Хөгжмийн зохиолч Рэнцэнгийн Бат- Эрдэнийн намтар, уран бүтээл (1969- 2014)
Хөгжмийн зохиолч
Р.Бат- Эрдэнэ нь 1969 оны 1-р сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. 1976- 1980 онд нийслэлийн 15-р сургууль, 1981- 1988 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1996- 2010 онд СУИС-ийг хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэж 1988- 2013 он хүртэл ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан.
Тэрээр "Алгирмаа", "Самъяа ноён", "Хүрээ хорвоо", "Түмэн хишигтэн" дуулалт жүжиг, ”Баярын үдэш”, “Тайгад дуурьсах хэнгэрэгийн дуун”, Жавхлант аяз” зэрэг найрал хөгжмийн бүтээл, “Хүннү дууль”, "Тэнгэрийн дуулал", “Аглаг шигшидийн ай”, “Айсуй хүлгийн төвөргөөн”, “Нутаг гүйсэн хүлэг”, ”Утсан хөгжмийн квартет”, “Янжинлхамын эгшиг”, “Цэнгэлийн найман эгшиглэгээ”, “Шувуухай”, “Үзэмчин охидын наадаан” зэрэг гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээл, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр”, “Чингисийн домог”, “Талын домог”, “Ардын дуун цацал”, “Монгол нутаг мину зээ” зэрэг концертын бүтээл, “Их хүлгийн туульс” бүжгийн жүжиг, ”Үлэмжийн чанар”, “Эрх цагаан унага” зэрэг дуулалт жүжиг, “Хүн алж тоглосон залуус”, “Шар хэвлэл”, “Нөхөд ба дайснууд”, “Янаг дурлалын дууль”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг 10 гаруй баримтат, уран сайхны болон хүүхэлдэйн киноны хөгжим, “Ээжээ би харьж явна”, Цагаан шонхорын дуу”, “Хайрыг хүндэтгэж яваарай”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Ээжээ баясгах дуу” зэрэг 50 гаруй нийтийн дууны бүтээл, үндэстэн ястаны 50 гаруй дуу, 10 гаруй бүжгийн хөгжим, гадаадын сонгодог болон орчин үеийн олон арван хөгжмийн бүтээлүүдийг үндэсний их найрал хөгжимдөө найруулан бичсэн авьяаслаг хөгжмийн зохиолч байсны дээр гадаад дотоодын урлагийн наадам, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан гарамгай лимбэчин байв.
Түүний хөдөлмөр бүтээл, авьяас билгийг төр засгаас өндрөөр үнэлэн 1999 онд Соёлын яамны “Хүндэт жуух” бичиг, 2002 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2012 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан юм.
УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС