ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН БА ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
5 жил, 11 сар өмнө



Агуулга

  1. Хөдөлмөрийн маргааны үүсэх шалтгаан
  2. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх үйл явц
  3. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан
  4. Хөдөлмөрийн хамтын маргаан
  5. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм
  6. Маргааныг багасгах хүчин зүйл



  1. ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ҮҮСЭХ ШАЛТГААН

Хөдөлмөрийн маргаан нь хэн, юуны талаар маргаж байгаагаас хамаарч 2 янз байдаг бөгөөд маргах журам нь өөр өөр байна. Ажилтан ба ажил олгогчийн хооронд хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд саналын зөрүү үүсвэл хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болдог.

Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад энэ гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд саналын зөрүү үүсвэл хөдөлмөрийн хамтын маргаан болдог.

Хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаан нь түүнийг шийдвэрлэх явц, талуудын хүлээх эрх, үүргээр ялгарна.

Тухайлбал, ажил хаялт нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зорилготой арга зам мөн боловч үүнийг зөвхөн хөдөлмөрийн хамтын маргааны үед хэрэглэдэг. Харин ажилтан ганцаар маргаж байгаа үед ажилт хаялт хийх бололцоогүй юм.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана. Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хугацаа өнгөрсөн зарим тохиолдолд маргааныг шийдвэрлэж болдог.






2. ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комисс /комисс/, Шүүх гэсэн маргаан шийдвэрлэх байгууллагад хандан гаргана.

Гэхдээ маргааны агуулгаас хамаарч зарим маргааныг заавал комиссоор эхэлж шийдүүлэх ёстой байдаг. Комисс нь шүүхэд хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг шийдвэрлэнэ.

Жишээлбэл, ажилтан нь цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу хэмжээг эс зөвшөөрвөл, уг мөнгийг эгүүлэн авах тухай гомдлоо комисст гаргаж болно.

Дээрхээс гадна шүүхэд эвлэрүүлэн зуучлалын журмаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлж болно.

Хаана хандах вэ

Комисс маргааныг шийдвэрлэх бол байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана. Энэ комисст ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байдаг.

Шүүхээр маргааныг шийдвэрлэх тохиолдолд ажил олгогчийн харьяалагдах сум, дүүргийн шүүхэд хандана.

Комиссоор маргаан шийдүүлэх үед мэдэх шаардлагатай зүйлс

Комисс нь материалыг шалгах, үндэслэлийг тогтооход мэргэжлийн хүнийг оролцуулж, ажил олгогчоос баримт бичиг, тооцоо, тайлбарыг гаргуулан авах эрхтэй.

Комиссын хурлын дарга, нарийн бичгийн даргыг ажил олгогч, ажилтны төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэх бөгөөд нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэдэг бөгөөд өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна.

Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.

Комиссын шийдвэрийг давж заалдах хугацаа

Ажил олгогч буюу ажилтан нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Ямар маргааныг шүүхээр шийдүүлэх вэ

Дараах маргааныг комисст хандахгүйгээр шүүхээр шийдүүлдэг.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдсан гомдол;

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;

Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;

Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын талаар гарсан маргаан;

Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;

Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;

Хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан;

Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;

Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл.

Маргааныг ямар хугацааны дотор шийдэх вэ

Комисс нь өргөдлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор маргааныг шийдвэрлэх ёстой байдаг.

Шүүхэд хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх ба шаардлагатай бол 30 хоногоор нэг удаа энэ хугацааг сунгадаг.

Маргаан шийдүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж гэх мэт төлбөр төлөх эсэх

Комисс болон шүүхээр маргааныг шийдвэрлэх үед ямарваа нэг төлбөр төлдөггүй.

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАНЦААРЧИЛСАН МАРГААН ЗОХИЦУУЛАЛТ

Ажилтан ба ажил олгогчийн хооронд хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд саналын зөрүү үүсвэл хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болдог.

Гомдол гаргах хугацаа

- Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана.

- Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

- Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хугацаа өнгөрсөн зарим тохиолдолд маргааныг шийдвэрлэж болно.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг

- Хөдөлмөрийн маргаан таслах комисс/”Комисс”/

-  Шүүх гэсэн маргаан шийдвэрлэх байгууллагад хандан гаргана.

Маргааны агуулгаас хамаарч зарим маргааныг заавал комиссоор эхэлж шийдүүлэх ёстой байдаг. Комисс нь шүүхэд хянан шийдвэрлэхээс бусад маргааныг шийдвэрлэнэ.

Мөн зарим тохиолдолд шүүхэд эвлэрүүлэн зуучлах журмаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлүүлж болдог.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх

Хөдөлмөрийн маргаан таслах комисс маргаан шийдвэрлэх бол байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана.

