Хөгжлийн анатоми #2 ҮЙЛДВЭРИЙН ДИЗАЙН БА ҮЙЛИЙН ҮР
8 жил, 7 сар өмнө

Би жирийн л нэг зураач. 1985 онд Москва хотод Ярославский вокзал дээр Монголоос гарсанаас тав дахь хоног дээрээ буулаа. Ээжийн минь авч өгсөн Монголд үйлдвэрлэсэн маш сайн арьсан “Америк цэргийн” гэх тодотголтой түрийтэй хар гутал Москвагийн вокзал дээр ингэж гишгэлээ. Би тод санадаг юм. Буумагц хэд хэдэн хүн гутлаа зарахгүй биз, ийм гутал таньд бий юу гэж асуугаад байсан юм. Вокзал дээр хоёр найз маань тосож авсаны нэг нь сүүлд 2000 -аад онд МУ -ын ерөнхий сайд болсон Жасрай гуйн хүү Жанцан одоо МАН -ын гишүүн Батзориг нар тосч аваад метро Соколд байх оюутны байранд минь хүргэж өгөөд нэг хоёр шил юм мултлаад явж байж билээ. Жанцанг бодлогоор үйлдвэрлэлийн орчны хууль эрх зүйчээр МГУ (буюу Московский Государственний Университет)-д сургаж, Батзоригийг Чехославакд гутлын технологиор намайг Үйлдвэрлэлийн дизайнаар сургаж байгаа нь улсын бодлого байж дээ. Маргааш нь Строганов гэх нэртэй Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургууль дээрээ ирэв. Би бодлоо. Яах гэж ирэв? Яаж таван жил сурах юм? Юу сурах юм? Дизайн гэж юу юм бэ? Үйлдвэрлэл надад ямар хамаатай юм бэ? Үйлдвэрлэлийн урлаг гэж бас юу вэ? Хэнд хэрэгтэй юм? гэх мэт. Утгагагүй уйтгартай байлаа. Уран зургаа л өөрөөрөө зураад ууж идээд явж байх нь яг үнэндээ дээр санагдаж байлаа.


Тэр үед залуус дээд сургуульд явах нь бол бодит мөрөөдөл байлаа. Гэхдээ тэр мөрөөдлийг нь улсаас бодлогоор зорилготойгоор шалгаруулж явуулдаг байсан юм. Уран зургийн коллежид таван жил шахам суралцаж төгссөн надад тухайн үеийн Соёлын яам бодлогоор таван жил үзэсгэлэн чимэглэлийн үйлдвэрлэлийн газар ажиллуулаад тэндээсээ дахиад таван жил Үйлдвэр Урлалийн Дээд Сургуульд сургаж байгаа нь тэр юм. Яагаад? Гэвэл 1990 оноос өмнө Монгол улс ХАА - Аж үйлдвэрийн орон гэсэн үндсэн чиглэлтэй хөгжиж байсан юм. Тэр үед Монголчууд одоогийн энэ Хятад улс шиг бүх ажлаа тав таван жилээр төлөвлөдөг байсан бөгөөд би гэхэд л таван жил ажиллахдаа таван жилийн гавшгайч залуугаар шалгарч байсан юмдаг. Тийм учраас үйлдвэрлэлийн түвшингээ шинэ шатанд гаргахын тулд анхнаасаа үйлдвэрлэлийн дизайнеруудаа бэлдэж байгаа нь тэр байж. Харин Оросууд бол тухайн үеийн социалист лагерийн орнуудынхаа хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого тодорхойлогч нь байсан юм.
Намайг хүүхэд байхад л саяхан шүүдээ манай улс варений шилээ хийчихдэг “лимоны” ундаа “нийслэл” пивоны шилээ өөрсдөө үйлдвэрлэчихдэг байсан даа. Ноосоо түүгээд ээрмэлийн үйлдвэртээ утас хийчихдэг, утсаараа сүлжмэлийн үйлдвэртээ 70 микроны даавуу хийчихдэг, даавуугаараа сурагчдын болон ажилчидын хувцасаа оёчихдог оёдолын үйлдвэртэй л байсан даа. Шаазан ваарны гэх үйлдвэр одоо энэ циркийн зүүн талд ажиллаж шаазан аяга гүц хүртэл хийгээд бүр гадаадад экспортлож байсан санагдах юм. Эсвэл би зүүдэлсэн юм болов уу? Монголчууд 25 жил байтугай 2300 -аад жилийн тэртээд Хүннүгийн их гүрэнг байгуулж бүх дэлхийг эзэгнэж байхдаа Грек Ромын урчуудтай шил хайлуулж дарсны хундагаа хийчихдэг байсан нь археологийн олдвороор гарч ирсээр байгаа нь гайхалтай. 2300 жилийн өмнөх ган хайлуулах зуух саяхан Герман, Японы археолегчидын малтлагаар Монголын нутгаас, тодруулбал Өвөрхангай аймаг дахь Хархорин хотын доороос гарч ирлээ шүү дээ. Юу вэ тэгэхэд одоо “pig iron” ч хийж чадахгүй төмрийн хүдэрээ урагш Хятадруу шороогоор нь гаргаад сууж байна.
