Цаг хугацаатай уралддаг барилгынхан импортын хэв хашмалыг “БАЯРТАЙ” гэж хэллээ
Хоёр жил хэр урт хугацаа вэ. Хүний амьдралын настай харьцуулбал тийм ч урт хугацаа биш. Гэхдээ залуу насанд бол нэг л мэдэхэд нисээд явчихдаг дэндүү богино ч хугацаа байж болох. Тэгвэл хоёр жилийн дотор цаг хугацааны үнэ цэнэ, минут, секунд бүрийг өөртөө ашигтайгаар өнгөрүүлсэн нэгэн бизнес эрхлэгчтэй уулзлаа. Тогтууны Отгонбаяр гэх энэ хүнийг хоёр жилийн өмнөөс би мэддэг. Анх 2012 оны өвөл “ТАСО” хэмээх компани байгуулагдаж байгааг дуулаад, тэдний үйлдвэрийг зорьж ТЭЦ IV–ийн цэлийсэн том, хүйтэн гражид гурван шат дамжлага бүхий хэдэн технологи дээр таван залуу ажиллаж байсан юм. Уур савссан хүйтнийг тэд ажрах ч шинжгүй ажилдаа улайрсаар байсан. Хэв хашмалын технологийг солонгос түнштэйгээ хамтарч, оруулж ирэхээр ажиллаж байна. Одоогоор хэв хашмалынхаа түүхий эдийг Солонгост бэлтгээд авч ирж байгаа хэмээн ярьж байсан. Энэ үеэр Т.Отгонбаяр “Би таньдаг ахаараа дамжуулж Налайхаас гурван залууг авчирч сургаж авч байгаа, 100 хувь импортоор авдаг барилгын гол нэрийн материалын нэг хэв хашмалыг дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. ПУМ буюу евро форум гэж Өмнөд Ази, Арабын улсууд болон Европт нэрийдэж ашиглаж буй хэв хашмалын технологийг Монголдоо нутагшуулж, цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз, Казахстан зэрэг улсад экспортлох зорилготой” хэмээн надад тайлбарлаж байсан юм. “Дотооддоо хэв хашмалын бэлдэцээ бүрэн үйлдвэрлэдэггүй, гаднаас угсарч оруулж ирдэг байж яасан том мөрөөдөлтэй хүн юм бэ дээ. Энэ биелнэ гэдэг юу л бол доо, яасан ч өөртөө итгэлтэй ярьдаг хүн бэ” гэж түүнийг даапаалсан бодол надад төрж байснаа нуух юун. Харин өчигдөр тохиолдлоор “ТАСО” компанийн шинэ үйлдвэр дээр очиж сурвалжлага хийх завшаан гарсан юм. Хэдий энэ хугацаанд Т.Отгонбаяр захиралтай ганц, хоёр удаа хурал дээр тааралдаж, үйлдвэрийнх нь ажлын талаар мэндийн зөрүүтэй явж байсан ч яг хэрхэн өөрчлөгдсөнийг огт мэдэхгүй байсан болохоороо дотроо “дэгсдүүлж” ярьсан ажлаа хийсэн болов уу гэсэн нууцхан бодол өвөрлөж явсан юм. Тэгвэл хоёр жилийн дотор “ТАСО” компани ажилчдынхаа тоог дөрөв дахин нэмэгдүүлж одоо 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, түүхий эдээ Солонгосоос авч, дотооддоо 100 хувь боловсруулалт хийдэг болж, Монголын барилгын салбарын тэргүүний 50 компанитай хамтарч ажилладаг болтлоо өсч дэвжсэн байгаа юм. Хоёр жил огтхон ч богино хугацаа биш гэдгийг Т.Отгонбаяр захирал хамт олонтойгоо хамт харуулсан гэж магтаж хэлж болохоор санагдсан юм. Яагаад магтмаар бүр бахархмаар санагдаад байгаа вэ гэхээр, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед “ТАСО” компани дунджаар 30-40 удаа давтан ашиглаж болох боломжтой өндөр чанартай, импортын бүтээгдэхүүнээс ширхэг тутамдаа 6000-10000 төгрөгөөр хямд бүтээгдэхүүнийг монгол хүний ур ухаан, чадварыг шингээн дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Дээр нь, гурил будаанаас эхлээд бидний өмсч, зүүж, идэж хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хоёр жилийн өмнөөс нугарч өссөн гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл “ТАСО” компани энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнэ дээр ердөө 1000 төгрөг л нэмсэн тухай тус компанийн менежерүүд онцолж байсан.
ТАСО юу хийдэг вэ
Баригдаж буй барилгуудыг гадна талаас нь харахад хар панёраар саглайж,
сагсайж харагддаг та анзаарсан байх. Манай улс барилга барихдаа хэдэн
жилийн өмнөхийг хүртэл Хятадаас хар панёрыг оруулж ирж, боож хэв
хашмалын хэлбэрээр ашигласаар ирсэн. Энэ нь хог хаягдал ихтэй, байгаль
орчинд ээлгүй технологи учир дэлхий нийт татгалзаад удаж байгаа ажээ.
