Хүүхдээ хайр, халыг нь тааруулан хүмүүжүүлэн өсгөх арга ухаан
10 жил, 11 сар өмнө

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг.

 

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.

  ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.  

  Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сай­хан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий бол­дог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан ави­раас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.


Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:

   Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.

   Цэцэрлэгийн насны хүүх­дүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавы­гаа зурагтны өмнө сонин дэл­гэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  


Шоовдор хөвгүүд

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүн­тэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай.   


Харснаа дуурайдаг бага насныхан

   Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөл­гөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархи­рахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  

  Хүүхэд хөлд орж, ид хөдөл­гөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй.

  Яг үүнтэй адил  хүүхэд бол­гон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүү­жүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаач­лагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, даран­гуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай бол­дог.

  Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэв­хи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэр­лэгийн насныхныг “Далан худал­чийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг.


Эзэнгүй хүүхэд

   Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харь­цангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг  явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социа­лизмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөн­гүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд  “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.

  Нөгөө хошин шогийн нөх­дүүдийн хэлдэг шиг “Хэн  хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.

  Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харил­цаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий бол­дог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлз­дэг. Өөрийнхөө боломжийг дээ­гүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө авт­даг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие бие­нийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.

  Бэлгийн бойжилт энэ үед эрчим­тэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэт­гэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна.


Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

   Хүүхдийн хүмүүжилд нийг­мийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийг­мийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнх­ний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагд­лыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монгол­чуудын хувьд жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэв­лэл мэдээлийн хэрэгслийн асар хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ, ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

   Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие хүний төлөвшлийн хандлага чиглэлүүд буруу тийшээ хазайсаар байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил сонгохоосоо илүү улс төр, биз­несийн хүрээний мэргэжил рүү хошуурах хандлага улам хавт­гайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ “чихдэг” сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. “Дургүйд хүчгүй” гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт олох нь ховор тохиолдол байдаг.

  Хүүхэд хүмүүжүүлэх уламж­лалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүх­дийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон,  үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо боль­дог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлш­гүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.

Ж.ХОРЛОО
Хүүхдийн хөгжил судлаач 
horloo_j@yahoo.com, Утас: 88177575
http://yaruusetgegch.com/author/horloo/