Тэр олон мянган жилийн тэртээ Монголчуудын ган төмрөөр хийж байсан тэрэгний дугуй эдлэл хэрэгсэл зэр зэвсгийн ур хийцийг Эрмитаж, Луварын музейн сангаас дэлхийн ард түмэн үзэж сонирхоод дуу алдан биширч байна. Одоо ч модернистууд тийм супер уран бүтээл хийж чадахгүй байна шүү дээ. Заримдаа хөгжил гэдэг нь урвуу хамааралтай мөхөл шиг санагдах юм.
За буцаж сэдэврүүгээ орьё. 1991 онд би Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургуулийг таван жил сурч төгсөөд буцаж Монголдоо Улаанбаатар хотынхоо вокзал дээр Оросын сайн чанарын Монгол арьсаар хийсэн “Руслан” хэмээх гутлаар гишгэн буулаа. Найз нөхөдтэйгээ наргиж нэг хэсэг болоод орчноо харлаа. Монголд ардчилсан хувьсгал ялж Орос цэргүүдийг говиосоо хөөн явуулаад Улаанбаатар Налайх зэрэг хотуудад байсан Оросын оффицеруудын амьдарч байсан барилгуудыг хувьчлал нэрээр тонож үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг мулт мулт татаж авч Хятадруу төмрийн хаягдал нэрээр гаргаж зарсан байлаа. Бүх юм хов хоосон лангуу ч хоосон үйлдвэрүүд ч хоосон болжээ. Ингээд “ЗАХ ЗЭЭЛ” ын гэх тодотголтой нийгэмд ямар ч бэлтгэлгүй бүхэл бүтэн нэг улс орлоо. Миний хувьд нөгөө тав таван жилийн сурсан ажилласан төлөвлөсөн бүгд нуран унасан юм. Юун үйлдвэрийн дизайн нэг ч үйлдвэр байхгүй болсон тул хүн бүхэн Хятад, Орос руу үүргэвчээ үүрээд наймаандаа явлаа. Би огт наймаа хийж чадах хүн биш тул гудамжинд нэг хэсэг лааз өшиглөв. Гэтэл Германы Берлин хотод Эстрел нэртэй “Confres hotel”- ийн хананд өлгөх зураг зурах зураачдыг шалгаруулж байна гэхээр нь тэнд материалаа өгч, шалгарч Саранцацралт гэх одоо монголын нэртэй модернист эмэгтэй бид хоёр шалгарч тэнцэв. Гэхдээ Саранцацралт тодорхой бус шалтгаанаар яваагүй тул би ганцаар Берлин явж 3 сар ажиллаад шагналын мөнгөөрөө спорт BMW машин авчирч түүгээрээ таксины жолооч хийн 2 жил гэр орноо тэжээсэн дээ.
Нэг өдөр 3 -р хороололд такси хийцэн явж байтал 80 -аад онд миний туслах зураач байсан одоогийн “G entertiment” -ийн Ганболд сууж, “Хүүе та чинь таксины жолооч болчихсон юм уу?” гэхэд нь тиймээ өөр ажил олдохгүй гэвэл Та чинь Creative сэтгэлгээтэй биздээ манай “Боролдой” студид рекламны захиалга овоо ирдэг болж байгаа, найруулагчаар ажиллаач гэснээр би таксины жолоочоо больж дахиад таван жил “Боролдой” рекламны студид найруулагч зураачаар ажиллалаа. Үүний дараа эдийн засаг тогтворжиж би “Хаус дизайн” хувийн тв студиээ ажиллуулж таван жил дараа нь интерьер дизайнаар таван жил, дараа нь компаниа өргөжүүлж, барилгын зураг төслөөр таван жил ажиллаа. Муу ч сайн ч улс юм болохоор энэ улсад барилгын салбар хүссэн хүсээгүй хөгжиж эхэллээ. Нөгөө талдаа хувцас дизайн сулхан ажиллаж байгаа байх. Гэхдээ хувцас дизайн нь загвар зохион бүтээх гэхээсээ илүү загвар өмсөх талдаа л явж байна уу даа.
