Хөөрхий бидний "оюутан сурагчид"
ХҮМҮҮЖИХИЙН ЗАМЫГ ДАГАЦГААЯ
...Намар намрын яг өдий цагт сургуулиудын хичээл эхлэх цаг ойртож, бүх нийтээрээ л хөдөлгөөнд орцгооно. Хичээлийн хэрэглэлээ базаах, гоёлын хувцсаа зэхэх, сургалтын төлбөрөө олох гээд зөндөө олон асуудал дээр "уулзалгүй удсан ангийн найз нөхөд"-өө санаж хүлээсэн сэтгэлийн догдлол нэмэгдэх аж. Сурагч бас оюутан байх сайхан. Олуулаа нийлж дарвисан он жилүүд дунд энэ л насанд үл мартагдах гэгээн сайхан, хөгжилтэй дурсамжууд амилж, сэтгэлд шингэн үлддэг.
Хичээл эхэлж, хөөрсөн сэтгэл намдаж, гагцхүү эрдмийн их оргил өөд тэмүүлэх мөчид өөрийн ирээдүйн сайхны төлөө зорилго тавьсан зүтгэл, зүгээр л "диплом" хэмээх хавтасны төлөөх хэнэггүй зугаацал, учраа сайн олохгүй хэрнээ хэн нэгнийг дагаж хөөрсөн хөөрцөглөл бүхэн ялгарч эхлэх аж. Өөртөө шингээсэн мэдлэг чадвар, бусдад үзүүлэн гайхуулах өнгөцxөн "диплом" хоёрын хооронд их ялгаа бий. Өдөр шөнийг үл алгасан урсах он цагийн урсгал энэ л залуу насны гоо үзэсгэлэн, сурч мэдэх их боломжийг хамтад нь урсган оддог гэдгийг харин тэд тэгтлээ анзаарахгүй.
БОЛОВСРОЛ
Монголчууд бид БОЛОВСРОЛ гэдгийг "ДИПЛОМ" гэж ойлгосоор удаж буй. Хэдийгээр нийгэм өөрчлөгдсөн хэдий ч өнөө хэр нь энэ ойлголтоосоо салаагүй явна. Ямар сайндаа манай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй маргалдахдаа "чамайг бодвол би Ленинградад сургууль төгссөн хүн шүү" гэж "илүүрхэж" байхав. Монголын боловсролын салбарын бодлого, хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай эрхмүүдийн "мэдлэг чадвар" нэг иймэрхүү...
Яг л энэ "боловсрол бол диплом мөн" гэдэг ядмагхан ойлголтын нөлөөгөөр Монголчууд бид, Улсын болон Хувийн хэвшлийн их дээд сургуулийн тооны хүн амд харьцуулан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж яваа. Харин чанарын хувьд ямар түвшинд байгааг баталж чадахгүй ч "боловсрол бол ашигтай бизнес" болон хувирч байгааг анзаарч байна. Бидний эргэн тойронд байгаа "дээд боловсролын дипломтой" худалдагч, үйлчлэгч, хамгаалалтын ажилтан, массажчин, бас биеэ үнэлэгчид, наймаачидыг харахдаа өнөөгийн "боловсролын үнэ цэнэ болон чанар"-ыг
мэдрэх мэт.
Харин өнөөгийн Монголын нийгэмд залуусыг ажилд авахдаа "гуравдагч оронд мастераас дээш боловсролтой" хэмээн цохон нэрлэх болсон нь АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад "мастер"-т суралцах их хөдөлгөөнийг өрнүүлж байгаа сайн талтай хэдий ч өөрийн орны боловсролын чанарыг хэрхэн үнэлж буйн нэгэн илэрхийлэл мэт. Харин эдгээр орнуудад сургууль төгсөгчид ажилд орохдоо "мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, хувь хүний хүмүүжил төлөвшлөө" илэрхийлэн нотолж байж тэнцдэг гэдгийг бид бас л мартаж боломгүй. Диплом гэдэг нь тэдний юу судалж, хэрхэн мэдэж байгааг тодорхойлсон баримт бичиг төдий болохоос ажилд орох шалгуур ч бас биш юм.
СУРГУУЛИАС ГАДНА ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?
