Хүүхдээ шинийг эрэлхийлэгч, бүтээлч хүн болгож хүмүүжүүлэх аргууд
13 жил өмнө

Энэ хорвоод хувьсан өөрчлөгдөггүй зүйл гэж нэг ч байхгүй гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулах хэрэгтэй байдаг. Мөнх юм үгүй. Ээж аав хүртэл мөнх биш гэдгийг хэлж ярьж өгнө. Аливаа зүйл хувьсан өөрчлөгдөх ёстой хойно хүн өөрөө төлөвлөж урьдчилан өөрчилж байвал дандаа сайн сайхан явна гэдгийг ухааруулах ёстой ажээ.

Хамгийн энгийн жишээ дурьдахад танайх өдөр бүр өөр хоол идэж таарна. Хэрэв ээж аав орой орж ирэнгүүтээ хөргөгч шүүгээгээ ухаж үзээд байгаа юмаараа хоол хийвэл магадгүй муу хоол идэж мэднэ. Харин маргааш тийм хоол хийнэ гэж төлөвлөвөл орой ирэхдээ хэрэг болох зүйлсийг барьж ирнэ.           

Ер нь хүүхдэд байнга шинэлэг бүхэнд тэмүүлэх тэмүүллийг суулгавал тэр ирээдүйд саятан болдог. Шинэ бичлэгтэй диск хамт үзэх, гэрийн тавилгаа үе үе байрлалыг өөрчилж тавих, шинэ сэтгүүл хамтдаа үзэх, үе үе шинэ хувцас авч өгөх гэх мэт байнга хувьсан өөрчлөгдсөн болгонд дасгах ёстой. Байнгын өөрчлөлт хүүхдийн хийсвэр сэтгэхүйг асар хөгжүүлнэ. Улмаар хүүхэд шинийг эрэлхийлэгч болдог. Хүүхдээ дагуулж аль болох олон шинэ газраар яв. Шинэ газрын юу нь хүмүүст таалагдаж байгааг дандаа ярилц. Энэ хүүхэд ирээдүйд хүмүүст таалагдах шинэ бүхнийг бүтээгч болно.

Саятан хүн бол өдөрт маш олон зүйлийг амжуулсан учраас зах зээл түүнийг хангалуун сайхан амьдрах мөнгөөр шагнасан байдаг. Ямар нэгэн дээд сургууль төгсөөд л хүүхэд их ажил хийж чадна гэж манайхан эндүүрдэг. Эндүүрдэг гэдгийн баталгаа бол энэ олон дипломтой залуус юм. Тиймээс хүүхдийг аль болох багаас нь маш олон ажлыг амжуулдаг болгож дагуулах хэрэгтэй юм.

Жишээ нь манайхан хүүхдээ математикийн нэг бодлогоо бодож чадахгүй байвал хүүхдийг орой хүртэл махлаад суулгачихдаг. Хүүхэд нэг юмтай удаан зууралддаг ийм зуршилтай болчихвол том болоод өдөржин эвдэрсэн машинтайгаа зууралдвал саятан болох мөнгөний ажлаа хэзээ хийх юм бэ?

Тиймээс хийж чадаагүй даалгаврыг нь нэг цаг суулгаад орхиулах хэрэгтэй ээждээ хоол хийхэд нь туслах, дүүдээ үлгэр ярьж өгөх, гэрээ цэвэрлэх, хувцасаа угаах, найздаа туслах, дэлгүүрээс хүнсээ авчирах, гэрийнхэнтэйгээ салхинд гарах, сагс тоглох, дасгал хийх, ном унших, цэцэг арчлах гээд өдөрт аль болох олон ажил хийх амжуулах тусам том болоод бүхнээ амжуулдаг босс болж чадна. Тэгээд ч хүүхэд юм бүхэнд оролцож, их идэвхитэй амьдрахын хэрээр сэтгэл санааг нь өөдрөг, ухаан бодол нь сэргэг байдаг.            

Л.Нарантуяа "Хүүхэд гэр бүл" номоос

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.