Дээрх цэсэнд орсон хоолыг муухай гэж үнэлэх сэтгэлтэй бол амтгүй. Өтгөн шөл, шарсан тарган мах, тосонд амталж чанасан төмс, цагаан будаа, хурц амттай зууш, цагаан талхтай харьцуулбал тэгж үнэлэгдэнэ.
Олон жил хэлмэгдсэн нойр булчирхай болон бусад эрхтнүүд нь хэрхэн баярлаж байгааг мэдэрч чаддаг сэтгэлд бол хачин сайхан амттай. Жинхэнэ амтыг төдийгүй зөв сайн үйлийн үр дүнг мэдэрдэг болсон хүний сэтгэл л дээ. Мэдрээгүй юмаа хүн мэдэхгүй шүү дээ.
Өвчин гэдэг муу үр дүнг мэдэрч байгаа хүн жинхэнэ эрүүл байдлыг амсаж мэдрээгүй бол эрүүл аж төрөх тухай мэдлэгээ байнга хэрэгжүүлэх сонголт хийж чадахгүй. Харин мэдрэгдтэл нь туршиж үзэхгүй бол юугаа сонгох билээ дээ?
Үхлийн айдас, амьдрах хүслээс нь илүү хүчтэй таашаалын үндэс сэтгэлд нь байгааг таньж мэдэхгүй бол өөрөөсөө бусдыг буруутгаж, сандарч бүлтгэнэсээр хамаг мөнгөө бараад, эдгэсэн ч юмгүй өнгөрөх магадлал дэндүү өндөр гэдгийг амьдрал байнга нотлон харуулсаар байх юм даа.
Анзаарах сөхөөтэй амьдардаг бол. . .