Хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна
12 жил, 2 сар өмнө

Жоохон хувиа бодсон, арчаагүй сонсогдож байж болох энэ гарчгийг өгөх үү байх уу гэж удаан бодсоны эцэст бичих гэж байгаа сэдэвт минь үүнээс өөр тохирох толгой олдсонгүй. Тиймээс энэ санаагаа батлахыг оролдох болно.

Хотын өвөө, хөдөөгийн өвөө хоёроос адилхан нэг асуулт асууя. "Амьдрал ямар байна даа, өвөө?"

Хотын өвөө:

-Амьдрах нь байтугай амьсгалах ч арга алга. Дээрээ суудлаа олохгүй барилцаж аваад л. Дээр нь энэ хотын түгжрэл, утаа май, өдөр өнжилгүй өсөж байгаа юмны үнэ гээд. Хүүхдүүд маань ажил олох гэж, амьдрах гэж аргаа барж байна. Хөгшин бид ч яахав тэтгэвэрийнхээ хэдийг горьдож яваад л насыг барна. Үлдэж байгаа үр хүүхдэд минь л их хэцүү орчин үлдэж байна даа гээд бодохоор амар тайван үхэх арга алга.

Хөдөөний өвөө:

-Хэдэн малынхаа буянд болоод л байна даа, хүүхээд. Энэ жил хур бороо элбэгтэй, нар хур тэгширсэн чухам сайхан зун боллоо. Өвлийг л өнөтэй завчихвал болно доо, хүү минь. Хангай дэлхий маань харж үзэх байлгүй дээ. Уул, усандаа зальбираад суухад аандаа сайхан болно оо хөө.

Мэдээж ийм л хариулт ирнэ. Хөдөөгийн өвөөд хотын өвөө шиг такси, микронд хөл дүүжилж, хананаасаа усаа аваад, хажуугийн дэлгүүрээс хүнсээ цуглуулж, өдөр бүр өнгөт зурагт, үй олон суваг үзэн цаг төрийн үйл явдалтай цаг тухайд нь танилцаж, гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ интернэтээр харилцаад байх боломж байхгүй. Хөдөөгийн өвөө хотын өвөө шиг сардаа нэг өрхийн эмнэлэг, хорооны байраар очиж өвчин хуучаа тайлагнаж, гомдол мэдүүлээд байх боломж, шаардлага ч байхгүй.

Энэ хоёр өвөөгийн дунд газар нутгийн болоод хөгжлийн асар том зай оршиж байдаг. Гэсэн ч тэд уулзахаараа тамхиа нэрэн хууч дэлгэж, урьд эртний сайхан цагаа дурсаж, өнөөх л хаяад орхиод явсан хөдөөгийн тансаг агаар, уул ус, аль эрт байхгүй болчихсон хууччуулынхаа тухай дуусаж дундрашгүй хөөрөлдөж чадна. Хотын өвөө хөдөөгөө санагалзаж, морь малдаа тэмүүлж, дөрвөн уулын дунд хашигдсан гашуун тавиландаа гомдоллож суухад хөдөөгийн өвөө хотын нүсэр хөдөлгөөн, ааг амьсгаагүй давхилдах яаруу дааруу хүмүүсийн дунд нэг удаа орчихоод хэрхэн нутаг руугаа буцаж амь тэмцэн ирсэнээ санагалзан хотын өвөөг тэрүүхэндээ өрөвдөөд л суух вий.

Хөдөөгийнхөн уул усандаа ойр, үй олон хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархи толгойгоо гашилгаж, хүний санаанд оромгүй хүнлэг бус хүчирхийлэл, уур амьсгалаас хол байгаа болохоор сэтгэл амарлингуй, итгэл дүүрэн аж төрж яваа. Харин хотын өвөөд амьдрал, ирээдүй тэр чигээрээ бараан саарал бодол нэрүүлсээр уушги, зүрхэнд нь хурцаар нөлөөлсөн байгаа. Тиймээс хотын өвөө хөдөөгийн өвөөгөөс түрүүлж нөгөө ертөнцөд очих нь дамжиггүй. Тэр нөгөө ертөнц рүү очихоосоо өмнө төрсөн нутгаа ганц удаа ч болов харахсан гэсэн цор ганцхан хүслийг өвөртөлж яваа.

Хөдөөгийнхөн өндөрлөг газарт амьдардаг нэгнийхийгээ зорин очиж, баганых нь дэргэд тавьсан сандал дээр гарч зогсоод, тоононоос дүүжилсэн утсанд зүүгдэн байж чухал гэсэн хүнтэйгээ тав гуравхан үг сольчихоод л санаагаа амраана. Бусад цагт байнга утас нь дуугарч, шал хэрэггүй шахам хов жив хөллөсөн элдэв муу мэдээллийг хүлээн авахгүй чих, тархи амар мал хуй, сүү сааль, бэлчээр усаа зохицуулан амар тайван аж төрнө.

Тэдэнд биднийх шиг тавхан суудалтай унаандаа чихэлдэн бухимдаж, хоёрхон буудал газар явах гэж нервээ барах шаардлага байхгүй. Тэд бидэн шиг орой бүр аллага хүчирхийлэлтэй кино, бүх ТВ-үүдээр гардаг адилхан шахам захиалгат мэдээгээр зодуулж, өөрт нь хүртээлгүй улстөрчдийн хэрүүлээр балбуулах хэрэгцээ байхгүй. Хөдөөгийнхөн талхны үнэ нэмэгдчихлээ гэж гомдоллож, маргааш өглөө босоод гарахад халаасанд байх таван мянган төгрөгийг яаж олох тухай бодлоор толгойгоо өвтгөх шаардлага гарахгүй. Тэд бүхнийг өөрсдөө хийж, түүгээрээ амьдралаа залгуулж, аяга цайныхаа сүүг ч бусдаас горьдолтгүй базаагаад авчихаж чадна. Тэд маань тийм их хэрэглээг бусдаас нэхдэггүй учраас уул ухах, банк дээрэмдэх, гоёлын даашинзны төлөө биеэ үнэлэх, ТВ од болохын тулд захирлуудын хөлд орооцолдож гүйх тухай бодох ч үгүй.

Тиймээс л би гэж хүн хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна гээд бодчихоод яваа юм. Хөдөөг хотын дайтай хөгжүүлбэл ямар болох тухай төсөөлье. Мэдээж зам харилцаа сайжирна. Тэрнийг дагаад хөгжил хөдөө тийш зүглэнэ. Тэрхүү хөгжлийг дагасан маш олон сайн муу зам хөдөө тийш зурайж байна. Ногоон дэвсэг мэт тал минь олны хөлөөр шороо бужигнасан хөндий болно. Ховор нандин ургамалууд ашиг хонжоо хайгчдын халаасанд ороод устаж үгүй болно.

Үзэсгэлэнтэй сайхан гэгдэх, түүх дурсгалын бүхий л газрууд хэн нэгний эзэмшил болно. Үнэндээ хөл гишгэх газар олдоно гэдэг эргэлзээтэй. Хөдөөгийн малчид хөгжил даган хүрч ирсэн нарийн нандин хэрэглээг нэг л хэрэглээд сурчихвал бидний л адил мах, талхны үнэ хөлсний төлөө зодолдож, хятадуудад бэлчээр усаа зарж идэхээс өөр замгүй болж таарна. Хөдөөд маань үй олон дэлгүүр ломбард нээгдэж, малчид байдгаа барьцаанд тавьж, оройн хоолны төлөөсөнд явсан мал сүрэг маань арьс үсний наймаачдын шүлсийг савируулах нь мэдээж. Тиймээс олз ашгийн төлөөх ченжүүдийн цуваа ч одоогийнхоос хавьгүй урт цуваа болон айл бүрийн хаалгыг өдөр бүр тогших болов уу. Хөгжил даган ирсэн шинэ сонин хэрэглээ бүхний төлөө малчид нэг нэгээрээ суурин амьдрал руу зугуухан шилжсээр цөөрч дуусах магадлал өндөр.

Бидний алсаас санагалзан суудаг уулс ус, бууц нутаг маань бүгд хашаа тороор хаалт хаалга барин хиллэж, дундуур нь сүлжин сунайх үй олон замууд онгон байгалийг сүйрүүлж баллах нь мэдээж. Бас бид бүхний хайрлан хүндэтгэдэг хөдөө зан, хөдөө араншин аль хэдийнэ түүх домог болж, монгол хүний уужуу ухаан, байгальтайгаа дасан зохицсон уламжлал зан заншил музейн шилэн хоргоны цаана дурсгал болон үлдэх биз. Монгол хүн бүрийн бахархал болсон онгон зэрлэг байгаль, нүд булаам үзэсгэлэнт уул ус, монгол ахуйгаас өөр хаа ч амтагддаггүй өрөм сүүний тансаг амт, ааруул хурууд, аав ээжийгээ санах бүрт үнэртдэг аргал хомоолны үнэр дотно үнэр... Энэ бүхэн минь энгийн эгэл малчны хотоос л биднийг даллан дууддагийг мартаж боломгүй. Малчид маань харин тал шигээ уужуу ухаан, хөдөө шигээ цэвэр ариун хөдөлмөр хүчээрээ энэ бүхнийг жинхэнэ халуун гараараа бүтээн бий болгосоор ирснийг бид мэднэ. Сүүндээ гурил хутгаж, аарууландаа саахар базаж, шинэ шөлөндөө хоол амтлагч хийхийг хөдөөгийнхөн маань сураагүй хэвээрээ л байсан нь надад илүү дотно эерэг санагдана. Энэ бүх амтыг би эгэл жирийн малчин өвөөгийнхөө бор эсгий гэрээс амталж үзмээр байна.

Аливаа бүхнийг хараар будах нь мэдээж утга учиргүй. Бас аливаа бүх өөрчлөлт үргэлж сайн муу аль алиныг дагуулж ирсэн нь маргаангүй. Тиймээс хүнээ харж үзэх учиртай энэ цаг үе маань хүний эрүүл мэнд, цаг завыг хэмнэхийн төлөө хөгжлийн томоохон өөрчлөлт, гарцуудыг олж биежүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч бид хөдөөгөө сууринжуулах, хөгжил нэртэй элдэв мэдээллийн хогийн савыг хөдөөгийн сайхан монголчуудынхаа тархи толгойд углах нь дэндүү хайран хэрэг юм уу гэсэн бодлоор энэхүү бяцхан нийтлэлээ бичиглэв.  Хотын өвөө ч үүнтэй санал нэг байх болов уу.

Олон түмэн авах гээхийн ухаанаар хандах биз ээ.

Х.Болор-Эрдэнэ