Цахим хандив сан буюу handiv.mn хандивын системийн албан ёсны нээлт
Сүүлийн жилүүдэд орчны бохирдол, амьдралын чанар, хүсний аюулгүй байдал зэрэг олон асуудлаас үүдэн хүүхдийн өвлөл нэмэгдэж байна. Эмнэлэгийн тоног төхөөрөмж, хүчин чадлаас хамааран эх орондоо эмчлүүлэх боломжгүй өндөр зардлаар гадагш явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдол олон тулгарч байна. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.
Хувь хүмүүс өөрсдөө хандив тусламж цуглуулахад, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, үүрэн телефоны оператороос тусгай дугаар авч, банкинд данс нээлгэх зэргээр цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлүүд олонтаа тулгардаг. Сайны хажуугаар саар гэгчээр худал хэлж, хандив цуглуулан түүнийгээ эздэд нь хүргэлгүй хувьдаа завшсан тохиолдол ч гарах болов. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоохоор мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем болох handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцууллаа.
Тус сангийн нээлтийн ёслолд УИХ-ын зарим гишүүн, төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёлын байгууллагын төлөөлөл, жиргээчид, сэтгүүлчид дэмжин оролцлоо. Урлагийн салбараас язгуур урлагийн “Алтай” хамтлаг 1400 жилийн өмнөх Алтай ятгын аялгуугаар сонор мялааж, СТА дуучин Балдан, дуучин Хүрэлбаатар, Язгуур хамтлагийн уртын дуучин Баянжаргал, УДБЭТ-ын дуучин Төмөрсүх нар ая дууны өргөл өргөсөн бол СТА дуучин С.Баянмөнх үйл ажиллагааг хөтөлж хурсан зочдын зүрх сэтгэлийг хөгөллөө.
Энэ үеэр хүүхэд гэр бүлийн сэдэвт бүтээлээрээ хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг зураач В.Ундраа “Ээж” бүтээлээ дуудлага худалдаанд оруулж, 30%- ийг нь цахим хуудас бүтээсэн зардалд хандивлалаа. Мөн зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслөө танилцуулж, бүтээлийнхээ дээжээс Их хаадын хөрөгийг хүндэт зочидод гардууллаа.
Сангийн нээлтийн ёслол дээр уг санг үүсгэн байгуулагчид ажиллах зарчмаа танилцуулсан юм. Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэн www.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээх юм байна.
Тухайн мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж, шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой ажээ.
Тус сан нь төсөв, мэдээллийн ил тод нээлттэй байдлийг эрхэмлэн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, хандивын бүх мэдээллийг өөрийн веб сайт дээр ил тод нээлттэй байрлуулж тунгалаг итгэлтэй, нээлттэй байдлаар ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ЦАХИМ ХАНДИВ САНГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ
[Хэвлэлийн мэдээ]
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хот суурин газрын хүн амын төвлөрөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан амьдрах орчны экологийн тэнцвэр алдагдсаар байна. Үүнээс шалтгаалан нийгмийн дундаж давхарга, тэдний гэр бүлд хүүхдийн өвчлөлийн тоо эрс нэмэгдэж тэр хэрээр эмчилгээний зардал өндөртэй хүнд өвчтөний тоо өсөх хандлагатай боллоо. Зарим иргэд өөрдсийн нөөц боломжийг шавхаад ч эмчилгээний зардлыг бүрэн төлөх санхүүгийн боломжоор хомс байна. Иймээс олон нийтээс дэмжлэг туслалцаа хүсэх, хандив олох зорилгоор сошиал медиа хэрэглэгчдэд хандаж цуглуулах нь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар манай улсад энэ чиглэлээр нэгдсэн зохицуулалт байхгүйгээс болж хандив цуглуулах үйл ажиллагаа зарим үед эмх замбараагүй болох, хуурамчаар хандив цуглуулах, хандивийг завших зэрэг сөрөг үзэгдэл үүсэх тохиолдол ажиглагддаг.
Үүнийг шийдвэрлэхийн тулд мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем буюу handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцуулж байна.
ЦАХИМ ХАНДИВ САН НЬ
Өвчтэй хүүхдийн нэр барих буюу хуурамч өвчтөний нэрээр иргэдийг залилан хандив цуглуулах зэрэг хуурамч, буруу булхай сөрөг үзэгдэлийг цэгцлэх;
Хандив хүсэгч хүүхэд хандив цуглуулахын тулд үүрэн холбооны тусгай дугаарууд худалдан авах гэж цаг хугацаа алдах, банкинд данс нээх гэх мэт үр ашиггүй зардлууд гаргаж цаг хугацаа алддаг байдлыг багасгах;
Хандив тусламжийн мэдээллийг олон нийтэд хүргэх нэгдсэн системийг бий болгоно;
Нийгмийн хариуцлага өндөртэй хандивлагч хувь, албан байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, тэднээр дамжуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ажиллана.
ХЭРВЭЭ ТАНД ХАНДИВ ТУСЛАМЖ ШААРДЛАГАТАЙ БОЛ?
Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэн www.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээнэ.
Цахим хандив сангийн хамт олон тухайн хүний мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж эхлэнэ.
Хандивын Цахим хандив сангийн дансаар цуглуулж, цугларсан мөнгөний 90%- ийг хүлээлгэн өгнө. (10% нь сангийн үйл ажиллагаанд зарцуулагдана)
Шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой.
Цахим хуудаст мэдээллийг байрлуулах хугацааны хувьд таны өөрийн хүссэн хугацааг харгалзана.
Сангийн хамт олон хандивын хүсэлтийг олон нийтэд түгээх ба хандив хүсэгч мөн адил түгээх боломжтой.
Ирээдүйгээ хамтдаа гэрэлтүүлье!
info@handiv.mn | 976- 88081148 | https://twitter.com/handivMN | https://facebook.com/HandivMN