Хүүхдийн хоолны дуршил буурахад яах вэ
Эхийн хөхөөр байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил хэвийн сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Харин энэ үед нь та бяцхан заль хэрэглэ. Чихэрлэг сүү, жимсний шүүс, нухшанд хэт дассан хүүхдэд чихэрлэг амтыг аажим аажмаар багасгаж өг. Халбагаар идэх дургүй бол шингэн шөл зэргийг шилэнд хийж, угжаар өг. Хоол идэх үед нь тоглоом, дуртай зүйлээр нь оролдуулж хэрэггүй. Зохих порцыг идэж дуусгаагүй бол санаа зовох хэрэггүй.Ойноосоо өнгөрөөд хүүхэд нэг төрлийн, амтгүй хоолыг идэх сонирхолгүй болдог. Энэ үед та ч гэсэн хүүхэддээ өгч буй хоолоо амтархан идэж чадах эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ, “Үгүй” бол жаахан хүүхдээс юу шаардах билээ.Хэрвээ та хоол идэх үед нь хүүхдээ тоглоом, ном, үлгэр зэргээр саатуулаад сурчихсан бол тун муу хэрэг шүү. Ийм зуршилтай хүүхдүүд хоолондоо бус нөгөө зүйлд анхаарлаа илүүтэй хандуулснаас ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж саатан, хоол шингэх явц удааширдаг.Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хүч хэрэглэн хооллох гэж оролддог. Энэ бол уучлашгүй муу үр дагавартай. Айлгаж, албадан хоол идүүлэх нь хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болгодог. Тиймд тэвчээртэй, алсын хараатай бай. “Идэхгүй” хэмээн хашгирч халбагаа чулуудвал, энэ удаагийн хоолыг өнгөрөөгөөд хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.
Хүүхэд өвчилсөн үед
Мөн хүүхэд ямар нэг өвчнөөр өвчилсөн үед хоолны дуршил аяндаа буурдаг. Энэ үед хүүхдэд тасралтгүй хоол идүүлэх гэж шахаж болохгүй. Ингэвэл дотор нь эвгүйрч, гэдэс өвдөж, бөөлжин, гүйлгэж ч болно. Өвдсөн ялангуяа халуурч буй үед хүүхдэд аль болох их шингэн уулгаж, хөнгөн, хурц биш шингэвтэр зутан маягийн хоол өг. Хооллолтын талаар хүүхдийн эмчтэйгээ зөвлө. Өвдсөн үед хүүхэд турвал яах вэ? Сандрах хэрэггүй. Эдгэрэх үед нь хоолны дуршил аяндаа сэргэнэ. Гол нь шахаж болохгүй. Энэ үед хүүхдэдээ жимс ,жимсгэнэ аль болох их идүүлээрэй.
Ойр ойр өвддөг хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэй. Жилд дөрөв түүнээс олон удаа өвдвөл хүүхэд турж эцэн, цус багадаж, дисбактериоз үүсч, шүд нь өвчилдөг. Ялангуяа антибиотик эмчилгээ хийлгэсний дараа хүүхдийн бие организмд уураг, өөх тос, аминдэм, эрдэс давсны хэвийн солилцоо алдагдаж, биеийн эсэргүүцэл нь сулардаг юм.
Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ?
Юуны түрүүнд, тодорхой дэглэм сахин зөв хоолло. Хүүхдээ аль болох удаан хугацаагаар салхинд, цэвэр агаарт гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Сул биетэй хүүхдийг аль болох амрааж, өдөр унтуулж байвал сайн. Мөн инээлгэж, сэтгэлийг нь сэргээж хөгжөөж байх хэрэгтэй. Хэвтрийн дэглэм сахиж буй хүүхдийн дэргэд нь байж тоглож саатуул.
Хоол тэжээлийн хувьд аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй. Калорийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна.
Амьтны гаралтай уураг хүүхдийн бие организмд онцгой шаардлагатай тул өдөрт хагас литрээс багагүй сүү тараг уулгаж бай. Тараг бол бүр ч сайн. Ойгоос гурван настай хүүхдэд өдөр бүр 50 – 60 грамм, түүнээс дээш насныханд 50 -100 грамм тараг өгөхөд болно. Гэхдээ байнга нэг төрлийн биш, таргаа үрсэн жимс, жимсний шүүс, бяслаг, вареньтай хольж амтал.
Харин уургийн гол эх үүсвэр бол мах. Мах нь фосфор, кали, В-гийн төрлийн аминдэмээр баялаг. Гэхдээ хүүхдэд өөх тос багатай махаар хоол бэлтгэж өгөх хэрэгтэй.. Бага насны хүүхдийн өдөр тутам идэх ёстой хэмжээ нь мах 60-70 грамм, загас 20-30 грамм байдаг.
Хүүхдийн биед өндөг нь 96 – 97 хувь шингэдэг бөгөөд төмөр, кальци, фосфороор тун баялаг. Хоёроос гурван настай хүүхдэд өдөр бүр тал өндөг эсвэл өнжөөд нэг бүтэн өндөг идүүлээрэй. Мөн энэ насныхны өдрийн норм нь цөцгийн тос 15 -20 грамм, ургамлын тос 5–6 грамм байна. Сахарын өдрийн хэрэгцээ 50-55 граммаас хэтэрч болохгүй. Ногоо, жимс, жимсгэнэ бол хоолны дуршил муутай хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал хоол хүнс юм шүү.
Ж.ХОРЛОО
Хүүхдийн хөгжил судлаач
horloo_j@yahoo.com, Утас: 88177575
http://yaruusetgegch.com/author/horloo/