Комисс нь холбогдох материалыг эрх зүйн талаас нь шалгах, түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажил олгогчоос шаардлагатай баримт бичиг, тооцоо, тайлбарыг гаргуулан авах эрхтэй байдаг.

Комиссын хурлын дарга, нарийн бичгийн даргыг ажил олгогч, ажилтны төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэх бөгөөд нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэдэг бөгөөд өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна.

Комиссын хурлаар комиссын гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд үүрэг хүлээгч тал шийдвэрийг тэмдэглэлд заасан хугацаанд заавал биелүүлнэ.

Мөн ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Комиссын шийдвэрийг давж заалдах

   Ажил олгогч буюу ажилтан нь комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй байдаг.

Шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөл

Дараах маргааныг комисст хандахгүйгээр шүүхээр хянан шийдүүлнэ. Үүнд:

- Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдсан гомдол

- Ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол

- Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл

- Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл

- Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын талаар гарсан маргаан

- Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон маргаан

- Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол

- Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагсдын хоорондын хөдөлмөрийн маргаан

- Хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан

- Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл

- Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл

Хөдөлмөрийн маргааныг шийдэх хугацаа

    Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг шийдвэрлнэ.

Шүүхэд хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх ба шаардлагатай бол 30 хоногоор нэг удаа энэ хугацаагаар сунгадаг.



ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН

    Ажил олгогч, ажилтан нарын хооронд хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад санал зөрөлдөх, хамтын гэрээ, хэлэлцээрийн нөхцөл шаардлага биелэгдээгүйн улмаас энэ маргаан үүсдэг. Хамтын маргааныг бичгээр гаргах ба ажлын 3 өдрийн дотор нөгөө тал бичгээр хариу өгнө.

(Хамтын гэрээ- гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн тухайхуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно.)

Хөдөлмөрийн хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулж болно. Үүнд:

- Зуучлагч урьж оролцуулах,

- Хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх

гэсэн 2 хэлбэр байдаг. Талууд энэ арга хэмжээнд оролцохоос татгалзах эрхгүй байдаг.

Эвлэрүүлэх арга хэмжээний үед талуудын төлөөлөгч, зуучлагч, хөдөлмөрийн арбитрч нь хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулахын тулд хууль тогтоомжоор олгосон бүх талын арга хэмжээг ашиглана.

Зуучлагч урьж оролцуулах

    Ажил олгогч шаардлагыг хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, ажилтны төлөөлөгчид ажил олгогчоос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулна. Талууд зуучлагч урьж оролцуулснаас ажлын 5 хоногийн дотор маргааныг шийдүүлэх ба харилцан тохиролсон, санал зөрүүтэй байгаа эсэх талаар тэмдэглэж үлдээсний дараа энэ үйл ажиллагаа дуусна.

Хөдөлмөрийн хамтын маргааныг арбитраар шийдүүлэх

    Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой шийдэж чадаагүй тохиолдолд тухайн шатны засаг дарга ажлын 3 өдөрт багтааж хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх арбитрыг байгуулж арбитрчдыг томилно. Засаг даргын томилсон арбитрчдыг талууд татгалзах эрхгүй. Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд нь арбитрын зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн бол энэ тухай шийдвэр гаргана. Тухайн гарсан шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй.

Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтны төлөөлөгчид ажил хаялт зарлаж болно.

    Ажилтны төлөөлөгчид ажил олгогчоос эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй, хөдөлмөрийн арбитрийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, хөдөлмөрийн арбитраас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ажил хаях эрхтэй. Ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, оролцохыг хориглоно.

Ажил хаялт зарлах, ажлын байрыг түр хаах

Тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хурлаар ажил ажилтны гуравны хоёр хувьнь оролцож ажил хаялтыг дэмжсэн тохиолдолд ажил хаялтыг зарлаж болно.

Ажил хаях тухай шийдвэр нь дараах агуулгатай байна. Үүнд:

- Ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал,

- Ажил хаялт эхлэл он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох хүний урьдчилсан тоо,

- Ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд маргаан шийдвэрлэхэд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн,

- Ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын жагсаалт.

Ажил хаях тухай шийдвэрийг ажлын 5 буюу түүнээс дээш өдрийн өмнө нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй.

Тухайн ажил олгогч нь ажилтны шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг түр хааж болдог.(“Локаут”)

Мөн ажил хаялтад оролцогчийн ажлын байрыг түр ажиллуулахгүй байх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагыг түр хааж болдог.(“Пикет”)

Ажил хаялт үргэлжлэх хугацаанд талууд хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлж, зохицуулах талаар бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй байдаг.

