ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ Л ӨӨРТӨӨ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД, ЦААШЛААД ХҮЧТЭЙ ХОРСОГЧИДЫГ ТӨРҮҮЛДЭГ
Алив цаг үеийн алив улс орны шилдэг удирдагчидын /эсвэл ерөнхийлөгчидийн/ түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үнэ цэнийг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт нь,- хэлсэн үгний нь гайхамшиг бус, хийсэн ажлын нь гайхамшиг байдаг. Тэдний ажил үйлсийн амжилт хоёр үндсэн зорилго, бодлогод тулгуурлан хэрэгждэг зүй тогтолтой байсан нь нэгд, ард иргэдийнхээ эрх ашигт захирагдсан ардчилсан үзэл бодол; хоёрт, үндэстнийхээ түүхэн ой санамжинд үл мартагдан хадгалагдах нийгмийн шинэчлэл буюу улс орныхоо хөгжлийг эрс хурдасгасан тодорхой үр дүнтэй бодот үйл ажиллагаа байдаг нь түүхээр нотлогдсон амьдралын үнэн юм.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2005-2009 онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ч ардчилалын үзэл баримтлалыг нийгмийн бүх харилцааны хэв загвар болгон төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн макро түвшиний асуудлуудыг оновчтой зөв шийдвэрлэх үр ашигтай гарцуудыг алсын хараатай олж амьдралд нэвтрүүлсэн үр дүнгээр нь тодорхойлогдоно. Монголд өнөөдөр ардчилалыг эсэргүүцдэг ганц ч хүн байхгүй. Иргэний ухамсар суусан хүн бүр хөгшин залуугүй нийгмийн ардчилсан тогтолцоог хүсч ардчилалын төгс хөгжлийн төлөө тэмцэж амьдрах болсоны зэрэгцээ хүсч буй ардчилалыг нь жинхэнэ сонгодог мөн чанараар нь ойлгон, нийгмийн хөгжлийн үндэс хөрсөнд баттай суулган өгч буй лидер нь өнгөрсөн сонгуулийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж олон улсын хэмжээнд олон талаараа танигдсан, тэр хэмжээгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Н.Энхыаяр байсан гэдгийг ард түмний маань олонхи итгэл үнэмшилтэйгээр хэлж чадна. Би түүний хийсэн хэрэгжүүлсэн ажил бүгдийг баримттай өгүүлж эс чадах ч XX зууны сүүлч XXI зууны эхэн хагасын монголын нийгмийн түүхэнд бодтой үнэлэгдэж үлдэх, бас, иргэн хүний хувьд надад үл мартагдах хэдийг эс цохон дурдваас надад нүгэл болуужин! гэж айна. /Би нүглээс л их айдаг хүн!/
1.Монгол хуучин үгс думд “Өртэй цадахаар өлөн бос! гэж айхтар үг тааралддаг юм. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан жилүүддээ БНМАУ-аас ЗХУ-д төлөх ёстой байсан нүсэр өрийг өөрийн улс төр – эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол, гадаад харилцааны соёл, дипломат үйл ажиллагааныхаа туршлагаар тэглэв. Ингэснээр Монгол улс эдийн засгийн хөгжлийн бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулж нийгмийн баялагаа эрчимтэй нэмэгдүүлэх замаа нээлттэй болгож чадав. 1990 оноос Монголын эдийн засагт хувьчлалын “дажин” эхэлж, бүтээн байгуулалтын явц олон жилээр үндсэндээ зогссон юм. Монгол дан ганц наймаа, гудамжны аахар шаахар, зохистой зохисгүй үйлчилгээний “хангамж”-аар амь зуугч улс болж, эдийн засаг “ДОХ”-оор хэвтэрт орсон тэр гажуудалт жилүүдэд Ерөнхий сайд Н.Энхбаяр улс орныхоо эдийн засгийг бүтээн байгуулалтанд шилжүүлэх, нийгмийн баялаг үйлдвэрлэгч “Бүтээгч” эдийн засаг болгон өндийлгөх бодлогод төвлөрүүлж, “Мянганы зам”-ын аврага том /Монголын хувьд!/ бүтээн байгуулалтыг санаачлан эхлүүлэв.
