Хөлсний үнэр
Өчигдөр зориуд зав гаргаж байгаад зааланд очиж бэлтгэл хийлээ. Ойрд зааланд бэлтгэл хийгээгүй, цуцаж байна шүү. Бүх биеийн хөлс урсаад биеийн хөшөө арилж сайхан боллоо.
Уламжлалт тулааны урлагийн холбоо залуучуудыг үнэгүй бэлтгэлд хамруулж, шалгаруулаад ажлаар хангаж байгаа нь их сайхан санагдлаа.
Ер нь тулааны урлаг нь хүнийг цогцоор нь буюу бие, сэтгэл, сэтгэхүйг хөгжүүлдэг арга зам гэж боддог. Бие бялбарын хувьд боловсорч сэтгэлзүйн хувьд хат тэнхээтэй болж оюун ухааныг хөгжүүлж төлөвшүүлдэг. Монголчууд эртнээсээ энэ урлагаар дамжуулан хүүхэд залуучуудаа ёс суртахууны болон бие бялдарын өв тэгш хүмүүжлийг олгодог байжээ. Тулааны урлаг нь монголчуудын хувьд хичээллэдэг эрдэм ч биш, амьдралынх нь өдөр тутмын хэв маяг, салшгүй нэг хэсэг нь байжээ. Дэлхийн олон олон тулааны спортууд Монголын уламжлалт тулааны урлагаас гаралтай гэдгийг батлах олон баримтууд байна. Байлдан дагуулалтын үед олзолсон цэргүүддээ тулааны урлаг зааж өгдөг байсан бөгөөд тэр нь хөгжсөөр олон төрлийн спортын төрлийг бий болгожээ.
Хүүхэд байхдаа янз бүрийн кино үзэж, тэрийгээ дууриаж үсэрч цовхордог байлаа. Хожим нь оюутан болсон хойноо спортын клубт хичээллэдэг болсон юм. Эргээд бодоход тулааны урлаг надад маш олон зүйлийг өгчээ. Сэтгэлийн хат тэнхээ, өөрийгөө ялах, тэвчээрийн хязгаараа ялан дийлэх, өөрийнхөө нөөцийг бүрэн шавхах гэх мэт.
Хөлс урсаад л, багшийн дасгалуудыг тоогоор хийгээд л бүх бие цуцна. Тэгээд хөлийн сунгалтыг хүчээр шахна. Бие маш сайн халсан учир бэртэнэ гэж байхгүй, гэхдээ маш их өвдөлт ирнэ. Яг л энэ үед болъё оо гээд орилмоор санагдах үе олон байдагсан. Цуварсан олон дасгалууд тоогоор нь хийгээд бүх биеийн булчин гүйцэтгэлгүй болоод өөрийгөө хянаж чадахгүй үед, уналтын техникээ буруу хийгээд доргилт бэртэлт авах үед заалнаасаа гараад гүймээр санагдах үе олон бий. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байж хүнд ямар их нөөц хүч чадал байдгийг, сэтгэлээ удирдаж чадахгүй бол хүн ямар өчүүхэн амьтан болохыг мэдэрдэгсэн. Хүнд хэцүү бэлтгэл дууссаны дараа тамирчид бүгд чимээгүй суугаад өнөөдөр хийсэн бүх дасгалаа бодож, биеийн булчинг суллах үе. Энэ бол хүн зорьсондоо хүрсэний дараа мэдэрдэг тэр гайхалтай агшин. Энэ үе нь хамгийн их таалагддаг байсан.
Ер нь өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй байна гэж хэлдэг залуусыг би спорт заалаар ороод яг бэлтгэл хийж буй заалруу ороод тамирчид хэрхэн бэлтгэл хийж буйг нь хараасай гэж боддог юм. 2004 онд байхаа, спотын төв ордоны 2 давхарт Чөлөөтийн заалруу орсон юм. Тэгээд тамирчидын бэлтгэл хийж байгааг хараад 1 цаг гаруй суусан. Тэнд Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга, Пүрэвбаатар бүгд л бэлтгэлээ хийж байсан.
Хөлс зогсолтгүй асгарчихсан, нэг захаас нөгөө зах хүртэл хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг хийж, минутад 100 гаруй суниаж, хүнд хэцүү мэхүүдийг тасралгүй давтаж байсан юм даг.
Тэр үед бодож байсан. Хөөрхий, бидний өөрийгөө дайчлана гэж яриад байдаг маань, эдний хажууд бол юу ч биш юм байна аа, хүн ингэж л өөрийгөө дайчилж байж, юманд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.
Өөрийнхөө бүх л ажилд яг л энэ тамирчид шиг өөрсдийгөө дайчлах ёстой юм байна гэж бодож байсан. Хэрвээ та өөрийгөө дайчилж, өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа бол аваргууд хэрхэн бэлтгэлээ хийж, өвдөлт, ядралтыг хэрхэн даван туулж байгааг мэдрэхийн тулд спорт зааланд заавал очоорой.
Тэд ингэж л бэлддэг юм...