Хүүхдийг бие даах чарвартай болгож төлөвшүүлэхийн тулд
13 жил өмнө

            Эцэг эхчүүд хүүхдээ элдэв аюулаас сэргийлж байгаа нь энэ гээд хэтэрхий их хянаж цагдах явдал байдаг. Танд сануулж хэлэхэд хүүхдийг нэг их хянаж цагдаад байх хэрэггүй юм. Ээж аавын хяналт хүчтэй байх тусам тэдний зөвшөөрөлгүйгээр нэг ч алхам хийж чаддаггүй, бие даах чадваргүй хүүхэд өсдөг. Хүүхдийг аль болох тааваар нь тавьж байвал сайн. Ялангуяа хүсэл мөрөөдөлдөө аялж тоглож наадахад бүү саад хийгээрэй. Хайрлаж байгаа нь энэ гээд алхам тутмыг нь хянаж, араас нь уулга алдаж, бүхнийг зааж зааварлаад байвал энэ хүүхэд бизнесийн замд хэзээ ч орж чадахгүй. Тэр том болохын хэрээр байнга ээж ааваасаа асууж байж алхдаг хүүхэд болно. Мэдээж амьдралд хөл тавьмагц ээж аав нь үргэлж дэргэд байхаа болино. Тэр одоо ээж аавынхаа оронд хэн нэгэн лидер хүүхдээс бүхнийг асуудаг болж хувирах бөгөөд хар багаас суулгасан боол зарцын сэтгэл зүй насан туршид нь ноёлно. Бие даан шийдвэр гаргаж чаддаггүй үргэлж айж хулчийж явдаг энэ хүүхэд хэзээ ч бизнест амжилт олохгүй.

            Тиймээс хүүхдийн хүсч байгаа зүйлээ хийхэд нь аль болох саад болохгүй байхыг хичээх, дэмжиж туслаад өгвөл бүр сайн. Хүсэл нь биелээд байхын хэрээр хөдлөх хийх урам зориг хүүхдэд орж байдаг.

            Жишээ нь бага зэргийн өндөр модон дээгүүр явах гэхээр манайхан боль унана үхнэ гэдэг.

            Ингэж хүүхдээ бид өөрийн мэдэлгүй гаргасан шийдвэртээ эргэлздэг, ухардаг болгоод байна. Бүр нэг осол аваар багатай бол харин ч та гараас нь хөтлөөд түүн дээгүүр явуулах хэрэгтэй. Гаргасан шийдвэр, эр зоригийг та няцааж болохгүй. Хүний хий гэснийг л хийдэг, өөрөө алхам хийдэггүй тийм саятан гэж энэ хорвоод байдаггүй.

            Дандаа болохгүй бүтэхгүй, үхнэ хатна гээд айлгаад байвал том болоод нэг саван үйлдвэрлэе гэж толгойд нь орсон ч шатна дампуурна, авахгүй байх гэж бодоод бизнесээ эхэлж чаддаггүй нэгэн болдог. Эсвэл наадах чинь гүйхгүй, борлогдохгүй, ашиггүй гэсэн бусдын ам сонсоод айгаад хөдөлж чаддаггүй. Саятан бүр бүтэлгүйтэж үзсэн байдаг ба ихэнхид нь хожсон учраас баяжсан байдаг. Өөрөөр хэлбэл олон зүйлийг хийж туршиж үзсэн тэр эр зоригийнхоо ачаар аль нэг нь ашигтай бизнес болж босч ирсэн байдаг.

            Тиймээс хүүхдийн хөдөлгөөн бүрийг хориглоод байвал аймхай хулчгар, өөрөө нэг шийдвэр гаргадаггүй хүн болоод төлөвшчихвөл саятан болгох маань мөрөөдөл болох нь. Жишээ нь хүүхэд хүүхдүүдтэй гол руу явна гэсэн шийдвэр гаргавал түүнийг хорих биш та өөрөө дагаад явах, болохгүй бол харгалзагч дагуулаад явуулах, эсвэл арай томхон бол өөрт нь итгэл хүлээлгээд явуулах гэх мэт хүүхдийн хүсэл шийдвэрийг хүндэтгэж үзэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Хүүхэд бол хүсч байгаа зүйлдээ л шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлэхийн хэрээр хүүхэд таашаал авдаг. Энэ таашаал л хүүхдийн дараагийн сайн үйлийг сэтгүүлж байдаг юм.

Л.Нарантуяа "Хүүхэд гэр бүл" номоос