Нийгмийн хөгжлийн “тулгын чулуу” нь эдийн засаг, мэргэжилийн боловсрол, гэгээрэл гурав байдаг ахул, эдийн засгийн хөгжлийн “тулгын чулуу”-ны нэг “дэд бүтэц” нь зам харилцаа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд тулгуурлаж байгаа. Түүн дотроо, орчин үеийн их, бага даацын авто тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай хурдны замын сүлжээ нь эдийн засгийн хөгжлийн хурдац, эрчимжилтийн анхдагч хэрэгцээнд тооцогдож буйг эргэцүүлбэл, Н.Энхбаярын санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт нь Өгөөдэй хааны бүтээсэн дөрвөн гавъяат үйл / “Монголын нууц товчоо”-нд дурьдсанаар!/ -ийн нэгтэй зэргэцэн XXI зууны Монголын түүхэнд үлдэх их бүтээн байгуулалт юм.
Н.Энхбаяр улс орноо “Их өр”-өөс салгаж өгсөний ач буянаар “Мянганы зам”-д зам нээгдсэн байх. “Мянганы зам” Монголд 1990 оноос хойш бүрэн тасраад байсан /ганц хэдэн “акул”-ын хувийн зочид буудал, бар, ресторан, жижиг сажиг “жараахай”-нуудын “ТҮЦ”, тэд бүгдийн “хумсалж” хувьчилж аваад будаж шунхадсан дэлгүүрүүд, Улаанбаатарын эргэн тойрны уулсын ам хөндийг бүхлээр нь өсчилж хашаа, тороор тусгаарлаж барьсан “овчарка” нохойтой давхар давхар “хаус”-уудыг эс тооцвол!/ бүтээн байгуулалтын идэвхийг сэргээж, ариун цагаан хөдөлмөр бүтээлийн цагаа олсон том үсрэлт болж нийгмийн ухамсар, сэтгэл зүйг эерэгээр өөрчлөв.
2. Хүний амьдралыг урагш нь хүчирхэгээр түрдэг, өөд нь хүчирхэгээр татдаг чухал юм бол зорилго юм. Хүний зорилго хичнээн аугаа их байх тусам хүнд амьдрал нь төчнөөн сонирхолтой, гүн гүнзгий утга агуулгатай, эрчимт тэмцэлтэй болж, зорилгодоо хүрсэн сар, жил, үе шат бүхнээсээ омог бах, сэтгэлийн жаргал хүртдэг. Хувь хүнд ч тэр, улс үндэстэнд ч тэр энэхүү хэв хууль /бичигдээгүй хууль/, “бичигдсэн хууль”-аасаа илүү хүчтэй үйлчилдэг зүй тогтолтой нь илт ажиглагддаг.
Ерөнхийлөгч Н.Энхбаяо олон жил цээжиндээ үгтээж явсан бодлоо хэрэгжүүлэхээр 2008 онд Монголынхоо “толгой цохьдог” эрдэмтэд мэргэдийг нэгэтгэн ажиллуулж “Монголын нийгмийн хөгжлийнцогц бодлого”-ыг боловсруулж хэлэлцүүлэв. “Гурвал 15-ын бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2021 онд хүний амьдралын чанар, түвшин, үнэлэмжээрээ дэлхийн дундаж хөгжилтэй эдийн засагтай орнуудтай зэргэцэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн минь одоогийнхоосоо 10 дахин нэмэгдэх юм.
“Цогц бодлого” монголчуудын амьдралыг тодорхой зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөр зүтгэлээ зориулах ирээдүйтэй, амьдрал ахуйнхаа хэтийн түвшинийг болон дүр төрхийг бодтой харах хөгжлийн “толь”-той болголоо. Улс орны ирээдүйн хөгжил одоо зөвхөн ард иргэдийн хувийн идэвхи, хөдөлмөрийн бүтээмж, ухамсар оюуны хувь хандивын хэмжээнээс шалтгаалах болсон нь хүн тус бүрийн хариуцлага болж үлдлээ.