Гэтэл манайд барилгын салбартаа Хятад ажилчдын багийг хөлсөлж авдгаас
үүдэж, хар панёраар хийх тохиолдол одоо ч гэсэн байдгийг Т.Отгонбаяр
захирал онцолсон. Тэгвэл “ТАСО” компанийн хувьд 100 хувь дотооддоо
үйлдвэрлэж буй ПУМ буюу хэв хашмалыг стандарт, төдийгүй хүссэн
хэмжээгээр нь Солонгос технологиор чанарын өндөр төвшинд үйлдвэрлэдэг
юм. Тодруулбал, өндөр зэрэглэлийн чанартай, эдэлгээ сайтай тего хавтанг
ашиглаж хэв хашмалаа үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Мөн энэхүү хэв
хашмалыг дагалдуулж ашигладаг, өмнө нь 100 хувь импортоор авдаг байсан
дотоод, гадаад булан, холбоос төмрийг хийж байгаа аж. Тус компани
Солонгосын мэргэжлийн инженерүүдийг урьж, авчирч ажилчдаа ийнхүү
чадавхжуулж байгаа юм билээ. БНСУ энэхүү стандартаар хийсэн ПУМ буюу
хэв хашмалаа барилгаас гадна, зам гүүр, төмөр зам зэргийг барихад
1980-аад оноос ашиглаж эхэлснээр барилгын салбар нь хурдацтай хөгжсөн
түүхтэй ажээ. Одоогоор Япон, Вьетнам, Бирм зэрэг улс үйлдвэрлэлийнхээ
салбарт түлхүү ашиглаж байгаа юм. “ТАСО” компани нь “Жигүүр гранд”,
Дельта констракшн, Самсунг, Эрин интернэшнл, Хера констракшн зэрэг
барилгын салбарын тэргүүлэгч 50 гаруй компанитай гэрээтэйгээр хамтарч
ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн Ухаахудаг, Гашуунсухайт
чиглэлийн төмөр замын ажлыг хийх хэв хашмалыг нь иж бүрнээр нь ханган
нийлүүлж байгаа. Барилгын компаниуд Солонгосоос яг дотооддоо үйлдвэрлэж
байгаатай адил чанартай бүтээгдэхүүн авахын тулд гааль, татварт өчнөөн
мөнгө төлж, цаг хугацаа алддаг учир, цаг хугацаатай уралдаж бүтээн
байгуулалтаа хийдэг тэдний хувьд “ТАСО” компанийн хэв хамшалыг сонгож,
барилгаа барихад илүү ашигтай байдаг юм.
Үнийн өсөлтийг технологийн шийдлээр давсан
Т.Отгонбаяр захирал “Манайх сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэртэй
1.4 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийсэн. Тиймээс одоогоор
өдөрт 600-700 ширхэг хэв хашмал, дотор, гадна булан 1000 ширхэг, холбоос
төмөр 15 мянгыг хийх хүчин чадалтай” хэмээн ярьсан. Иймээс сүүлийн
хоёр жилийн дотор бүтээгдэхүүнээ үнэ дээр 1000 төгрөг л шинээр нэмсэн
ажээ. Хэдийгээр дотооддоо хэв хашмал үйлдвэрлэдэг ганцхан компани хэмээн
үнийн өсөлтийг далимдуулж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болох байсан ч
Т.Отгонбаяр захирал тийм сонголт хийгээгүй ажээ. Учир нь, хэдхэн жилийн
дотор ашгаа эргэж олохоор улайрдаг адгуу зан гаргалгүй, бизнесийнхээ
урт хугацааны ирээдүйн бат суурь, цаашлаад дотоодынхоо компаниудыг өсч,
дэвжихэд хувь нэмрээ оруулахаар тэрээр шийдсэн талаараа хэлсэн. Дотоодын
барилгын компаниуд цаашлаад төрийн зүгээс хийж байгаа барилга, авто
болон төмөр замын ажилдаа дотоодын компаниудын үйлдвэрлэж, ядаж л тоосго
цаашлаад хэв хашмал зэргийг хэрэглүүлэх стандарт тогтоовол дотоодын
үйлдвэрүүд өндийхөд санхүүгийн томооохон дэмжлэг болно гэдгийг
Т.Отгонбаяр захирал онцолсон. Улсаас жил бүр хийж буй бүтээн
байгуулалтын томоохон ажлууддаа дотоодын барилгын компанийнхаа
бүтээгдэхүүнийг авч ашиглуулдаг болговол олон компани хөл дээрээ босох
нь мэдээж. Т.Отгонбаяр захирал цаашдын зорилгын талаар ярихдаа “Манай
компани үндэснийхээ томоохон үйлдвэрлэгч компани болж, дотоодынхоо зах
зээлийг 100 хувь хангахын зэрэгцээ цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз,
Казахстан улсад бүтээгдэхүүнээ экспортолдог болохоор зорьж байгаа. Бид
жилээс жилд технологио сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж,
тулгуур баганыг үйлдвэрлэх бидний ойрын хийх томоохон ажил” хэмээсэн.
Харин төрийн зүгээс дотоодынхоо экспортод гаргах боломжтой
бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж, энэ чиглэлд худалдааны томоохон
гэрээ, хэлэлцээр хийж, татвар, гаальд нь хөнгөлөлт үзүүлэх чухлыг ч нь
тэрээр онцолсон юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг “овгоо” нэр төртэй авч
яваа, 20 гаруй хүний амьдрал ахуй цаашлаад барилгын салбарынхандаа
томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад нь “ТАСО” компанид талархах хүн
олон байгааг онцолж байна. Хэрэв “ТАСО” компанийн бүтээгдэхүүнийг
худалдан авч, хамтарч ажиллахыг хүссэн бүх компанид үүд, хаалга нь
нээлттэй гэдгийг онцолсныг дуулгая.
Б.Ууганбаяр
Үндэсний шуудан сонин