Саяхан фейсбүүк дээр ийм асуулт тавьсан байсан. Энэ бол шинэ үеийн залуусын эрэл хайлт, бас цаг үеийн шаардлагын мэдрэмж байж болох. ДИПЛОМ бол тухайн хүний энэ сургуульд суралцахдаа юу судалж, ямар чадвар эзэмшсэнийг нотлох баримт бичиг. Харин БОЛОВСРОЛ бол тухайн хүний энэ нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах чадвар, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл юм. Биднийг бага ахуйд "ХҮН БҮХ НАСААРАА Л СУРАЛЦАХ УЧИРТАЙ" хэмээн сургадаг байж. Энэ бол сургууль төгсөөд л өөрийгөө "төгс төгөлдөр болчихлоо" хэмээн эндүүрдэгээс огт өөр зүйл юм. Хүн болж төрснийхөө хувьд энэ нийгэмд зөв сайнаар амьдрах чадварт суралцана гэдэг байнга тасралтгүй үйлдэл юм.
ЮУ СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?
1. Хэл харилцааны соёл:
Ямар ч хүн зөв сайнаар ярьж өөрийн бодол санаагаа илэрхийлж байх учиртай. Ядаж хараалын бүдүүлэг үгс, Монголчууд бидний амны уншлага болсон "п..да", "танд их баярлалаа" "тантай танилцсандаа таатай байна" гэх хэллэгийн ялгааг салгаж ойлгож байх хэрэгтэй мэт. Үг бол тухайн хүний ухаан санааны илэрхийлэл. Хэн нэгэнтэй ярилцахдаа үгээ олохгүй ээрч мууран гацаж байх нь сайн зүйл гэж үү?
Tүүнээс гадна зөв сайн, утга төгс бичиж сурах нь хэрэгтэй. Дурласан бүсгүйдээ өгөх хайрын захиагаа бусдаар бичүүлж байсан нэгэн, хэзээ нэгэн цагт эхнэртээ чин сэтгэлийн хайрын үг хэлж чадах болов уу? Ядаж л хаа нэгтээ өгөх өргөдөл, баримт бичгийг хэн нэгнээр бичүүлэх нь сайн зүйл, бас тус гэж үү? Бид өөрсдөө ямагт уншиж байхгүйгээр энэ чадварыг эзэмшихэд амаргүй.
2. Түүх-Хууль эрх зүйн боловсрол:
Бид өөрсдийн бахархалгүйгээр бусдыг хайрлан хүндэтгэж чадахгүй. Бидний бахархал бол бидний түүх. Бид хэрхэн үүсэж, хэрхэн нэгдэж, хэрхэн өдий хүртэл оршин тогтнож ирсэнийг түүх л бидэнд өгүүлнэ. "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" хэмээн сургасан үг ч бас бий. Монгол хүн бүхэн ядаж л "Монголын нууц товчоо" хөлгөн судраа заавал мэдэж байх хэрэгтэй.
"Бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг" хэмээн бидний өвөг дээдэс зарлигласан. Хууль бол хувь хүн, нийгмийн харилцааны зохицуулалт болон хэм хэмжээ. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авахгүй байхыг, дургүй хүрсэн нэгнийхээ намалдагийг нээгээд байж болохгүйг, олон нийтийн газар бусдаас илүү "атаман" зан гаргаж болохгүйг, өөрөө зөвшөөрөөгүй байхад нь бусдыг хүчирхийлэн дарамталж болохгүйг, согтчихоод хаа дуртай газраа бие засаад байж болохгүйг хууль бидэнд сануулдаг.
Бас хууль биднийг хэрхэн хамгаалж байх ёстойг ч бид өөрсдөө мэдэж байх учиртай. Шударга бус үйлдлийн эсрэг үгээ хэлэх, хууль бус үйлдлийн эсрэг тэмцэх, бүдүүлэг хэрцгий байдлын эсрэг гомдол гаргах эрхээ ч мэдэж, хэрэгжүүлж байх үүрэг бий.
3. Байгаль экологийн боловсрол:
Бид өөрсдийн эргэн тойронд байгаа байгаль орчин болон амьтан ургамлын зүй тогтлын талаар мэдэж байх учиртай. Ядаж л урсгал усны эхний модыг огтолбол ширгэдэг тухай, ургамал цэцэгсийг үндсээр нь тасалбал эргэж ургадаггүй тухай, амьтай бүхэн өөрийн үр төлөө хайрлан хамгаалдаг тухай, байгалийн гайхамшигт тэнцвэрийн тухай, хамгаалж арчлах нь бидний амьдрах орчинд сайнаар нөлөөлөх талаар мэдэж байвал зохилтой.