“Цогц бодлого”-оо ард түмэн ч “Монгол тэмүүлэл” гэж нэрлэн, “Бид амьдрахад урам зоригтой тэмцэх зорилготой боллоо!” гэж халуун дотноор хүлээн авлаа. Зорилго цаашаа гүнзгийрэн үргэлжлэнэ. Монгол хүн XXIзуунд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй АНУ, Хятад, Англи, Франц орны иргэдээс дор хаяж зуу дахин илүү аугаа бүтээлч, зорилго тэмүүлэлтэй амьдарч байж сая Монголоо дэлхийн бахархал орон болгон хөгжүүлж чадна. Монгол морины туурай хүрсэн нутаг усанд ч, хүрээгүй газар оронд ч XXI зууны монгол оюун ухааны оньс, үг, шинэ сонгодог бүтэц загварын техник-технологийн бүтээлүүд хүрэх “Тэнгэрийн цаг” давтагдана гэж мөрөөддөг. Мөрөөдөл минь энэ зуунд магад биелнэ гэж итгэдэг. “Үндэсний хөгжилийн цогц бодлого” –ын хэрэгжилт, түүний тасралтгүй үргэлжлэл, давтамж нь монгол хүн амьдралаас аз жаргал эрэх, амьдралынхаа утга агуулгыг тодорхойлох тулгуур үзэл санааны философи баримт бичиг байх болно.
3.Би бараг 50 шахам жил ном зохиолын ширээ сандалыг тохой, хонгоороо хонхойлж, хэд хичнээн үзэг харандааны үзүүр, балыг цагаан цаасанд мухайлгасан сэхээнтэний хувьд улс үндэстнийхээ оюун санааны соёл, гэгээрлийг өөрт ганц олдсон амь амьдралтайгаа чацуулан санаж тархиа “захиргааддаг” тул нийгмийн хөгжлийн “тулгын чулуу”-ны хамгийн боловсрол, оюуны гэгээрлийг хөгжлийг Н.Энхбаярын байгуулсан гавъяанд чөмгөө халууцтал баярлаж алгаа ташиж суудаг хүн! Тэрбээр өнөөгийн даяаршсан дэлхийн нийтлэг ахуйн болон суурин соёл-иргэншлийн “бүтээгдэхүүн” болсон манай хотожсон, техникжсэн, компьютержсэн, интернетжсэн, зариууд нь бүүр “роботжсон” залуу үеийнхэний ухамсар сэтгэлд аврага загийн үр шиг, эсвэл, бүүр гичийн үр шиг шигдэн яргаж, жаран, зуунаар урган чоёолох нэгэн далд хүчирхэг үрийг суулгаж эхэлсэн нь монголчуудын өв зан заншил, шашин суртал, элэнц дээдсээс улбаатай язгуур монгол соёлынхоо гайхамшигт уламжлалыг шинжлэх ухаанчаар ойлгох, лавлан судлах, орчин цагийн шинэ ахуу амьдралын хэв загвартай нийцүүлэн сэргээх, цаашид төгөлдөржүүлж өвлүүлэх, эх оронч “оюун сананы аян”-ыг залуурдав.
Богд гэгээдийн тогтоосон ёс заншил, тахилга, уул овооны эзэд догшидын заллага, тавиг хүндлэл тэргүүт шүтлэгийн зан үйлээр дамжиж гэршсэн эзотерик үзэгдэл, тэнгэр эрхэс, газар дэлхийн уул ус, хүн амьтадын амьд шүтэлцээ, нууц барилдлагын далд учирыг одоогийн багачуул, залууст ухааруулах сэдэл, зоригдол бүхий ёс ёмыбн үйлийг биеэр үлгэрлэн, олон ухаалаг зөв айлдвар, зарлиг тунхагласныг лам харгүй ерөөлийн үгээр угтаж авдаг. Монгол хүн бүрийн амьдралын хэрэгцээ нь эх орноо хөгжүүлэх, бүгдээрээ аз жаргалтай, ариун сайхан амьдрахад л оршдог. Энэ хэрэгцээгээ монголчууд бид эрүүл энх урт насалж, өндөр мэдлэг боловсролтой, дэлхийд өрсөлдөж тэргүүлэх мэргэжлийн чадвар туршлагатай, бурханлаг ёс зүйтэй хөдөлмөрлөж байж л ханган. Ерөнхийлөгч Н.Энхбаярын ажил албаны цаг ч энэ хэрэгцээг хангах зорилгод дхйчлагддаг нь мэдэгддэг. Хэн нэг нь хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөхөөс үл хамааран захын жишээ дурьдахад, тэрбээр Монголынхоо ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг дэлхийн шилдэг сургуулиудын жишигт тэнцүүлэх тогтолцоог нэвирүүлэх, хүүхдийн “үдийн цай”, “нэг хүүхэд-нэг компьютер”, төсөл хэрэгжүүлэх санаачилгаа жил жилд ажил болгосоор ирснээр өнөөдөр бага ангийн 270 мянган хүүхэд “үдийн цай”-тай хичээллэж, 25 мянган хүүхэд хөөрхөн гэгчийн компьютерийн ард суугаад товчин дээгүүр нь гараа гялалзуулж дэлгэцэнд нь анхааралаа хандуулж сууна.