Ингээд тав таван жилээр хүлээсээр одоо эргээд харахад би 25 жил үйлвэрлэлийн дизайны ажлаа хүлээсээр суусан байх юм. Хаана байна миний нөгөө зураач дизайнераар сурсан дадлагажсан 15 жилийн системтэй боловсрол? Ингээд бодохоор Монголд сургууль төгсөж байгаа боловсролын диплом авсан хэдэн зуун мянган хүмүүсийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ? Би 90% нь дээд боловсролтой баарны үйлчлэгч, шал угаагчаар ажиллаж байгаа гэдэгтээ маргах хүн гарахгүй гэж бодож байна. Миний сурч байх үеийн систем яагаад алдагдав? Ардчилсан хувьсгал хийгээд зах зээлийн нийгэмдээ бид бэлэн байсан уу? Яг тэр үед хөгжлийн гараанаасаа цуг гарсан Өмнөд Солонос, Сингапур зэрэг орнууд одоо хөгжлөөрөө тасраад алга болов. Энд миний хариулт бол одоо бэлэн болсон. Бид яагаад хоцров? Монголчууд уг цуснаасаа бүгдээрээ удирдагч буюу \дарга\ boss болох сэтгэлгээтэй ард түмэн нөгөө талаасаа зөвхөн өөрөө өөртөө дарга буюу нүүдэлч соёлтой, хэнд ч удирдагдахгүй гэх уламжлалтай улс.
Тийм учраас 90 -ээд онд гарч ирсэн ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцсэн бүх залуус одоо улс төрд маш хүчтэй нөлөөтэй бүлэглэлүүд болон хоорондоо жижигхэн зах зээлээ булаацалдан тэмцэж, нэгдсэн бодлогоор зангидагдахгүй байгаатай холбоотой. Хоёрдугаар үндсэн том шалтгаан бол уул уурхайн баялаг нь ид шидийн дохиур мэт шидэт лизенц гэх цаасаар хэсэг бүлгүүдийн гарт орж тэд нар нь улс төрд улаан цайм нөлөөлөх болсон. За энэ нь бараг сэтгэцийн өвчний шинжтэй хэлбэрт орж явсаар өнөөдрийг хүрлээ. Ингээд ерөнхийд нь дүгнэж хэлбэл энэ улс Баялагийн хараалд өртсөн бас бүх юмаа зүгээр л улс төржүүлсэн нь хамгийн том алдаа. Үүний тод жишээ нь дэлхийд байхгүй олон телевизийн суваг зөвхөн монголд байнаа. Хэд гээч? 220 суваг байна. Үүний ард дандаа ямар нэг монгол улс төрч бизнесмэн сууж байна. Энэ бол товчхондоо БАЯЛАГИЙН ХАРААЛ-ийн өнгөний өвчин хэлбэрээр илэрч байгаа тууралт нь.
Харин азаар сүүлийн үед гол түүхий эд хэрэглэгч Хятад нь өөрөө Хүрэн эдийн засгаас аажим татгалзаж, Ногоон эдийн засгийн орон болохоор хөгжлийн зорилгоо шинэчилж найрууллаа. Энэ нь манай улсад туссан Баялагийн хараал гэх уул уурхайгаас хэт хамааралтай болоод байсан хүнд өвчнийг эдгээхэд нэмэр болох байх. Уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах нийтэд тэгш хүртээмжтэй ашиглах гэсэн 2н үндсэн туршлагийг Скандиновын орнууд, Канад, Хойт Америакаас суралцмаар байна даа.