Өндөрлөг газар босгосон овоон дээр архи ууж, давсгаа суллах бус чулуу өргөдөг заншлын талаар, энд тэндгүй ухсан нүхээ булж дарахгүй бол хүн амьтан унаж бэртэх аюулын талаар, цагийн аяс болон байгалийг шинжин байж малаа хариулан, нүүдэллэн амьдардаг монгол ухааны талаар ч мэдэж байвал сайн.
4. Эдийн засгийн боловсрол:
Ажиллаж олсон мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулж, амьдрал ахуйдаа хүргэх, зөв тооцоолох талаар мэдэж байх учиртай. Орлогоос зарлагыг хасч байж ашгийг тооцоолдог болохоос олсон бүх мөнгөө ашиг гэж тооцон будилахгүй байхыг, хэрэгцээнээс давсан зарлага өрийн дарамт болон хувирдаг тухай, хэмжээнээс давсан өр зээл амьдралыг нурааж, хүмүүсийг ядуу болгодог талаар мэдэж байвал зохилтой.
Орлого хэрэгцээ хоёрын зөв зохицолдоон гэр бүлийн алсын төлөвлөлт, зохицуулалтыг бий болгодог талаар, мөнгө бол хэрэгцээ болохоос амьдралын туйлын зорилго бус гэдгийг, хүн болгон заавал учиргүй их баян байх албагүйг, хууль бус орлого хэзээ нэгэн цагт гэмд унагаах халтайг мэдэж байх нь хэрэгтэй.
5. Эрүүл мэнд, бие бялдрын боловсрол:
Энэхэн биеийг олж төрсөн өөрийнхөө бүтцийн тухай, эрүүл явах нь амьдралын баяр баясгалан болох тухай, бусдад гайхуулах гэж бус өөртөө тааруулан сайхан хувцаслах соёлын тухай мэдэж байх учиртай. Өвдөхгүй байхын тулд хэрхэх хэрэгтэйг, өвдсөн үедээ хэрхэн эмчлэх ёстойг, өөрийн бие махбодийн онцлогоо мэдэж байгууштай.
Тэгвэл ядаж л энэхэн биеэ бусдад даатгаж, элдэв барьц өргөлөөр өвчнийг дарна гэж будилахгүй, "ийм ч тийм ч юманд сайн гэнэ" хэмээн юуг ч мэдэхгүй зүйлийг ууж идэхгүй, хувь заяа болон амьд явах хугацаагаа бусдаар мэргэлүүлэн сэтгэлээ хямруулахгүйгээр өөрөө өөртөө итгэж явахад хэрэг болох биз. Зохисон зохиогүй хамаагүй үнэтэй болгоныг өмсөж бас зүүж, хэн нэгний атаархал шуналыг хөдөлгөхдөө сэтгэлийн цэнгэлийг эдлэх тэнэглэлд автахгүй буйз.
6. Гоо сайхны боловсрол:
Энэ ертөнцөд бусад аугаа авьяастан ухаантнуудын бүтээсэн урлаг соёлын гайхамшигийг мэдэж байх хэрэгтэй. Уран зураг, дуу хөгжим гэдэг ямагт хүмүүний сэтгэлийг баясуулан цэнгүүлнэ. Тэдгээрийг үзэж, сонсож байхдаа хүмүүс "энэ амьдрал ямар гайхамшигтай сайхан зүйлээр дүүрэн" байдгийг мэдэрч баярлан бахдаж байдаг. Ямар ч хүн гоо сайхны дэргэдүүр шагшин магтахгүйгээр өнгөрдөггүй.
Гайхамшигт уран зургууд айл гэрийн ханыг чимж байхдаа тэр л орчинд сэтгэлийн халуун дулаан илч гэрлийг түгээж байдаг. Сайхан аялгуу хөгжим эгшиглэж байхад хүн ядарч алжааснаа умартаж, түүнд уусан тайтгарна. Айлд байгаа олон номуудтай номын сан ямар ч үнэтэй тавилгаас илүү гоё харагддаг. Энэ бүхэн тэр айлыг илүү гэгээлэг, аз жаргалтай бас ирээдүйдээ итгэлтэй байгааг илэрхийлнэ. Учир нь ийм сайхан зүйлийг ямагт өөртөө мэдрүүлж байдаг хүмүүс хэзээ ч муу үйлд автддаггүй аж.