Монголоо хөгжүүлэх олон эх сурвалж бидэнд бурханы ивээлээр хувь заяаны хишиг болж бэлэн зэлэн байгаа ч тэдгээр хүчин зүйлс дотроос хамгийн гол нь дээд оюунлаг, бүтээлч, ариун сэтгэл юм. Хүнийг ариун сэтгэлтэй, эрүүл, хүчирхэг болгож үр бүтээлтэй, гоо сайхан амьдралд ижий аавын гар шиг хөтөлдөг гол буянтан нь хүний дотоод соёл гэгээрэл юм. Далд ухамсар, дотоод ертөнцийн соёл, гэгээрэлд нэвчээгүй монгол хүн зүгээр л хүн дүрст, хуурай газрын “матар”-нууд байх болно. Монголынхоо ижилгүй сайхан үрс хойчийг гэгээрүүлэх, амныхаа оронд ч амтай, нүднийхээ оронд ч амтай, хөл гарныхаа оронд ч амтай, ер хаанаас нь харсан ч ангас ангас хөдөлсөн амтай аймшигт “амьтад” болгохгүйн бат бөх үндэс нь хүний дотоод соёл, гэгээрэл гэдгийг Н.Энхбаяр андуугүй ухаарснаар олон сайхан буянт үйлс бүтээв. Түүний санаачлага, зүтгэлээр Шагшаам Чадагчийн сүсэгтэн монголчууд монгол нутаг орныхоо энх амгаланг одоо, хэтэд батад сахин даагч язгуурын хүчин төгс Бурхад, - Очирвань, Жанрайсиг, Майдар бурхадын хувилгаан дүрийг ариун тигээр бүтээн шүншиглэж, оройн дээд шүтээнээр залав.
Богд Чингис тэргүүт дээд удам язгуураасаа эхлээд хамаг монголчууд мянга мянган жилээр тахил тавигаа өргөн тахиж өлзий ивээл, өглөг хишигээр нь амьдарч ирсэн уул усныхаа сахиусад,- лус савдаг, шавдаг нивгадагийг баярлуулах, ард хотлынхоо сүсэг сэтгэлийг шүтэж барилдуулах арга, билиг цогцолсон эртний соёлт зан үйлээ залгаж, уул-овоо, онгод тэнгэрээ урин залах өв соёлоо сэргээлээ. Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогддог явцуухан эрх мэдлийнхээ дулдуйгаар “Монголын уран зохиолын дээж” -108 боть сүмбум, “Дэлхийн шилмэл уран зохиолын чуулган” -50 боть, “Монголын нууц товчоо” тэргүүт монгол үндэстний түүх, утга соёлын судалгааны хэрэглэгдэхүүн -30 боть,”Сонгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” -5 боть зэрэг олон ном шаштирыг өөрийн ивээл, санхүүжилтээр хэвлүүлэн хүртээсний дээр монголчуудтай нэн эртний бичиг соёлын харилцаат ази, арабын орнуудаар төрийн айлчлал хийсний нь томоохон үр дүн, - “Улсын Төв Номын Сан”-г шинээр сүндэрлүүлэх ихээхэн хэмжээний хөрөнгийг олж ирэв. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон баригдах эл номын сан – ордон нь монголчуудын оюун санааны хөгжлийн түүхэн замналын мөнх хөшөө, он цагийн уртад үл элрэх “ой санамж” болж үлдэнэ.
Монгол төрийн тэргүүн Н.Энхбаярын дэлхийн томоохон гүрнүүдээр айлчилсан төрийн айлчлал эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсний үрээр урьд өмнө зөвхөн Чингис хааны маань нэрийг л дурсдаг төдий байсан дэлхий өнөөдөр ардчилсан Монгол Улсыг уралдан сонирхдог, газрын зургаас яаран эрдэг болсон нь бодот баримт болжээ.
