"Цөлжилт урлагт" үзэсгэлэн
13 жил, 1 сар өмнө

“Цөлжилт урлагт” үзэсгэлэн
Хүн төрөлхтөн байгаль эхийн бүтээл гэдгээ мэдэх хэдий ч өдөр бүр, цаг тутам түүнтэй зүй бусаар харьцан буйгаа анзаарахаа больсон өнөө үед гашуун үнэнийг орчин үеийн урлагийн шинэ төрлүүдээр дамжуулан олны хүртээл болгон харуулах нь тэдний сэтгэлгээнд өөр өнцгөөс нөлөөлөх үр дүнтэй оролдлого хийж буй нэгэн өвөрмөц шийдэлтэй экологийн үзэсгэлэн ЗанадуАрт галерейд 6-р сарын 20-ны 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь дэлхийн нийтийн цөлжилтийн эсрэг өдөр болох 6-р сарын 17-той зэрэгцэн гарч буй явдал юм. Энэхүү төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж буй “Шинэ үе Урлаг” нийгэмлэг нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулж буй бөгөөд цаашид ч эх дэлхийнхээ төлөө уг төсөл хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Цөлжилтийн тухай сонирхолтой хэлбэрээр харуулсан дахин давтагдашгүй өвөрмөц уран бүтээлүүдийг дэлгэн харуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахын зэрэгцээ татан оролцуулах боломжтой уг үзэсгэлэнд контемпорари урлагийн Видео Арт, Уран зураг, Өрөг /Инстолляци/, Фото арт, Перфоманс арт зэрэг орчин үеийн урлагийн голлох төрлүүдийг багтаасан хамтарсан төсөл хөтөлбөр, уран бүтээлчдийн workshop, хэлэлцүүлэг багтан цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. Энд Л.Энхбат, Н.Амарсайхан, В.Ундраа, Д.Батзориг, Ц.Ариунтөгс, Т.Энхболд, С.Зэсээ гэсэн долоон уран бүтээлч бүтээлээ дэлгэх бөгөөд Эх дэлхийнхээ төлөө бидэнтэй ивээн тэтгэгч байгууллагаар ЗанадуАрт галерей, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, Үндэсний олон нийтийн радио телевиз, NTV телевиз, E Боловсрол телевиз, АИСТ Монголия телевиз, SCH телевиз, Хийморь телевиз, Зиндаа сонин, Өнөөдөр сонин, UB POST сонин мөн “Хөх нар” төв, CHE Design нар хамтран ажиллаж байна.
Цөлжилтийн талаар ганцхан жишээ дурьдахад манай орны хувьд 365 сум, суурин газрын 145 нь элсэнд дарагдсан цөлжилт эрчимжиж буй нутаг бөгөөд нийт газар нутгийн 90 % нь цөлжилтөд өртөх магадлал ихтэй, хуурай бүсэд оршдог, улс орны 45 % нь цөлөрхөг газар байдгаас 65,1 % нь эрсдэл ихтэйд тооцогддог, газрын ус доор байрлалтай, бага, жигд бус хур тунадас ордог, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, шороон зам хэт их гарсан зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлийн оролцоотой үүсч буй цөлжилтийн талаарх тоон мэдээлэл нь уг асуудлыг шийдвэрлэх шатанд нэгэнт хүргэжээ.