7. Техник технологийн боловсрол:
Өдгөө ШУ -ны ололт айл гэрт бүрэн нэвтэрчээ. Цахилгаан хэрэгсэлүүдээс эхлээд угаалгын нунтаг хүртэл бүгд л өнөөгийн техник технологийн ололт. Тийм болохоор эдэлж хэрэглэж байгаа бүх л техник технологийн үндсийг мэдэх байх хэрэгтэй. Хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, цахилгаан гал тогоо, телевизор, хөгжим тоглуулагч, компьютер зэрэг бүх л хэрэгсэлүүдийн бүтэц болон үндсэн зарчмуудыг мэдэж байх нь өнөөгийн шаардлага болжээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, угаалга цэвэрлэгээний олон химийн урвалж бодисуудын талаар ч мэдэж байх шаардлагатай. Энэ нь эрүүл байх, гэмтэхгүй байх нэгэн боломж. Ядаж л хүнсний болон химийн гаралтай бүтээгдэхүүний код болон ашиглалтын хугацааг мэдэж байх нь эрүүл мэндэд хэрэг болно.
8. Гэр бүл болон бэлгийн боловсрол:
Хүмүүс энэ ертөнц дээр гэр бүл болцгоон хамтдаа амьдарч, өөрийн үр удмаа үлдээдэг. Зарим тохиолдолд адгуусны зөн давамгайлдаг хэдий ч энэ талаар маш их зүйлийг судалж мэдэж байх нь хэрэгтэй. Жинхэнэ хайр сэтгэл, сонирхол шохоорхлын ялгаа, сексийн боловсрол, гэр бүлийн эдийн засаг, хүүхэд төрүүлэх, арчилж өсгөх эрдэм, амьдралыг авч явах ухаан болон бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан, хүндэлж, итгэж байхын утга учрыг ойлгож мэдэж байгууштай.
Яг үнэндээ монголчууд бид залуустаа энэ талаар хэлж ярьж сургаж байгаагүйгээс тэд амьдралд "бор зүрхээрээ" л орж үүнийхээ уршгаар учраа олохгүй салж холдох нь зөндөө байгаа. Тэдэнд чин сэтгэлээсээ хэлж сургахын оронд өөрийн хүүхдээ өмөөрч, бусдыг буруутгадаг муу зуршлаар олон ч залуусын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн. Өдгөө залуусын эхлээд мэдэж судалж байх зүйл нь энэ байх болно.
9. Мэдээллийн технологийн боловсрол:
Өдгөө мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацын ачаар даяарчлал улам хүчтэй явагдаж, орон зай хил хязгаарын ялгаа арилж буй. Тэгэхээр хүн болгон мэдээллийн энэ технологийн ололтыг ашиглаж сурах хэрэгтэй болж байна. Сургуульд суралцах, бас өөртөө хэрэгтэй зүйлд суралцахад, бизнес худалдаа хийх, адил төст сонирхолтой найз нөхөдтэй болох, тэдэнтэй санаа бодлоо хуваалцах, хүссэн мэдээллээ хайж олон ашиглах боломжийг мэдээллийн технологи олгож байна.
Энэ бол хүмүүсийн бие дааж өөрийгөө хөгжүүлэх асар том боломж, өөрийн сонирхлоор болон сонголтоор хэний ч албадлагагүйгээр суралцах боломж. Яг энд өгүүлж байгаа бие хүний төлөвшил болон нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах болон илэрхийлэхэд хэрэг болох боловсролыг бие даан эзэмшихэд мэдээллийн технологийн хөгжил тус болно. Та үүнийг ашиглагтун.
Бие хүний зөв төлөвшилд хэрэгтэй мэдлэг боловсролуудаас өөрийн бодлоо санал болгон бичлээ. Эдгээр мэдлэгийг "суурь" болгон Монголын ЕБС-иудад заавал судлуулж сургаж эхэлвээс Монголын нийгэмд зөв сайнаар амьдарч чадах бие хүмүүсийг бэлтгэж чадна. Энэ талаар миний бие олон жил санал болгож байгаа. Заавал ЕБС гэлтгүй өнөөгийн залуус бие даан суралцахад бүх л боломж нь нээлттэй байгаа. Ердөө л " эзэн хичээвэл заяа хичээх" болно. Энэ бол БОЛОВСРОЛ юм.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
...9 сарын 1 эрдмийн их баяр. "Эрдмийн алтан босгыг мөнгөн хонхны жингэнэсэн дуугаар алхаж оров" хэмээн сүр жавхлантайгаар зарладаг сан. Одоо ч хэвээрээ байгаа байх. Хүүхдүүдийн инээд хөөр цалгиласан дуу чимээ, хөгжил баясал. Эд бол Монголын ирээдүй. Хүүхдүүдээ сургуульд оруулсан л бол бүх л хувь заяаг нь даатгадаг асан тэр л цаг үеэс өнөө үе ихэд өөрчлөгдөж буй. Эцэг эхчүүд маань өнөө цагт "эд хөрөнгөтэй бус эрдэм мэдлэгтэй хүүхдүүд баялаг болно" гэдгийг мэддэг болжээ. Энэ ч цагийн аяс, амьдралын туршлага.