Би хэн нэгнийг бүргэдтэй цуг, алдарын тэнгэрт нисгэх, эсвэл, хэн нэгнийг сохор номинтой цуг газар дор оруулан адлах хоёр хязгаар хандлагаас сэтгэлээ ангид барьж амьдардаг. Хэн ч бай надад давын өмнө өрөвдөх сэтгэлийг л төрүүлдэг. Хэнийг ч бай би анд нөхөр шигээ, ах дүү, үр хүүхэд шигээ санан адилхан өрөвддөг. Өрөвдөхгүй байж болохоор, өмнөөс нь сэтгэл зовнихгүй, хөөрхийлөхгүй явж тэсэхээр тийм ширмэн “хуяг”-тай, бие, сэтгэл аль алий зовлонгүй амар жаргалтай “нирваан” хүн, тийм гэр бүл Монголд минь өнөөдөр ганц ч алга! Гаднаас нь харвал, хэдий өөр хувцас хунартай, аль нэгнээ захирсан эрх мэдэлтэй , аль нэгнээсээ илүү тансаг хэрэглээтэй, ахуй амьдралтай байлаа ч цаанаа бол цөм л адил, аанай л надтай ав адил өрөвдөлтэй, хорвоогийн болоод амьдралын хатуу бахим жамд нухлагдан арга ядаж яваа л бодогддог.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гээд ялгаагүй л биз дээ, хөөрхий минь! Сүүлийн арваад жил зарим хэвлэлээр хичнээн ч жил дайруулав даа, чааваас! Яаж тэсэж, яаж тэвчиж, улс орныхоо өмнө хүлээсэн аврага хариуцлагат албаа ийм их түүхэн гавъяат үйлстэй хашиж ирэв дээ? гэж аргагүй гайхашран бодмоор? Чингэхүй, өрөвдөхийн сацуу бахархах сэтгэл ч зэргэцэн төрөх л юм. Яагаад гэвэл, дээр товч хомсхон өгүүлсэн үнэнхүү гавъяат үйлс бүтээлийн ач тусыг хийгээд үнэ цэнийг Монгол үндэстний оршин амьдрах хугацаанд монгол хүний ой тойнд юу ч мартуулж чадахгүй, хүний ой тойнд юуг ч мартуулж чаддаг цаг хугацаа ч өөрөө мартуулж эс чадан байнга сануулсаар байх болно. Амьдралаас харахад, хэн нэг хүний ойтой юуг ч мартаж болдог юм шиг байна, харин ард түмний түүхийн ой санамж юуг ч, хэзээ ч мартдаггүй! Мартвал, “ойд төөрсөн гөрөөс” болдог.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын алба, үйлсийн олон жилийн зам мөр дагасан ерөөл, хараалын шинж чанараас дүгнэхэд, улс төрийн хүрээнд жинхэнэ хүчтэй, идэвхитэй үйл ажиллагаатай улс төрч өөртөө үнэнч хамтран зүтгэгчидийг ч төрүүлдэг, өөрийг нь үзэн ядан эсэргүүцэгчидийг хийгээд хорсогчидыг ч төрүүлдэг, харин сул, өчүүхэн улс төрч бол зөвхөн өөрийгөө аялдан дагалдагчид, инээд үл хүргэх болхи “онигоо” зохиогчидыг л төрүүлдэг гэж болохоор аж.
Үл өгүүлэн өгүүлэх нь:
Өнөөдөр Монголын ихэнхи улс төрчид ардчилалын тухай үндсэндээ буруу ойлголттой байна. Тэд ардчилалыг зөвхөн өмч хөрөнгөтэй, “мөнгөтэй хүн”-ий л эдлэх эрх, эрх чөлөө мэтээр ойлгон сурталчилдаг. Энэ бол Монгол дахь улс төр – нийгмийн сэтгэлгээний том алдаа! Энэ алдааг даруй засч, улс төрийн шинжлэх ухааныг /хэрэв тэр шинжлэх ухааны мөн чанартай бол!/ ардчилалын тухай зөв ойлголттой болох, гагц “мөнгөтэй хүн”-д хамаарах үзэгдэл бус, “мөнгөгүй хүн”-ий буюу Монголын ард иргэдийн олонхид заавал хамаарах нийгмийн үзэгдэл /Тэд заавал эдлэх ёстой эрх, эрх чөлөө/ гэж ойлгох ойлголт руу шилжүүлэх нь ардчилалыг жинхэнэ утгаар нь бүрэн бүтэн ойлгоход хүргэх чухал алхам болно.
