Хүүхдийг бодит амьдралаар хүмүүжүүлэх нь
Монголчууд ямар нэгэн үзэл санаагаа хүүхэд багачуудад хийсвэрээр заан сургахыг эрхэмлэдэггүй, үзэгдэж баригдам бодитой зүйлсээр дамжуулан таниулж ойлгуулдаг. Гэр бүлийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэг үндсэн зарчим нь бодит амьдралаар хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү зарчмыг өрх гэрийн сурган хүмүүжүүлэх зүйн нэг үнэт чухал заалт гэж үзэж болно. Бодит амьдралаар хүмүүжүүлэхийг өнгөрсөн үеийн их сэтгэгч нар “жам ёсны” байгальтай нийцсэн” хүмүүжил гэх үзүүлэхийг эх нь ажилд явахдаа үр хүүхдээ хамт авч явдаг /эцэг нь хөвгүүдээ, эх нь охидоо дагуулж явдаг/ ийм нэг жам ёсны байдал олон зуу, мянган жилээр төлөвшин тогтсон байна.
Бодит амьдралаараа хүмүүжүүлэхийг эцэг эх, хүүхдийн хамтран оролцох учиртай зайлшгүй бодит хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж болно. Энэ бол ардын сурган хүмүүжүүлэх мэргэн ухааны алтан сан мөн. Бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдгээс бид аль нэг ард түмэн ухаалаг, зоригтой сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй халаагаа хүмүүжүүлэх зорилтыг хэрхэн шийдвэрлэдэг, хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг чадвараас зайлшгүй хэрэгтэй цөөн хийгээд тухайн ард түмний давтагдашгүй дүр төрхийг тодорхойлж буй тусгай зүйлсийг хойч үеийнхэндээ ямар янзаар ухааруулж, хадгалан үлдээж, дамжуулдгийг олж үзнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдэг нь хүүхэд ба насанд хүрэгсэд нэг дор хамт аж төрөн сууж, дор дороо өөр өөрийн үүргийг биелүүлж, бие биесээ хүндэтгэж, ойшоон ханддаг байхын нэр юм. Энэхүү хамтын үйл ажиллагаан дундаа хөдөлмөрлөхийн сацуу суралцаж, суралцахын сацуу хөдөлмөрлөдөг байна. Үзүүлж харуулах, ярихын сацуу ажил хөдөлмөр, хамтын үйл ажиллагааг ямагт дагалдуулдаг байна. “Үүнийг ингэж хийдэг юм. Алив чи нэг оролдоодох. Болох нь уу” гэх зэргээр эцэг, эх нь өөртөө туслуулах маягаар сургадаг. Ер нь “Хүүхэдтэйгээ цуг үйл хий” гэдэг зарчмаар явдаг.
Хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн гол нь аливаа зүйлийг өөрөөр нь ухааруулах, биеийг нь даалгаж алив зүйлийг шийдүүлж, хийлгэж сургах явдал байв. Энэ нь маш жижиг зүйлээс ч эхэлнэ.
Жишээ нь: Миний хүү айргаа бүл” гэхэд хүүхэд дуртай нь аргагүй “За” гээд босно. Яагаад ингэв ээ.
1-рт хөдөлмөр хийж сурна.
2-рт тоо тоолж сурна.
3-рт айргаа исгэж ууя -гэсэн хүүхдийн бодолтой холбоотой. Энэ нь хөдөлмөрийн үр шимээ үзэж буй хэрэг юм.
Ийнхүү харилцах явцад ахмад үеийнхэн нь өсвөрийн үеийнхний сурган хүмүүжүүлдэг байжээ. Хамтран ажиллаж, харилцсны үр дүнд ард түмний хүмүүжлийн уламжлал бий болгож, улам нарийсан боловсорч иржээ.
Хүүхдийнхээ томынх нь хүмүүжилд онцлон анхаарч чадвал том нь дүү нараа хүмүүжүүлхэд эцэг эхдээ туслагч болдгийн зэрэгцээ ах, эгч нарынх нь үйл ажиллагаа үлгэр дууриалал болдог байна.
Хүүхдийн хүмүүжилд нийтээр анхаардаг: Дэггүйтсэн хүүхдийг таних танихгүй хүн бүхэн зэмлэж, хүүхэд багачууд ч ах зах хэнийг ч болов хүндэтгэн үгийг нь авна.
Дээр үеэс айлууд хүүхэд, нохойгоо өмөөрдөг айлтай хаяа хатган буух тун дургүй.
Буруу зүйлд хүүхдийг хүний, өөрийн гэлгүй бүгд зэмлэж анхааруулдаг, хүүхэд ч ахмадын үгийг дуулгавартай хүлээж авдаг байжээ.
Манай өвөг дээдэс ажил хөдөлмөрт залхуурсан, ахмадыг хүндлээгүй, томчуудын үг ярианд оролцсон, адуу малдаа догшин ширүүн харьцсан, хараалын үг хэлсэн, архи сархад хэрэглэсэн хэний ч бай хүүхдийг ялгаагүй шилбүүрийн амт үзүүлж, үнэнч шударга үгээр хүмүүжүүлж байжээ.
Тэглээ гээд эцэг эх нь өмөөрөх нь бүү хэл өөрсдийн “шийтгэл”-ээ нэмдэг.
Хайр нь дотроо, хал нь гаднаа: Би долоон нас хүрээгүй л байсан байх, Хурдан морь унаж уралдаж байгаад ойчоод уйлж суутал аав ирээд өрөвдөх болов уу, гэтэл харин хөмсөг зангидаж, эр хүн байж мориноос унаад уйлж суухдаа яадаг юм бэ гэж хэлэв.
Гэртээ ирээд ээждээ энэ тухайгаа хэлтэл ээж маань надад “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэж үг байдаг юм миний хүү хэмээн хэлж билээ.
Бүх юмыг бүр нялхаас нь “болно” “болохгүй” гэдгийг сайн мэдүүлэн хэвшүүлдэг ба айлын хүүхдүүдтэй тоглож байгаад хоорондоо муудах, том хүнд аашлуулж, зандруулаад уйлхад огт өмөөрөхгүй, хүүхэддээ бурууг өгч загнаад өнгөрдөг.
Ингэхэд дараа нь хүүхэд ялихгүй юманд эмзэглэн хов зөөдөггүй, хүний өөрийн ялгаагүй том хүний хэлсэн үгэнд орж, залхуурахгүй, өөртөө тохирсон ажлыг хийдэг болж тусад орно.
Монголчууд “Эрхийг сурахаар бэрхийг сур” “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэлцдэг.
Хүүхдээ хайрлахгүй хүн гэж хаа байх билээ.
Хар багаасаа бэрхийг үзэж сурсан хүүхэд цээж тэнүүн, зориг хатуу, харц хол, ажилд тэсвэртэй, гүжир чадалтай болж түмний хайрыг хүлээдэг.
Ил хайраар өссөн хүүхэд цээж цухал бачимдуу, харц зорилт богино, хэзээд уур уцаар, гомдол, горьдлого нь барагдашгүй болдог байна.