Өнөөгийн Монголын хүүхэд залуус маань хөгжиж байна. Мэдээж сайн муу олон ч зүйл байгаа хэдий ч ирээдүйн төлөөх хөгжилд нь бүгд л санаа тавьж байгаа. Энэ бол нэгэн дэвшил.
Би гадаадад суралцаж байгаа Монгол залуусыг харахдаа бахархдаг. Тэд сургалтын төлбөрөө өөрөө олох гэж, аав ээжийгээ зовоохгүй гэсэндээ зав чөлөөгөөр ажил хийж, үлдсэн цагтаа хичээн суралцаж байна. Тэд мөнгөний, цагийн үнэ цэнийг сайтар мэдэрч, эрдэм мэдлэгтэй байхын ач тусыг хэнээр ч хэлүүлэлгүй маш сайн ойлгож байна. Тэд амьдралдаа хэрэг болох бүх л зүйлд суралцаж байна. Тэд өнөөдөр ядарч, зовж байвч энэ бүхнийг давсны дараа тэд илүү хүчтэй болж санасандаа хүрч чадна гэдэгт итгэж байна.
ХАРИН:
-Монголын оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс дааж, энэ оны 12 сараас эхлэн оюутнуудад сар бүр 50 000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болж байгаа гэнэ. "21000 төгрөг"-ийн хор уршгийн талаар халаглаж дуусаагүй байхад дахиад л халамж тэтгэлэг. Мэдээж энэ бүхнийг оюутнууд янз бүрээр ашиглах хэдий ч зөвхөн дипломны хойноос зүтгэж байгаа нэгэн хэсэгт нь муу нөлөө үзүүлэх л болно. 21.000+ 50.000 төгрөг Монголын оюутнуудыг хөгжүүлэх болов уу?
-Монголын Их Дээд сургуулиудын төлбөр нь байгуулагдсан жил болон сургалтын бааз, туршлагаасаа үл хамааран адил хэмжээнд тогтоогдож байгаа бололтой. Нийтлэлч Цэнддоогийн бичсэнээр 70 жилийн түүхтэй МУИС, дөрвөн жилийн өмнө байгуулагдсан хувийн их дээд сургуулиуд яг адил төлбөртэй байгаа нь шударга явдал мөн үү? "Эх орны хишиг сан"-гаас оюутнуудын сургалтын төлбөрийн зарим хэсгийг шийдэх болсон, суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох болсон шийдвэрүүд нь, хувьдаа Их, Дээд Сургуулиудтай улстөрч эрхмүүдийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа юм биш үү?
Тийм болохоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Их, Дээд Сургуулиудын эздийн нэрийг зарлах цаг болжээ.
-Оюутнуудад туслах, тэднийг дэмжих учиртай "Төрийн сангийн зээл"-ийн талаар өдгөө их л бүдэг бадаг мэдээлэл гарах болж. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдэж байснаар энэ сангийн зээлийн зарцуулалт маш замбараагүй болж, өмнө олгосон олон сая $-ын зээл эргэн төлөгдөхгүй байгаа тухай гарч байсан. Мөн л улстөрч эрхмүүд энэ сангийн зээлээр өөрийн болон ах дүү хамаатан садангуудынхаа хүүхдүүдийг гадаадад сургаж байгаа тухай яригдах болсон.
"Төрийн сангийн зээл"-ээр суралцаж байгаа оюутнуудын талаарх мэдээллийг ил тод болгож, зээлийн эргэн төлөлтийг тайлагнах цаг болсон биш үү?
Монголын боловсролын салбар Монголын ирээдүй үеийг сурган хүмүүжүүлэх үүргийнхээ хувьд шинэчлэх, хийх зүйл их байнаа.