Ардчилалыг өрөөсгөлөөр, саармаг зэрэмдэгээр ойлгож буй өнөөгийн энэ “сэтгэлгээний хомсдол”-той ойлголтыг залруулах үүрэг Монголын улс төрийн сэтгэлгээнд хурцаар тавигдаж эхэллээ. Амнаас нь гардаг үг нь л –“Ардчилал” гэдэг нэг бэлэн сул үг байдаг, бас, өөрийгөө магтан тодотгодог улиг тодотгол нь ч “Ардчилагч” гэдэг хоосон “хошгируулалт” байдаг нилээд хүмүүс ардчилалыг амныхаа алчуур, нүүрнийхээ гивлүүр болгон ашигласаар байгаад ардчилалын жинхэнэ утга чанарыг гажуудуулж, бүүр гутааж, ард иргэдийг ардчилалаас бодлоо буруулахад хүргэж орхилоо.
Тэдний ярьдаг, ойлгодог ардчилал нь жинхэнэ ардчилал огт биш, хэрэв жинхэнэ ардчилалтай улаан нүүрээрээ тулгарах юм бол цаадах нь ичиж үхмээр, үг яриа, бараа зүснээс нь нэг л огиудас нь хүрээд ум хумгүй зугатахаар олтггүй зэрэмдэг ардчилал юм. Манай аман “пулемёт” ардчилагчдын сайхан сурталчилдаг нийгмийн “ардчилсан” харилцаа бол эдийн засгийн мөн чанараараа ердөө л нийгмийн өмчийн хулгайгаар эхлээд одоо далд луйвар, мөлжлөг рүү даамжирч буй “эрүүгийн гэмт хэргийн” харилцаа юм. Энэ “ардчилсан” харилцаа арав гаруйхан жилийн дотор монголын нийгмийн амьдралын орчин ахуйг хүний ёс зүй, хүн чанарын ялзрал усталт, хувийн өмчит цөөнхийн нууц хуйвалдааны “өгөөжит” нөхцөл болгон хувиргав. Гадаад дотоодод эзэмшдэг тоонд багтах тойигүй “үл хөдлөх хөрөнгө”-тэй, хилийн чинадын “найдвартай” банкуудад байршуулсан тэрбум тэрбумын хадгаламжтай, төр засгийн эрх мэдэлтэй сүлбэлдэж, олигархижсан хуулиар хамгаалагдсан энэ “ардчилал” бол зөвхөн тэдний “хувийн” ардчилал буюу чухамдаа, монголчуудын зуугаад жилийн хөдөлмөрөө бүтээсэн нийгмийн баялгийг өөрсдийн эдийн засгийн сонирхолд зохицуулан гадаадаас хуулбарласан “үмпортын хууль”-аараа хүчирхийлэн өмчидсөн “ялгүй дээрэм”-ийн “ардчилал” юм. Энэхүү “хөрөнгөтний” ардчилал бол монголын ядуу зүдүү олонхийн /манай хүн амын 80 хувь/ хувьд гагцхүү үхэх “эрх”, үхэх “эрх чөлөө”-ний “ардчилал” гэж хэлвээс зохино.
Өнөөдөр монголын эдийн засагт ноёрхож буй хямрал, уналт, чөлөөт үнийн галзуурал, инфиляци, ажилгүйдэл, ядуурал, аж ахуйн газруудын үйл ажиллагааны дампуурал, ард иргэдийн үзэл бодлын хуваагдал зэрэг ноцтой уршигтай гажуудлыг үүдээгч харилцааг эрүүлжүүлэх ганц зам,- эдийн засгийн бодот ардчилалыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн зорилго болон тавигдах цаг үе ирлээ. үйлдвэр үйлчилгээний хэт нэмүү ашиг ологч “шулааны үнэ”-ийг /манай зах зээл дэх бараа товарын борлуулалт, үйлчилгээний үнэ хөлс яг чухамдаа шулааны чанартай байгаа!/ шинжлэх ухааны үндэслэлтэй бодот үнэнд тулгуурласан товар-мөнгөний харилцааны тогтолцоонд шилжүүлж нийгмийн баялгийн хуваарилалтын гажуудлыг зогсоох бодлого чиглэлээр нийгмийн харилцаанд эдийн засгийн шудрага ардчилалыг тогтоох нь нийгмийг бүхэлд нь хамраад байгаа хчмралаас гаргах зам мөн.
