ЦАГААН САРЫГ ИНГЭЖ ХИЙВЭЛ ЁСТОЙ ГОЁ ЮМ БАЙНА! (Иргэншсэн цагаан сар!!!)
13 жил, 10 сар өмнө

Цагаан сар ба хар нулимс

За 13 хоногийн дараа алдарт Цагаан сар боллоо. Нэг нас нэмсний, өвөлдөө өнтэй сайхан орж шинэ жилдээ элбэг хангалуун аз жаргалаар дүүрэн амьдрахыг бэлэгшээн ураг төрлөөрөө уулзан золголдож, ахас ихэсээ хүндэтгэж, садан төрлөө танин мэдэж авдаг сайхан баяр билээ. Баярын хэлбэр нь анх үүсэхдээ нүүдэлчдийн соёлтой зохицож нийцсэн байж. Морио унаж давхилдаад, айл хотлоороо уулзан золгож, мал ахуй, сонин сайхнаа хөөрөлдөж, тоглож нааддаг байж.

Харин одоогоор энэ баяр садан төрлөөрөө аз жаргалтай уулзан золголдох аз жаргалын баяр гэхээсээ садан төрлөөрөө уур бухимдалд автдаг баяр болоо юу даа. Айл бүр ууц, бууз, бэлгээ яах вэ гэсэн хийрхэлд автаж, стрессдэж, баян харагдах гэж өр тавьж, умгар хотынхоо түгжээ бухимдал дунд хэсүүчилэн өдрийг барж, эрээний бараа бэлэглэсэн болж, садан төрөлтэйгээ уулзаж золголдсон ч зүйлгүй, ярьж хөөрч тоглож наадсан ч юмгүй, босоогоороо хэсэж, давчуу өрөөндөө багталцахгүй, ёс төдий тохой өргөж, идэж уухаар шахуулж, баярын дараа хоол боловсруулах эрхтний хямралд орж 103-ийг сахиж за нэг иймэрхүү маягаар баярлана гэдэг бол үнэхээр хэний ч хүсэх зүйл биш байлтай. Хамаатан садантайгаа уулзана золгоно гэдэг боловч, яг үнэндээ уулзаж золголдож чаддаггүй. Зөрөлдөөд хэсэлдээд байдаг. Ингээд ураг төрлөө мэдсэн ч юмгүй өнгөрөөд байдаг. Бас тав тухтай хамаатан садантай танилцаж, юу хийж, сэтгэж бүтээж байгаагаа ярилцаж ч амждаггүй. Иймэрхүү л баяр гэхэд хэцүү л бантан болоод байна.

 

Тэгвэл Цагаан сараа хэрхэн тэмдэглэвэл зүгээр вэ?

Бүх хамаатан садандаа зар тарааж, нэг томоохон заалыг түрээсэлж, нэг дороо цуглаж “Ургийн баяр” хэлбэрээр тэмдэглэнэ. Нэг дороо цуглаж тэмдэглэсэнээр ямар ач холбогдолтой байхыг овгийн ахлагч нарт сайн ухуулан ойлгуулах хэрэгтэй. 

За тэгээд тэндээ овог овгоороо идээ, цагаагаа нэгдсэн байдлаар засаж, нэг доороо бүх ахмад буурлуудтайгаа золгож, ууж идэж, садан төрлийнхээ хүмүүсийн хийдэг ажил төрөлтэй нь танилцаж, хивсээ дэвсээд шагай няслаж, алаг мэлхий өрж тоглож наадаад, дуулж хуурдаад, ахмад буурлуудынхаа сургаалийг сонсоод, Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, эрээний хог биш үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглээд тэмдэглэвэл ямар гоё вэ? Ядаж л залуу хүүхдүүд нь хоорондоо танилцаж авна. Ингэж танилцахгүй бол хамаатан садантайгаа үерхээд хүүхэдтэй болчихоод байгаа шүү дээ. Ерөөсөө л Цагаан сараа жилдээ нэг ураг саданаараа цугладаг “Ургийн баяр” болгочихъё.

 

Үр дүн нь юу вэ?

- Хамаатан садан, ураг төрлөө сайн мэдэж авна.
- Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, өвөг дээдсийнхээ талаар ихийг мэдэж авч, бахархаж нэр төрөө эрхэмлэх сэтгэл төрнө.
- Ийш, тийшээ хэсэлдэж, хөшилдөж цаг заваа барах шаардлагагүй.
- Айл бүр том ууц, бууз, бэлэгэндээ бухимдаж өр тавих шаардлагагүй.
- Хамаатан садны хүмүүсийн гайхам авъяас чадварыг мэдэж авна.
- Хүн бүрт бэлэг өгөх гэж 1000, 500-ын цоорхой оймс биш харин тухайн гэр бүлд нийтэд хэрэгтэй нэг том бэлэг өгдөг байвал зүгээр ч юм уу
- Бэлэгээ нэг дороо солилцчихно.
- Бүгд нэг доороо цугласан учраас, ажил амьдралаа ярилцаж, хэн нь юу сэтгэж яваагаа тухтайхан хөөрөлдөж, нэгнээ дэмжих хамтран ажиллах сэдэл бий болно.
- Тоглож наадаж, жинхэнэ утгаар нь хөөрч баясах боломж бий болно.
- Айл бүрд давхардаж идэж уугаад явдаг, салат, буузаа гүзээлж сар шинийн дараа хордлогод орж биеэ өвтгөх шаардлагагүй.
Ууц, бууз, унаа тэрэг гээд маш их үргүй зардал гаргахгүйгээр садан төрлөөрөө хэмнэлттэй атлаа аз жаргалтайгаар тоглож наадаад жинхэнэ утгаар нь баярлаж цэнгэнэ гэдэг чинь энэ дээ.

Иргэншсэн цагаан сараа гэж!!! 
Бодож цэгнээд, аав ээждээ ойлгуулаад, хамаатан садангаа сэнхрүүлэх л үлдлээ.