Зөв зохистой ашиглах гэдэг нь мэдээж байгальд ээлтэй техниологоор ашиглах. Тэгш хүртээмжтэй гэдэг нь олборлолтоо хувийн хэвшлээр гэрээлж хийлгээд Баялагийн санг төрийн оролцоотой байгуулж, ашгаа буюу хүүгээ боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах зэрэг системүүд ордог. Заримдаа ийм энгийн гадны бэлэн модел жишээнүүдийг манай монгол улс төрчид зориуд мэдэхгүй царайлдаг байхаа. Над шиг жирийн зураачаар заалгамааргүй юм гэж бодогдох боллоо. Миний хувьд 25 жил сурсантайгаа бараг 35 жилийн хугацаанд зүгээр суусангүй ээ. Саяхан нэг хуучин бичиг цаасаа ухаж байгаад оюутан байхдаа зурж байсан проектийн ажлуудаа оллоо. 1987 онд гар утас зурж байсан байх юм. Тэр нь малчдад зориулсан арьсан ууттай цас шуурганаар төөрөх үедээ ашиглах юм гэнээ. Одоо харахад хэлбэр дизайн бол инээдтэй. Гэхдээ одоо малчин болгон л гар утастай болсон. Харамсалтай нь мал маллах хүн олдохгүй, ихэнх нь л хот руу нүүх болждээ. Оюутан байхад хийж байсан Говийн динозаврын парк, анхны АТМ машин, өндөр шилэн барилгын фасад угаагч машин, нэг дугуйн дээрээс худалдаа хийх, мөхөөлдөсний машин гэх мэт 25 жилийн өмнө зурж байсан концепцүүд өнөөдөр монгол биш юмаа гэхэд дэлхийн улсуудад биелэлээ олсон явж байгаа. Концепц дизайн бол дизайнер хүний ажлын салшгүй нэг хэсэг л дээ.
Саяхан би хэсэг залуустай хамтарч 2 хүний суудалтай цахилгаан машины дизайн гаргалаа. Улаанбаатар хотын гудамжаар маш их бөглөрөлтэй, бөглөрч зогсохын хирээр маш их хий хоосон шатахуун агаарт цацагдаж, хүүхэд багачууд хордож, жолооч нар нь өөрсдөө бухимдалтай стресстэй байдаг. Ингээд ажиглаад байхаар нэг том жийпэнд нэг л хүн суусан уурлаж яваа харагдах юмаа. Эргэн тойрноо сайн харвал 5 хүний суудалтай машинд нэг л хүн. Энэ юуг хэлж байна вэ? Бөглөрөл стрессийг хүн өөрөө л үүсгээд байна. Энэ асуудлыг дизайнарууд л шийднэ гэдэг санаагаар нэгээс хоёр хүний суудалтай цахилгаан машины загвар гаргасан юмаа. Гэвч манай монголын түшээд бизнесмэнүүд ойлгож дэмжихгүй гэдгийг би 100% мэдэж байгаа. Гэхдээ концепц дизайн явж л байх хэрэгтэй. Монгол биш юмаа гэхэд өөр оронд хэрэгжих л болно. Харин концепц дизайн инновацийг амьдралд маш сайн хэрэгжүүлж байгаа хүн бол Элон Маск байна. Дашрамд хэлэхэд Элон Маскийг би монголын улс төрчдөөс асуухад 5 хүний 4 нь мэддэггүй гээд бод доо. Тэр хүнтэй холбогдох юм бол хамтарч хүний төлөө маш их юм хийж болох юмаа гэж мөрөөддөг. Элон Маскийг одоо хүн төрөлхтний хөгжлийн ертөнцийг өөрчлөгч гэж нэрлэж байна шүүдээ. Монголд энэ олон олигархи удирдагчид байснаас ганцхан Элон Маск шиг хүн байхад л хангаллтай.
