Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал
12 жил, 12 сар өмнө

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байгаа тэр хоёр юутай сайхан. Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, болцойсон божгор бор гар..., үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.

Хүүхдээ хараад ээж, аав уярна. Сэтгэл санаан хургасан муу муухай бүхэн алга болно. Алжаал ядаргаа ч арилах шиг болно. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод навчилна гэдэг үнэн үг бий. Монгол улсын маань хуулинд бол манай орны 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ гэж заасан бий.

Хүүхдийг эрхэмлэн дээдлэх нь олон үеийн төрийн бодлого үүрэг байжээ. Юуны учир гэвэл:

-Хүүхэд тухайн ард түмний үр, удам угсааг залгамжилна.

-Ахмад үе маань эх орон, төр улсаа хойч үедээ л уламжлан үлдээнэ.

-Эх орон нь мөнхөд бат бэх оршин тогтнож, төр улс нь цэцэглэн хөгжиж байх эсэх нь ээж ааваас эхлээд эх орон, төр түмэн нь сурган хүмүүжүүлснээс л шалтгаална.

-Айлын хэдэн хүүхэд эрүүл саруул боловсролтой ямар нэг ажил мэргэжилтэй, зөв сайн хүмүүжилтэй бол тэр өрхийн амьдрал хэвийн л байдаг шүү дээ.

Үр хүүхдүүд сурлага хүмүүжлээр доголдоод, аливаа буруу, муу үйл явдалд өртөөд ирвэл эх эцгийн сэтгэл дэнслээд, айл гэрийн хэвийн амьдрал алдагдаад, сэтгэл санаа зовиурт автаад эхлэхээс аваад л олон зовлон бэрхшээлтэй учрахад хүрдэг. Монгол улс эх орныхоо ирээдүй, ард түмнийхээ, үр хүүхдийн төлөө ямагт анхаарал халамж тавьсаар ирсэн билээ.

Хүүхэдтэйгээ зөв харьцаж чадаж байна уу?

Ийм асуултыг эцэг, эх бүр ямагт өөрсдөдөө тавьж, алдаа оноогоор шинжиж байвал сайн. Яагаад гэвэл эх, эцэг хоёр, эцэг хүүхэд, эх хүүхэд ер нь хүний бусадтай харилцах харилцаанаас хамаг юм шийдэгддэг. Хэн боловч хүнтэй эв аятай харьцаж, үг хэлээ ололцож чаддаг бол алба, амины аливаа ажил бүтэх нь хялбар байна.

Эцэг эхчүүд хүүхдээ миний үр, гал голомт, үр удмыг нь залгамжлагч, манай гэр бүлийн гишүүн хэмээн үзэж, эрхэмлэн хүндэтгэж харилцах учиртай. Ер нь өөрийгөө хүндэтгүүлье, хайрлуулъя гэвэл хүнийг хүндэтгэж, хайрлаж чаддаг байх ёстой. Хүнийг хүндэтгэдэггүй, хайрладаггүй  хүнийг бас л хүндэтгэж хайрладаггүй шүү дээ.

Би л эцэг эх эднийг өсгөж тэжээлээ гэхчлэн санаж, ямагт дээрэлхэх аястай, эсвэл хүүхэд юу мэдэх вэ гэсэн хайхрамжгүй хандлага хүүхдэд сайн нөлөө үзүүлдэггүй юм шүү. Хүүхэдтэйгээ ямагт аятай зөөлөн, зөв харьцаж байх нь хүүхдээ чих зөөлөнтэй, зөв хүмүүжүүлэх гол хэрэглүүр болно.

Гэр бүлийн гишүүдийн харьцаа, уян зөөлөн, нөхөрсөг, бие биенээ хүндэтгэсэн, дөлгөөн намуун, ухаалаг байвал хүүхэд ч мөн дөлгөөн төв төвшин хүн болж төлөвшинө.

Гэр бүлийн гишүүдийн харьцаа хэг ёг гэсэн бие биедээ дээрэнгүй байдалтай хандсан, уурлаж уцаарлацгаасан, хэрүүл маргаан тасардаггүй  бол хүүхэд багаасаа сэтгэлийн хямрал, айдас, гомдол зэвүүцэлтэй байнга тулгарч сэтгэлийн нь тэнцвэр алдагдан мөн л догшин ширүүн харьцаатай хэрүүл маргаанд дуртай хүнийг хүндэтгэх чадваргүй хүн болоход хүргэнэ. Ингэснээр эцэг эх ч, хүүхэд ч хохирно, хэн нь ч хожихгүй.

Эцэг эхийн амьдралд ямар ч зовлон бэрхшээл тохиолдож болно. Тэр бүрийг хэрүүл маргаан, зодоон нүдээнээр шийдвэрлэж чадахгүй. Харин ухаалаг яриа хөөрөө, зориг тэвчээр, хүнлэг сайхан сэтгэл, алсыг харах чадвараар л зовлон бэрхшээлээ нимгэлэн давна.

Та үр хүүхдийнхээ яриаг сонсож, бодлыг нь уншиж, хамгаас дотно хүн нь байгаарай.