Ажил хаялт зарлахыг хориглох

- Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх явцад мөн санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийсэн тохиолдолд.

- Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх ажил хаялтыг 30 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж болно.

- Мөн ажил хаялт зохион байгуулсан, ажлын байрыг түр хаасныг шүүх хууль бус гэж тооцсон тохиолдолд талууд уг үйл ажиллагаагаа зогсооно.

Зуучлагч хөдөлмөрийн арбитрчийг хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Ажилтны төлөөлөгчдийн хамтын маргаан шийдвэрлэх үед ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.



Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Монгол Улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор  хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.

2.Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид "комисс" гэнэ/ байгуулж  ажиллуулна.

3.Комисс нь Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

4.Хөдөлмөрийн маргааныг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Комиссын хурлаас шийдвэр гаргана. Хурлын явцын тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлийг хавсралтад заасны дагуу хөтөлнө.

Хоёр. Комиссын бүрэлдэхүүн, зохион байгуулалт

5.Комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэлийн, Үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

6.Ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байна.

7.Комиссын бүрэлдэхүүнд орох ҮЭ-ийн болон ажилтны төлөөлөгчийг тухайн байгууллагуудын нийт ажилтны хурлаас олонхийн саналаар сонгоно. Ажил олгогчийн төлөөлөгчийг ажил олгогчийн шийдвэрээр томилно. Нийт ажилтны хурлын болон ажил олгогчийн шийдвэрт төлөөлөгчдийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна.

8.Талуудын төлөөлөгчид нь комиссын үйл ажиллагаанд тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд тал тус бүр өөрийн ахлагчийг сонгоно.

9.Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

Гурав. Хөдөлмөрийн маргааны талаар өргөдөл гаргах, маргааныг хянан

хэлэлцэх үйл ажиллагаа

10.Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдлөө хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана.

11.Хөдөлмөрийн маргааны тухай өргөдлийг холбогдох бусад материалын хамт ажилтны төлөөлөгчдийн ахлагч хүлээн авч бүртгэнэ. Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянаж шийдвэрлэнэ.

12.Хөдөлмөрийн маргаанд холбогдох материалыг нарийвчлан шалгаж, комиссын хуралд оруулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүнийг комиссын бүрэлдэхүүнд орсон талуудын ахлагч нь өөрийн гишүүдээс томилно.

13.Комисс нь хөдөлмөрийн маргаантай холбогдох материалыг эрх зүйн талаас нь шалгах, түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажил олгогчоос шаардлагатай баримт бичиг, тооцоо, тайлбарыг гаргуулан авах эрх эдэлнэ.

14.Комиссын хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулах бөгөөд хурлын дарга,  нарийн бичгийн даргын үүргийг хоёр талын төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэнэ. Хурлын дарга болон  нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

15.Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэнэ. Өргөдөл гаргасан ажилтны хүсэлтийн дагуу түүнийг байлцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно. Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна. Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.

16.Комиссын хуралд маргалдагч талууд /ажил олгогчийн уг асуудалд холбогдох албан тушаалтан, өргөдөл гаргасан ажилтан/-аас гадна тухайн маргаантай холбогдсон асуудлыг шалгахад оролцсон ажил олгогчийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

17.Комиссын хурлыг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 75-аас доошгүй хувь нь оролцох тохиолдолд хуралдуулна.

18.Хуралдаанд оролцсон комиссын гишүүдийн  олонхийн саналаар комиссын шийдвэр гарах бөгөөд уг шийдвэрийг үүрэг хүлээсэн тал тэмдэглэлд заасан хугацаанд заавал биелүүлнэ. Комиссоос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй.

19.Комиссын хурлын шийдвэрт хуралдаанд оролцсон комиссын бүх гишүүд, хурлын тэмдэглэлд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна. Хэрэв комиссын хурлаар асуудлыг санал нэгтэй шийдвэрлэж чадахгүйд хүрвэл тэмдэглэлд хоёр талын төлөөлөгчдийн санал зөрүүтэй асуудлыг тодорхой тэмдэглэнэ.

20.Комиссын хурлын шийдвэрийг маргалдагч талуудад албан ёсоор танилцуулж, шийдвэрийн хувийг өгнө.

21.Комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн, эсхүл комиссын гишүүд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй, тэрчлэн шийдвэрийн дагуу  үүрэг хүлээсэн тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүхэд давж заалдана.



Эх сурвалж

Хөдөлмөрийн тухай хууль (1999)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (2010)

Журам, дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 122 тогтоол (1999)

Жамсранжавын Лувсандорж (УБЭИС, Хүний нөөцийн удирдлагын магистрант)