Бид Хятад Оросын зах зээлийн яг дунд нь байж байдаг эдийн засгийн маш ашигтай байрлалтай орон. Энэ боломжийг энгийн эдийн засгын анхан шатны коллежийн боловсролтой Америк хүүхэд ч ойлгоно. Манай улс төржсөн бизнесийн бүлэглэл 25 жил яг үнэндээ 2-3 цементийн үйлдвэрээс өөр ямар ч үйлдвэр барьсангүй. Гэтэл нөгөө цементийн үйлдвэр нь борлуулалт байхгүй. Яагаад гээч? Тэр цементээр барьсан барилгыг нь авах мөнгөтэй иргэд байхгүйг тооцоогүй бас л алдаа болсон. Тэр байрыг худалдаж авах иргэд чинь орлоготой байхын тулд бодит баялаг бүтээдэг салбар буюу үйлдвэрүүдэд ажиллаж, цалинтай байх хэрэгтэй. Тэр үйлвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаадад экспортлогдож валют орж ирэх ёстой. Ингэж байж инфляци нь буунаа. Банк санхүүгийн тогтолцоо нь эрүүлжиж, эргэлт үүснээ. Эргэлт үүсснээр арилжааны биш төслийн зээлүүд хөдлөж эхэлнээ. Яагаад ийм энгийн юмыг ойлгодоггүй юм бэ? Ийм учраас үйлдвэрийн дизайнаар төгсчихөөд, үйлдвэр хүлээж 25 жил боллоо гээд байна л даа. Би ядаж хүнсний сав баглаа боодлын дизайнаар ажиллах юмсан. Гэтэл одоо та гараад монголын хүнсний дэлгүүрүүдээр ороод хар. 70% нь гадаадаас импортлосон хүнс байгаа. Саяхан би Оргил гэж супермаркетаар орлоо. Нэг шоколад авах гэсэн чинь бараг бүх шоколадны 70% нь Roshen буюу Украйны ерөнхийлөгч Porоshenko-гийн хувийн үйлдвэрийнх байх юм. Үлдсэн 30% нь Бельги, Герман,Францынх.
Африкт болохоор шоколадны какао ургаад, Монголын говьд болохоор какао ургахгүйгээр бурхан энэ хорвоог бүтээгээгүй байлгүйдээ. Японы сумо бөхийг жишээ нь зөвхөн Япон бөхчүүдэд зориулсан бишийг сүүлийн 15 жил монгол бөхчүүд аваргалснаар тов тодорхой харуулж л байна шүү дээ. Сумо гэснээс монголчуудын гаднаас авдаг гурвалжин будааг манай сумогийн их аварга Асашерюү Дорнод аймагт тарьж ургуулаад Японд экспортлож эхэлж байгааг саяхан сонсоход таатай байлаа. Одоо японы сумод тэргүүлж байгаа монгол бөх Хакухо монголын говьд цагаан будаа, чихрийн нишингэ тариад, Японд экспортлох төсөл хийж байгаа сонсогдох юм. Тэгэхээр хүнсний үйлдвэрлэлээр өөрсдийгөө хангаад, бүр илүү гарснаар нь экспорт ч хийж болох боломж харагдаж эхэлж байна.
Би АНУ-гийн Корнелийн их сургуулийн багш Жанеттай уулзаж байсан юм. Монголын говьд киви ч ургаж, усан үзэм ч ургаж, виноны үйлдвэр ч хөгжиж болно гэж баталж байсан юм. Хэрвээ Хакухо аваргын нишингэ төсөл бүтвэл, бид монголдоо чихэрийн нишингэ тарьж, монгол хүүхдүүд өөрийн үйлдвэрийн чихэрээ идэж Порошенкогийн үйлдвэрт олон сая доллараа үрэхгүй л байхдаа.
Хүнсний хувьд бол миний жижигхэн мөрөөдөл монголынхоо чихрийн үйлдвэрт чихрийн цаасны дизайнер ядаж хийгээд, цалин аваад суууж байхсан даа хэхэ. Жаахан том үйлдвэр яривал арьс ширний үйлдвэр монголд хөгжих супер боломж байна. Яагаад гэвэл Гуравхан сая хүнтэй улс мөртлөө 30-50 сая малтай. Гурван том арьс шир боловсруулах үйлдвэр байхад л би өмдний тэлээний дизайнер, өсгийтэй гуталны зохион бүтээгч хийгээд өндөр цалин аваад сууж байхгүй юу.


За бүүр томхон мөрөөдье. Хятадад Элон Маск цахилгаан машинаа борлуулах гэрээ хийж, хятадуууд ч ногоон орон болж байгаагаа дэлхийд зарлаж, иргэд нь бүгд шахуу цахилгаан машин сонирхож эхэллээ. Ер нь дэлхий тэр чигтээ цахилгаан машинаар эрт орой сүлжилдэх нь ч тодорхой. Хятадын энэ том зах зээлийг хэн ч алдахыг хүсэхгүй. Харин Монголын хувьд стратегийн ач холбогдолтой, байршилаа зөв ашиглах хэрэгтэй. Тэгэх тусмаа монголын говь бол хятадын хилийн дагуу маш таатай байршил юм. Тэгээд ч монголын хөрс шороо нь тэр чигтээ маш өндөр төмрийн хүдрийн агууламжтай нутаг гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр автомашин угсрах үйлдвэрийн тухай ч мөрөөдөж болно гэсэн үг.