Энэ шаардлагын үүднээс өнөөдөр жинхэнэ бодот ардчилалыг /улс төрийн аахар шаахар ардчилал бус, эдийн засгийн тэгш, шудрага хуваарилттай ардчилал/ хөгжүүлж нийгмийн амьдралын эерэг үр дүнгийн хөшүүрэг болгон ажиллах ард түмний удирдагч хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болсон улс төрийн харилцаа нийгэмд үүсээд байна. Нийгэмд үзэл бодлын хагарал, зөрчил хурцадлаа. Эдийн засаг-санхүү, улс төр-эрх мэдлийн хямралдаант байдал ард иргэдийн сэтгэл зүйд ч үл итгэлцэл, үл ойлголцлын үр тарьж, хоорондын нь харилцаанд хүйтрэл, дайсагналцлын уур амьсгал нэвтрүүлж, гэр бүлд хавтгайрах хандлага ажиглагдаж байна. Улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөнийг халуун эх оронч сэтгэл, ухамсараар эерүүлэн зохицуулах, үзэл бодлын голч, алсын хараатай нийтлэг зарчимыг олж нэгэтгэж чадах чадвартай, нийгмийг системээр нь хамран даамжрах магадлалтай байгаа зөрчилдөөнийг шуурхай шийдвэрлэх “IQ”-гийн хүчирхэг өгөгдөхүүнтэй, үндэсний оюун санааны өв уламжлал хийгээд дэлхийн сонгодог сэтгэлгээ, урлаг соёлын гүн мэдлэгтэй, хэл яриа, дотоод нинж, бэлгэ билгүүний өв тэгш хөгжилтэй, гадаад түншүүдээ харилцан ашигтай хамтын ажиллагаанд татан оролцуулах бизнес гэрээ-хэлэлцээрийн дипломат арга, мэдрэмжийн арвин туршлагатай улс төрч л өнөөгийн ийм хүндрэлтэй нөхцөлд улс орноо хямралаас хохирол багатай гаргаж, хямралыг боломжинд хувиргаж чадна.
“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний үзэж буйгаар хямралыг хөгжлийн боломж болгон хувиргах хамгийн зөв “гарц” нь эдийн засгийн ардчилал тогтоох явдал юм. Эдийн засгийн ардчилал гэдэг бол ард иргэдийн хоорондох хөрөнгө чинээний ялгааг буюу баян ядуугийн хооронд үүссэн ангалыг багасгах, бүр устгах, нийгмийн баялгийн хуваарилалтыг харьцангуй тэнцвэржүүлэх үйл ажиллагаа юм. Эдийн засгийн ардчилал л үгүйсгэл, туйлшралын зөрчилд идэгдсэн нийгмийн сэтгэлгээнд үнэмшил, итгэлцлийн “гүүр” тавьж, хагарсныг эвлүүлж, хагацсаныг учруулж,нийгмийг эв эеэргагнаж чадах бөгөөд ард иргэдийг нэгэн үзүүрт санаа зорилгоор ирээдүйн хөгжилд урагшлуулна.
“Тулгуургүй огторгуйн цэцэг мэт
Тусгаар орших нь байж болшгүй
Угаас бие даасан оршихуй
Учир шалтгааны хамааралд харшилна!” гэж үздэг Бурханы шашны сургаал номлолоор, нийгмийн харилцааны шүтэн барилдлагыг гагцхүү эдийн засгийн ардчилал л хангаж чадна.
Эдийн засгийн ардчилалгүй дан ганц улс төрийн ардчилал бол хөл гөр нь саажиж, хэвтэрт орсон хэлэмгий доломгой өвчтөнтэй л адил! Нийгэмд эдийн засгийн ардчилал тогтоох үйл явцыг зөвхөн нийгэм-эдийн засгийн “Зүүн төв”-ийн онол, баримтлалтай улс төрийн хүчин, тийм онол үзлээр нийгмийг ардчилах жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч л гүйцэлдүүлж чадна.
Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг бол, юуны өмнө, ардаа ачилдаг, хамгаалдаг, ард иргэдийнхээ ахуу амьдралыг бүрэн мэддэг, амьдралыг нь бодтой дээшлүүлдэг, гадагшаа бус дотогшоо ширтдэг нүдтэй, хилээсээ цаашаа бус хилээсээ наашаа “урсдаг” бодол сэтгэлгээтэй, ардынхаа амьдралаар амьдралынхаа жаргалыг гүйцээж тэднийхээ амьдралыг өөрөө дэлхий шиг тойрон эргэлддэг Ерөнхийлөгч юм.
2009 оны 05 дугаар сар
Хүн чулууны хонхор
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос