Цэцэг билэгт найзийн минь омог төгөлдөр ертөнц
12 жил, 8 сар өмнө

Миний уран бүтээлийн найз Д.Цэцэнбилэг "Миний ертөнц" нэртэй яруу найргийн анхны номоо сая надад бэлэглэлээ. Түүний цэцэн билэгт оюунаас ундарсан омог бардам агуулгатай, хурц тод дүрслэлтэй, хэтэрхий өөрийнхөөрөө чөлөөт хэлбэртэй сонин сайхан шүлгээр дүүрэн ном нь надад маш их таалагдлаа. Шүлгүүдээ өөрийнхөө гараар монгол бичигт буулгаж нийтэлсэн нь Монгол хүний нэгэн бахархал болон дурайна. 

Түүнийг би Эх орныхоо зүрхэнд булиглах гал улаан цус шиг эрч хүчтэй, гал цогтой уран бүтээлч, сэтгэгч Монгол бүсгүй гэж бодож явдаг. Өөрийнхөө үйл амьдрал, үг бүтээл бүрээрээ монгол хүнийг ухаарал, гэгээрлийн замд хөтлөхийг зорьж явдагт тань үргэлж бахархаж, чадах зүйлээрээ туслаж дэмжиж, Монгол хүний соён гэгээрлийн төлөө илүү ихийг хамтдаа хийж бүтээнэ гэж бодож явдаг шүү. Найзийнхаа цаашдийн уран бүтээлд нь АГУУ хийгээд ТӨГСийг хүсэн ерөөе.

Түүний шүлэгнүүд дундаас ухааныг минь жад шиг сийчэж, өөрийгөө дахин дахин өнгийхөд хүргэсэн нэгэн шүлгийг танд ч гэсэн зориулъя.

ӨР ТӨЛӨӨСГҮЙ ӨГЛӨГ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ
Огтол, тайр, тул энэ мод чинийх

Орил, хашгир, тийчил энэ жаргал чинийх 
Оволзсон шуналаа дийлэхгүй олсон бүхнээ ав
Одоо харин төлөөсөнд нь өрөөсөн нүдээ өг

Уу, залги, ширгээ энэ гол чинийх
Унт, хэвт, эзэмд өрөөлийн хүн чинийх
Уутал, савла, ав энэ мөнгө чинийх
Улам ихийг хүс, хайртай бүхнээ буцаан барь

Ух, нүхэл, сүвлэ энэ газар чинийх
Уйл, инээ, хөрвөө энэ өдөр чинийх
Хуур, мэхэл, даажигна ард түмэн чинийх
Хүрч авсан бүхнээ харин одоо буцааж өг

Авсан хүртсэн болгоноо алганы салаагаараа алдаж
Амь тэмцэн хурааснаа аяганы амсраар цалгиаж
Аяа чи юу ч үгүй хорвоогоос буцахаас хойш
Ахархан бодлын үзүүрт хор бүү тээгээч

("Би энэ шүлгийг УЛААН ШҮЛЭГ гэж нэрлэе" Ж.Лувсандорж)