Энд ногоон эдийн засаг ярьж байснаа уул уурхай, эрдэс баялаг яриад явчихаж байгаа нь сонин санагдах байх. Газрын доорхи баялаг бол манай улсын хөгжлийн нэг л гарц. Гэхдээ уул уурхайн баялагаа шороогоор нь зөөгөөд гаргах уу? нэмэгдсэн өртөг шингээж гаргах уу? гэдэгт асуудал нь байгаа. Уул уурхайн үйлдвэрлэл нь өөрөө байгальд ээлтэй техниологоор л явж байвал бүгд л дэмжинэ. Монголын говьд энэ зууны эхэнд динозаврын яс л байдаг мэт ойлгож байсан бол, одоо газрын ховор элемэнтүүд бүгд гарч байна. Бид уул уурхайн бизнесээ ХАА-тай зөв хослоод явбал монгол улс нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх 10 орны нэг болоход ердөөсөө 10-20 жил хангалттай. Тийм өндөр боломжтой, байршилтай газар нутагтай орон. дэлхий дээр маш ховор болсоор байна. Говьд ХАА-н маш олон боломж байна. Жишээ нь: Ингэний хоормог, ингэний ундаа ч гэнэ. Энэ ундаагаар бараг бүх хорт хавдрыг эмчилж байна гэж ярьдаг. Би мэдэхгүй гэхдээ Арабууд ингэний хоормогоо савлаад, Лондон хотын Харродсын үнэтэй дэлгүүрт зардаг гэж сонссон. Манай говьд ургаж байгаа чацарганы тосыг Япон, Сингапур, Солонгос, Америкт ч үнэтэй гоо сайхны болоод, эрүүл мэндийн чиглэлээр бага ч гэсэн гаргаж байгаа. Говьд нар салхины нөөц маш их байна. Саяхан Германчууд салхин эрчим хүчний томхон станц Сайншандад барьлаа. Одоо Монголоос Хятадын хил дагуу хичнээн л бол хичнээн сэргээгдэх эрчим хүчний станцууд барьж болохоор боллоо. Урд хөрш хятадууд цэвэр эрчим хүч авъя л гэж байгаа шүү дээ. Монголын говьд кофе тарьсан ч болно. Стейкны чиглэлийн Канад үүлдрийн үхэр ч үржүүлж болно. Хятадууд хөрөнгөжиж соёлжоод кофе уудаг болсон, стейк иддэг болсон. Говьд хэт халуун биш хэт хүйтэн биш, бас хэт чийгтэй биш учраас асар том орос, хятадын хүнсний зоорьны аж ахуйнуудын бизнес хийж болно гэх мэт Монголын говь бол зүгээр л цахиурын хөндий гэдэг шиг органик хүнсний каластржсан дэлхийн загвар байж болох нутаг юм. Биднийг дэлхийн баячууд алтан дээр суусан тэнэгүүд гэж нэрлэдэг байсныг би 25 жилийн өмнө л сонсож байсан. Одоо бол бид тэнэгүүд биш, усан тэнэгүүд болсон шиг байна даа.
Харамсалтай нь ард түмэн агуу түүхтэй, асар их оюуны чадавхтай байсан ч “агуу” удирдагчид нь алтан морь унах хүсэлтэй арчаагүй тэнэгүүд болохоор агуу түүх ч байгаад, алт ч байгаад хэрэггүй тэр ард түмэн мөхдөг, мохдог юм байна. Уг нь уур амьсгалын өөрчлөлт бодит аюул болж улс орнууд нэгдэж, ногоон мориндоо мордсон юмаа. Манай дарга нар алтан морьноосоо буухгүй юм даа. Тэд мориноосоо буухдаа монгол арьсаар хийсэн “монгол” гуталтай буух уу, орос арьсан “Руслан” гуталтай буух уу, хятад шаахайтай буух уу, эсвэл хөл нүцгэн буух уу өөрсдөө шийдэг дээ.

Үйлдвэр хүлээж хоёр үүд сахисан үндэстэн.
Үйлийн үртэй үйлдвэрийн дизайнер: Д. Эрдэмбилэг
2016 он Улаанбаатар

http://creativemongolia.com/erdembileg/
https://www.facebook.com/ErdembilegArt